Багшийн хариуцлагагүйгээс 16 настай хүү амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Багшийн хариуцлагагүйгээс 16 настай хүү амиа алджээ

Сургуулийн орчинд хүүхэд хамгааллын асуудал яаж зөрчигдөж байна вэ гэдэг асуулт олон эцэг эхэд хаалттай байдаг. Хүүхдийн эрхийн зөрчилд нөлөөлж буй олон хүчин зүйлийн нэг бол сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын асуудал гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Хүүхэд хамгаалал гэдэг нь хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах явдлын улмаас учрах хор хөнөөллөөс нийгмийн бүхий л орчин хамгаалах явдлыг хэлнэ.

Нэг үеээ бодвол хүүхэд хамгааллын талаар багагүй өөрчлөлт орсон.  Сургуулийн орчин нь материаллаг болон нийгмийн орчноос бүрдэх бөгөөд энэ нь хүүхэд бүр сурч боловсроход таатай, аюулгүй,  хүүхдэд ээлтэй, хүчирхийлэлгүй орчин байх ёстой байдаг. 2006 оны Боловсролын хуулинд нэмэлт өөрчлөлтөөр “сурах орчинд” материаллаг эд зүйлсээс гадна багш- суралцагч, суралцагч-суралцагчийн хоорондын харилцааг зохистой ээлтэй байхыг тайлбарлаж тусгаж өгснөөрөө  энэ хууль нэлээн ач холбогдолтой болсон аж. Энэ хуулийн дараагаар Боловсролын орчин дахь харилцааг зохицуулахаар “ЕБС, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм”, Багшлах эрхийг олгох, хасах тухай журам” гарсан хэдий ч бодит байдал дээр хэрэгжиж байгаа эсэхэд эргэлзэх хүн олон байгаа байх.  Хүүхдийн төлөө төвийг эс тооцвол улсын хэмжээнд төрийн үйлчилгээний хүүхэд хамгаалдаг газар байдаггүй. Хувийн хэвшлийн болон төрийн хүүхэд хамгааллын төв ердөө л дөрөв байдаг.

Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний байгууллагад зөвхөн 2011 онд сургуулийн орчинд гарсан хүүхдийн эрхийн зөрчлийн асуудлаар нийт 16 кейс /гомдол, санал хүсэлт/ иржээ. Ганцхан жишээ дурьдахад, өнгөрсөн 2011 оны арванхоёрдугаар  сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 92 дугаар сургуулийн 11 анги буюу  төгсөх ангийн сурагчдын асуудлыг хэлэлцэх багш нарын зөвлөгөөний хурал 19.00 цагт эхэлж, 22.00 цаг өнгөрөөж тарсан тэр өдөр Б.О гэх хүү гэртээ ирээгүй. Ар гэрийхэн болон цагдаагийн байгууллагад хандсан боловч “Өдий насны хүүхэд алга болохгүй, компьютер тоглоомын газар эсвэл найз нөхөдтэйгээ яваа байх” гээд анхаараагүй аж. Ар гэрийхэн нь олон хоног хайсан боловч сураггүй байсаар. Харин алга болсон өдрөөс хойш  33 хоногийн дараа Баянзүрх дүүргийн цагдаагийн газар өөр шалтгаанаар Туул, Богд уулыг самнаж байхдаа хүүгийн цогцсыг Туулын бургас дундаас цогцосыг нь олжээ. Сурагчийг алга болсныг сургуулийн захиргаа 10 гаруй хоногийн дараа мэдсэн байна.  Хэрэв сургууль нь сурагчдынхаа аюулгүй байдлыг бодолцож, арга хэмжээ зохиосон бол хүү өдийд амьд сэрүүн байж болох байсан байх.

Уг нь “Боловсролын тухай хуулийн 5.1.5. нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий сургалт зохион байгуулахыг хориглоно” гэсэн хуулийн заалт цагаан дээр хараар бичээстэй байгаа. Тодоос тод бичээстэй байгаа хуулийн сургуулийн удирдлага болон багш нар нь мэддэггүй эсвэл мэдсэн ч тоодоггүй бололтой. Дээрх жишээнээс харахад энэ хууль нь  хүүхдэд ээлгүй дүрэм журам ч юм шиг.  Мөн сургуулийн дотоод журамд хүүхэдтэй холбоотой аливаа арга хэмжээг 19.00 цагаас өмнө байх ёстой гэсэн ийм дүрэм байдаг аж. Уг нь дагаж, мөрдөх гэж дүрэм журам байдагсан.

16 кейсийн 12 нь сургуулийн удирдлага болон багш нарын зүгээс хүүхдийг хэл амаар доромжлох, сэтгэл санааны дарамт үзүүлсэн гомдол баримтууд иржээ.  Хүүхэд хамгааллын байгуулагад ирсэн гомдлыг эхний ээлжинд үнэн худлыг нь тодруулж, дараагийн шатанд сургуулийн удирдлагатай уулзан гарсан зөрчлийн талаар тодураалдаг юм байна. Харин зөрчлөө яаж арилгах тал дээр анхаарахаас илүү  “Танай байгуулагад энэ асуудлыг ямар хүүхэд хэлсэн, хэний эцэг эх хэлсэн бэ” гэх асуултад хариулт авахыг илүүд үздэг. Сургууль өөрөө хүүхдийн аюулгүй, таатай орчинд сургах нөхцлийг бүрдүүлдэг байгууллага. Гэтэл гомдол бүрийг судлаад үзэхэд сургууль дээр гарсан зөрчлөө яаж арилгах талаар ерөөсөө анхаарлаа хандуулдаггүй нь ирсэн гомдлуудыг судлахад ажиглагдаж байсан гэдгийг Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах төвийнхөн хэлж байлаа. Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах төвийн гүйцэтгэх захирал У.Пагма “Сургуулийн удирдлагууд хүүхэд яагаад, юунаас болж ийм байдалд орсон гэхээсээ илүү хэн энэ бүгдийг хэлээд явж байгааг сонирхдог. Мэдээж хүүхдэд нь сургуулийн буруугаас болж ямар нэг зүйл тохиолдоход эцэг нь гомдол гаргах бүрэн эрхийнхээ дагуу гомдол, санал хүсэлтээ илэрхийлэх нь зүйтэй. Нэг жишээ дурьдахад,  нэгэн охины сургуулийн багш хичээлдээ согтуу ирж ангийнх нь хүүхдийг зодоход охин энэ тухай хүүхдийн утсанд мэдээлж. Харин ангийн багш нь сурагчдаа хамгаалахын оронд мэдээлсэн хүүхдийг гаргаж өг гэж ангийнхаа сурагчдыг дарамтлан, охины ар гэрийнхнийг ч бас хүүхдээ өөр сургууль руу шилжүүл гэж дарамталсан  байсан. Энэ мэт олон жишээнээс харахад сургуулийн удирдлага, багш нар сурагчиддаа анхаарахаас илүү өөрсдөдөө анхаардаг нь харагддаг” гэж хэлж байсан.

Хоёр дүүргийн ахлах ангийн хүүхдүүдийн 55 хувь нь  сургуулийн орчинд багш болон удирлагуудын дарамтанд өртсөн гэж хариулсан судалгаа байна.  Энэ бол зөвхөн хоёр дүүргийн сурагчдаас авсан судалгаа. Цаашид нийслэлийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас ийм судалгаа авбал ямар тоо гарч ирэх ньтодорхой байх биз.  Мөн дээрхи хоёр дүүргээс авсан судалгаанд хамрагдсан сурагчдын 70 хувь нь  ялгаварлан гадуурхалтын аль нэг хэлбэрт өртөж байжээ. Сургуулийн орчинд хүүхдүүдийг чимхэх, түлхэх, үг  хэлээр доромжлох, бодитой бус үнэлгээгээр  дүгнэх, эцэг эхийн ажлын газар албан тушаалаар нь ялгаварлан гадуурх зэрэг ёс зүйгүй зүйлс түгээмэл болсон нь олон судалгаанаас харагддаг.

Бас нэг жишээг дурьдахад,  Багш нэг сурагчаас “Эцэг эх хоёр чинь юу хийдэг вэ” гэхэд сурагч “Аав сантехнигч, ээж үйлчлэгч хийдэг гэж хариулахад” сантехникч үйлчлэгч хоёрын дундаас гарсан хүүхэд өөрөө  юу болох вэ гэсэн асуултыг нийт сурагчиддаа тавьсан байна. Энэ бол өнөөгийн багш нарын гаргадаг нийтлэг алдааны нэг гэдгийг ч сурагчид хэлдэг. Хэдийгээр ийм зүйл тохиолддог ч багш, байгууллагаас өөрт нь ямар нэг дарамт ирэх вий гэсэн шахалтаас айж сурагчид тэр бүр гомдол гаргаад байдаггүй юм байна.  Хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг гэх үг бий тэгэхээр бид ирээдүй хойч үеэ хамгаалж, зөв хүн болгон хүмүүжүүлэхэд хамгийн их нөлөө үзүүлэх зарим сурган хүмүүжүүлэгч буюу багш нар үнэн төрх нэг иймэрхүү л байна даа. 

Б.Намуунхур
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж