Умайн хорт хавдрын эсрэг вакцинд хамруулна

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Умайн хорт хавдрын эсрэг вакцинд хамруулна

Найзын маань ээж хавдраар өвчилсөн гэдэг мэдээг гэрийнхэнд нь ч өөрт нь ч хүнд цохилт болов. Аав нь дуугаа хураан, харин ээж нь өвчнийхөө оношийг сонссоноос хойш гүн бодолд дарагдах болсон байна. Магадгүй олон хүнд  “хавдар туссан” гэх мэдээ айдас төрүүлж, сэтгэлийг нь түгшээдэг биз. Харин эмч нарын хэлснээр хавдрыг эрт үед нь оношилбол эдгэх боломжтой өвчин гэсэн. Мөн бясалгал, сэтгэл засал гээд эмгүй эмчилгээний өчнөөн арга гарч, энэ өвчинг ялан дийлсэн талаар ч хүмүүс ярих болж.  Хорт хавдраас сэргийлэх, хянах олон улсын холбооны санаачлагаар жил бүрийн хоёрдугаар сарын 4-нийг дэлхий нийтээр “Хавдрын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Тиймээс Монгол Улс хорт хавдраас сэргийлэх, хянах олон улсын холбооны санаачилсан үзэл баримтлалыг дэмжиж, Хорт хавдрын асуудалд анхаарал хандуу­лах дэлхийн өдрийг 2007 оноос эхлэн тэмдэглэж байна. Энэ жил “Хавдрыг хамтдаа бууруулж чадна” уриан дор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд нэг жилийн хугацаатай “Хавдрын эсрэг үндэсний аян-2012”-ыг орон даяар өрнүүлэхээр болжээ.

Дэлхийд хорт хавдрын улмаас жилд 10 сая хүн нас бардаг гэнэ. Хэрвээ улс орнууд үүнд анхаарлаа хандуулж, зохих арга хэмжээг авахгүй бол дараагийн 10 жилд 84 сая хүн хорт хавдрын улмаас нас барна гэж ДЭМБ тооцоолжээ. Харамсалтай нь, эдгээрийн 70 хувь нь хорт хавдрыг урьдчилан сэргийлж, эрт илрүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлдэггүй ядуу  улс оронд тохиолддог аж. Эрэгтэйчүүд уушиг, ходоодны хавдраар, эмэгтэйчүүд хөх, умайн хүзүүний хавдраар зонхилон өвчилдөг. Монгол Улсад хорт хавдрын өвчлөл өсөн нэмэгдэж зүрх судасны өвчний дараа хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болж байна. 2000 онд 100,000 хүн амд ногдох хорт хавдрын өвчлөл 289.7, нас баралт 92.3 байсан бол  арван жилийн дараа 418.3 ба 114 болж өсөв. 2004 онд хорт хавдар өвчний шинэ тохиолдол 3381 тохиолдож байсан бол дөрвөн жилийн дараа 4267 бүртгэгдэж жилд тохиолдох хорт хавдрын тоо 21 хувиар өсчээ. Хорт хавдар нь ажил амьдралын туршлага сууж, ид хөдөлмөрлөх 40-55 насныханд илүү тохиолдож байгаа юм.  Эрэгтэйчүүдийн дотор тохиолдож байгаа нийт хавдрын 40.2 хувь нь элэг, 19.2 хувь нь ходоод, 13 хувь нь уушигны хавдар бол эмэгтэйчүүдийн дотор тохиолдож байгаа хавдрын 32.1 хувь нь элэгний, 19.6 хувь нь умайн хүзүү, 10.7 хувь нь ходоодны хавдар эзэлж байна. Шинээр оношлогдож байгаа хорт хавдрын 73-80 хувь нь эмчлэгдэх боломжгүй III, IV үедээ хожуу оношлогдон тэдгээрийн 60 гаруй хувь нь нэг жил хүрэхгүй хугацаанд нас бардаг байна.  Түүнчлэн Монголын эмэгтэйчүүд умайн хүзүүний, хөхний хорт хавдараар өвчлөх нь эрс нэмэгдсэн аж. Өнөөдөр дэлхий дахинд жил бүр 500,000 орчим хүн умайн хүзүүний хорт хавдраар шинээр өвчилж тэдгээрийн талаас илүү хувь буюу 274000 хүн нас барж байна гэсэн судалгаа байдаг. Харин Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдраар жил бүр 300-400 эмэгтэй өвчилж байгаа бөгөөд тэдгээрийн 80 гаруй нь  хувь нь II үеэс дээш хожуу үедээ оношлогдож байна. Энэ нь уг өвчин хэрхэн үүсдэг, эрт илрэх шинж, эмчид эрүүл мэндээ тогтмол хянуулж байх талаарх хүн амын мэдлэг мэдлэг хангалтгүй, эмнэлгийн тусламжийн хүртээмж хангалтгүй байгаатай холбоотой гэдгийг ч ДЭМБ болон Монголын эмч мэргэжилтнүүд тодруулдаг.  Монголын мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж  Эрүүл мэндийн төслийг  дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж буй бөгөөд  үүний хүрээндцусны даралт ихсэх өвчин, тархины цус харвалт, зүрхний шигдээс, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин, умайн хүзүүний болон хөхний хорт хавдар, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлж, эмчлэх цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Төсөл нь халдварт бус өвчин, осол гэмтлээс шалтгаалсан нас баралтыг бууруулж, хүн амын эрүүл дундаж наслалтыг уртасгах, амьдралын чанарыг сайжруулах зорилттойгоор нийт 21 аймаг, есөн дүүрэгт хэрэгжиж, насанд хүрэгчдийн 95 хувьд нь хүрч үйлчлэхийг зорьж байгаа юм. 2008-2013 он хүртэл үргэлжлэх төслийн нийт санхүүжилт 19 сая ам.доллар байсныг нь Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон  холбогдох хүмүүстуй уулзаж ярилцсаны хүчинд 37 сая ам.доллар болгосон гэдгийг Хавдар судлалын үндэсний төвийнхэн ярьж байна лээ. Дээрх төслийн хүрээнд умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлж, эмчилгээ хийлгэснээр бүрэн эдгэрэх боломжтой шүү гэдгийг хүмүүст ойлгуулах ажлыг эхлүүлээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, аймаг сум, дүүргийн эмэгтэйчүүдийг өнгөрсөн жилийн сүүлээр DNH-ын шинжилгээ судалгаанд хамруулсан бөгөөд  нийт эмэгтэйчүүдийн 36,7 хувьд умайн хүзүүний хорт хавдрын вирус илэрсэн. Тэр дундаа, 25-аас доош насныхны өвчлөл хамгийн их буюу 48,5 хувьтай  гарсан нь эмч мэргэжилтнүүдийг сэтгэлийг түгшээж байгаа аж. Тэгэхээр эмэгтэйчүүд маань умайн хүзүүний хорт хавдрын хувьд гол үүсгэгч болсон хүний папилома вирусээс хамгаалах вакцинжуулалтад хамрагдах, пап тестээр эрт илрүүлэх, мөн хавдрын эхэн үе шатанд эмчлүүлэх, эрүүл мэндийн мэдлэгээ дээшлүүлснээр энэ өвчнөөс эмэгтэйчүүдээ хамгаалах бүрэн боломжтой юм гэнэ.  ММСС-ийн Эрүүл мэндийн төсөл  нь Америкийн Gardasil Access program буюу Gardasil вакцин үнэ төлбөргүй хандивладаг хөтөлбөрт хамрагдах эрх авсан байна. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартыг бүрэн хангасан вакцин юм. Ямар нэгэн хор нөлөөлөл үзүүлнэ гэж айлтгүй гэдгийг ч мэргэжилтнүүд сануулсан. Дэд сайд Ж.Цолмонгийн хэлснээр эхний ээлжинд 11-15 насны охидыг гурван тунт вакцинаар үнэ төлбөргүй дархлаажуулах гэсэн. Энэ нь ирээдүйн ээжүүдээ чимээгүй тах­лаас хамгаалж, айл өрхийн баяр баясгалан, аз жаргалтай, элэг бү­тэн амьдралынх нь баталгааг бий болгож, улс орны эдийн засагт ч асар их хувь нэмэр оруулах ажил гэж дэ сайд онцолсон.  Ирэх сараас эхлэн, Сэлэнгэ, Өмнөговь аймаг болон нийс­лэлийн Баянгол, Багануур дүүргийн 11-15 настай охидыг сонгон эхний ээлжинд дархлаажуулах юм байна. Судалгаагаар, умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл өндөртэйд тооцогдож байгаа бүс нутгийг сонгож авсан энэ гэнэ. Вакцин ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй. Найрлагад нь орсон аль нэг бодисноос харшилтай болон эсрэг заалттай хүнд хийхгүй юм байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж