Дотоодийн сүлжээ хурдтай болж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Дотоодийн сүлжээ хурдтай болж байна

Интернетийн хурд 10-100 дахин нэмэгдэнэ гэвэл танд ямар сонсог­дож байна. Гэхдээ энэ мөрөөдөл биш. Хоёр жилийн өмнөөс хэрэг­жүүлсэн ажил бодит ажил хэрэг бо­лоод Монгол Улс дотоодын сүл­жээтэй боллоо. 2010 оноос  Мэдээ­лэл, шуудан, харилцаа холбоо, техно­логийн газраас хэрэгжүүлж эхэлсэн “Интернэтийн харилцан холболтын төвийг шинэчлэх” төслийн хүрээнд энэ боломж нээгдсэн юм.

Интернетийн харилцан хол­бол­тын төв өмнө нь Монголд огт байгаагүй гэвэл үгүй. 2001 онд “Инфокон” ХХК санаачлан эхлүүлсэн боловч зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байсан тул үйл ажиллагаа нь бүрэн зогссон юм. Удалгүй 2002 оноос “OPEN MIX” компанийг “Монголын цахилгаан холбоо” компанийг түшиглэн байгуулж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Тухайн үедээ 10-100 мегабит сек холболттойгоор хийж байсан гэдэг. Угтаа саяхан болтол бид ийм хурдаар л дотоодын контентыг уншиж байсан хэрэг. Басхүү нэгэн асуудал байсан нь интернетийн тасалдал. Харин харилцан холболтын төвийн шинэчлэлтийг хийснээр Урд болон хойд хөршөөс ирж байгаа интернэтийн гадаад урсгал тасарсан үед ч дотоодын интернэтийн урсгал тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломжтой болж байна гэж ойлгож болно. Интернэтийн дотоод урсгалыг гадаад урсгалаас ангилах боломжийг бий болгосон нь мэдээллийн аюулгүй, найдвартай байдалд чухал нөлөөг үзүүлэх юм. Тухайлбал, урьд нь дотоодын сервер дээрх аливаа мэдээллийг хэрэглэгч үзэх  үед тухайн мэдээлэл заавал гадаад урсгалаар дамжин гардаг байсан бол одоо зөвхөн дотоод урсгалаараа дамжин мэдээлэл алдагдахгүй, хурдан шуурхай дамжих нөхцөл бүрдсэн байна. Харилцан холболтын төвийг Үндэсний дата төв хариуцан ажиллуулах ажээ. Тиймээс ямар нэгэн доголдол үүсвэл хариуцах эзэнтэй гэж ойлгож болно.

Монгол Улсад хамгийн их зохицоно гэж үзэн Харилцан холболтын Нексус 7000 загварыг ашиглахаар болсон байна.  Уг төхөөрөмж нь 1 болон 10 гега­байтын нийт 224 сүлжээний модультай бөгөөд түүнд холбогдсон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн тоног төхөөрөмжүүд нэгдсэн цагийн системд орж, аливаа гэмтэл саатал, доголдлын үед түргэн шуурхай арга хэмжээ авах үзүүлэлттэй юм. Уг төхөөрөмжийн тусламжтайгаар  бүх интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид төдийгүй контент үйлдвэрлэгчид, тоон телевизийн үйлчилгээ эрхлэгчдийг уг төвтэй холбох бололцоотой болох ажээ.  Шинэчилсэн интернэтийн холболтод холбогдсон 1 үйлчилгээ үзүүлэгчид ноогдох хурд 10-100 дахин нэмэгдэж, 1Gbps, 10Gbps болох боломжтой байна. Ингэснээр Монгол Улсын интернэтийн дотоод урсгалын хурд хязгаарлалтгүй болж, дотоодын сайтуудын хэрэглэгчид өндөр хурдаар холбогдох боломж бүрдэж байна. Хамгийн гол нь интернетийн холболтыг сайжруулсанаар тухайн хэрэглэгч зөвхөн МИХХ-д холбогдсон интернэтийн үйлчилгээ эрхлэгч компанийг сонгон хэрэглэнэ. Угтаа Монголд байрлалтай вэб болон серверүүд рүү хандахад хэрэглэгчдийн ашиглаж байгаа технологиос үл хамааран хурдны хувьд өндөр үр дүнг үзүүлж эхлэх юм.

Уг төслийн тендерийн шалгаруу­лалтыг 2009 оны аравдугаар сарын 26-ны өдөр зарласан бөгөөд нээлттэй шалгаруулалтын дүнд дотоодын болон гадаад мэргэжилтнүүд хамтран судалгааны ажлыг хийсэн байна.  Гэхдээ цахим орчин дахь хууль, эрх зүйн орчин болоод кибер аюулгүй байдлын тухай бид мартаж болохгүй. Тиймээс илүү хариуцлага биднийг хүлээж байна. “Манай улсыг далайд гарсан жижиг завьтай далайчин гэж үзвэл биднийг тойроод аврага том акулууд байна. Үүнээс яаж амь мултрах вэ гэдэг том асуудал. Хамгийн түрүүнд томоохон сайтуудын болон төрийн байгууллагуудын удирдлагуудад энэ талаар ойлгуулах хэрэгтэй” гэж доктор, профессор Д.Халтар ярьж байсан юм. Харин хариуцсан байгууллагын зүгээс дараах хариултыг өгч байлаа. “Ирэх 2012 он гэхэд 330 гаруй сум шилэн кабельд холбогдоно. Харин үүнээс өмнө интернетийн хурд болоод багтаамжийг нэмэгдүүлэх. Ялангуяа тасралтгүй байлгах шаардлагатай болж байгаа. Бас нэг асуудал гэвэл интернетийн үнийг хямдруулах юм. Бид интернетийн үнийг хямдруулах боломжийг судалж байна” гэж Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ ярьж байсан юм.

Хэдийгээр Монгол Улсад шинэчлэлтийн асуудлыг хэдэн жилийн өмнөөс хэрэгжүүлж болох байсан ч хүний нөөцийн хүрэлцээ муугаас ийнхүү өнөөдөр хэрэгжиж байна. Ямар ч байсан бид дотоодын контентийг илүү хурдтайгаар хүлээж авахаар боллоо. Гэхдээ хариуцлага болоод аюулгүй байдлын тогтолцоо сул байгааг мартаж болохгүй.

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж