Алслагдсан дүүрэгт малын тэжээлийн үйлдвэр байгуулахад туслахыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Алслагдсан дүүрэгт малын тэжээлийн үйлдвэр байгуулахад туслахыг хүсчээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Х.Гэрэлмаа нар, ногоо тэгширсэн урин дулааны цагт Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярыг гэртээ зочлохыг урьжээ. Тэрбээр уулын энгэрийн хад ухаж, шороо зөөн хөрсжүүлэн мод бут, зүлэг, ногоо тарьсан байна. Хотын мээр  түүний урилгыг хүлээн авч гэрт нь очихоо амлан “Иргэд маань ингэж өөрийн санаачлагаар гэр хашаагаа тохижуулж, цаашлаад гудамжаа, хороогоо, хотоо ногоон болгох, бусдад өөрийн сурснаа заая гэсэн бүтээлч санаачлага гаргаж байгаад маш их талархаж байна. Ийм санаачлагыг бид 100 хувь дэмжинэ” гэсэн байна.  
Х.Гэрэлмаагийн нэгэн адил гэр хороололд орон сууцнаас дутахгүй амьдарч болох жишээг харуулсан 300 гаруй иргэн нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн ассоциацид гишүүнээр элсчээ. Өнгөрсөн жил гэхэд л тус ТББ-ын гишүүд хүнсний ногоогоо борлуулж 270 сая төгрөгийн орлого олсон байна. Ассоциацийнхан  өнгөрсөн онд Улаанбаатарт 20 мянган мод тарьсны 6000 нь жимсний мод ажээ. Сэлбэ голыг хамгаалах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны 80 өрхөд болон Архустайн зуслангийн орчимд 3000 мод тарьсан бөгөөд 2010 онд ч энэ ажлаа үргэлжлүүлэх юм байна.  Мөн есөн дүүрэгт агро парк байгуулах, хүлэмжийн аж ахуй эрхлэх боломж, бололцоо байгаагийн дээр бэлэн болгосон төслүүдэд нь хөрөнгө мөнгө хэрэгтэй байгааг ассоциацийн тэргүүн хотын даргад  дуулгаж байлаа. Мөн  нийслэлийн захын дүүргүүдэд малын бэлчээр хомс тул тэжэээлийн үйлдвэр барих тал дээр туслалцаа үзүүлэхийг хүссэн байна.
Хотын мээр тэднийг дэмжиж байгаагаа илэрхийлээд ерөнхий менежертээ үүрэг өгч, хүлэмж , зоорь, агро парк, газар олголтын асуудлуудыг шийдвэрлэх талаар ажиллахаа амлалаа гэж нийслэлийн  хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж