Бензин, шатахууны хомсдол хийгээд үнийн асуудал монголчуудын хувьд байнгын хүнд асуудал байсаар ирсэн. Газар зүйн байрлалаараа ч мөнхийн хоёрхон хөрштэй монголчууд нефтийн хямралд байнга л нэрвүүлж байдаг. ОХУ нефтийн бүтээгдэхүүнийн экспортдоо хориг тавих буюу дэлхийн зах зээлд үнэ өсөх болгонд Монголд нефтийн хямрал болдог.
Хэдийгээр өргөн хэрэглээний барааны суурь үнэд нөлөөлдөг шатахууны үнийг тогтортой байлгахын тулд төр засаг нь, импортлогчид ч чармайж байгаа ч хүндрэлтэй асуудлууд тулгарсаар байгаа аж. Үүнийг судлаачид зөвхөн үнийн хямрал бус тогтолцооны хямралын хэмжээнд хүрсэн асуудлыг цогцоор нь ёстой гэж томьёолж байгаа юм. Тэгвэл яавал бид нефтийн хямралаасаа ангижрах боломжтой вэ. Яг энэ асуудлаар судлаач, мэргэжилтнүүд хэлэлцүүлгийн үеэр шүүн ярилцлаа. Үүнд нефтийн нөөцийг бий болгох, хараат бус байдлаас гарах, дотооддоо газрын тосны эрэл хайгуулаа үргэлжүүлэн, нефть боловсруулах үйлдвэртэй болох гэх мэтчилэн олон чухал саналууд яригдаж байсан. Монголчуудын хамгийн хурц асуудал болоод шатахуун тойрсон халуун хэлэлцүүлэг үүгээр өндөрлөхгүй. Ирэх гуравдугаар сарын 5,6-нд болох Монголын эдийн засгийн форумын бас нэгэн чухал сэдэв байх юм. Тиймээс энэ сэдвээр иргэд олон нийт, эрдэмтэн судлаачид бүгд санал бодлоо илэрхийлж, хямралаас гарах гарцыг хамтдаа илэрхийлэхийг уриалж байгаа аж. Ингээд форумын зүгээс гуравдугаар сарын 5-ны хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нээлттэй хэлэлцүүлэг явуулахаар боллоо. Иргэн та ч гэсэн хэвлэл мэдээллээр явуулах энэхүү нээлттэй хэлэлцүүлэгт оролцож, санал бодлоо илэрхийлэх боломжтой юм байна шүү.