Үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр байна, гэвч

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр байна, гэвч

Монгол Улсын Засгийн газраас жил бүр цагаан сарын өмнө уламжлал болгон зохион байгуулдаг “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо” төвд болох аж. Нодлин жилийн үзэсгэлэнгийн нээлтэд улаан тууз хайчилсан Ерөнхий сайд маань үзэсгэлэнгээ үзэж байхдаа “Монголд үйлдвэрлэв” гэсэн нэгэн бүтээлийг ихэд сонирхон гайхаж билээ. Тэр бүтээлийг нь жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Ц.Ням-Осор гуай ч гайхалтай сайхан магтаж, энэ бүтээлийг өмнө нь гадаадад захиалгаар хийлгэдэг байлаа. Харин одоо бид “Монголдоо үйлдвэрлэв” гэж байсан санагдана. Хоёр эрхмийн гайхаад магтаад байсан бүтээл нь пицца болон бялууны цаасан хайрцаг. Би зурагтаар бизнес мэдээ нэртэй реклам энэ тэр үзээд тархиа “угаалгаад” байдаг нэгэн биш л дээ. Харин саяхан хэд хоногийн өмнөөс л зурагтаар хэрвээ та Монголдоо хайртай, үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмждэг бол гээд л сурталчлаад байдаг реклам анхаарал татлаа. Би эх орондоо хайртай бас үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмждэг учраас бас тэтгэвэрт гарсан аав ээж хоёрынхоо захиалгаар цагаан сарын бэлэг сонгохоор Мишээл төвийг зорилоо. Цагаан сарын өмнө болдог болоод ч тэр үү эсвэл зориуд ийм цаг хугацааг ч сонгодог болоод ч тэр үү хүн гэж пиг. Хүн ингэж дүүрэх болсон шалтгаан нь нөгөө л тархиа “угаалгаад” рекламууд…

-Та үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмждэг бол
-Та дотны хүндээ цагаан сарын бэлгээ сонгоогүй бол
-Та сар шинийнхээ хүнсийг цуглуулж амжаагүй бол
-Та баярынхаа гоёлыг бэлтгээгүй бол
-Та эх орондоо хайртай бол гэсэн рекламнууд сонин, телевиз, гудамжаар дүүрэн. Энэ жил ч цагаан сарын бэлгээ Эрээний бараагаар бус үндэснийхээ үйлдвэрлэлийн бараагаар бэлэг бэлтгэнэ дээ гэсэн бодол минь сүржин рекламтай үзэсгэлэнд ирэнгүүтээ хийсч одлоо. Хүнд бэлэг болгоод өгчих “Монголд үйлдвэрлэв” гэсэн барааг жагсаавал: оймс 6000-8000 мянган төгрөг, түлхүүрийн оосор 3000-8000 төгрөг, арьсан түрийвч 6000-20.000 төгрөг, ноолууран ороолт малгай 15.000-25.000 төгрөг, ноолууран цамц 40.000-150.000 төгрөг, элдэв жаазтай уран зургууд 40.000-120.000 төгрөг, зэс болон мөнгөн аяганууд 25.000-250.000 төгрөг. Тэтгэврийн хоёр маань “Монголд үйлдвэрлэв” гэсэн бараагаар ах дүү нартаа бэлэг бэлтгэх юм бол энэ жилдээ л өрнөөс гарахгүй гэдгийг нь мэдээд Нарантуул зах руу явах унаа хайлаа…

А.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж