Тусгай сургуулиудыг автобустай болгоно

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Тусгай сургуулиудыг автобустай болгоно

Хүүхдийн төлөө “ЗА” гэж хэлье. За, за, за, заа… Хэдэн мянган удаа хэлсэн ч амархан үг юм. За гэж хэлснээ ажил хэрэг болгоё. Энэ л ёстой хэцүү байдаг гэнэ дээ. 

Нийслэлийн захын хорооллын сурагчид хичээлдээ явах, орой тараад харихдаа багагүй бэрхшээлийг туулж буй талаар манай сонины өмнөх дугаарын сурвалжлагуудаар хүргэсэн билээ. Үүний дараа манай улсад хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудад хандан, үүнийг шийдвэрлэхэд ямар гарц байж болох талаар ярилцсан юм. Эдгээр байгууллагууд чинь жинхэнэ утгаараа “За” гэж хэлэхийг иргэдэд уриалж, “За” гэх үгийг уриа лоозонгоо болгодог биз дээ. Тэд сурагчдын өвлийн хүйтэнд дааран, автобус хүлээдэг, харанхуйд хол явснаар хүчирхийлэлд ихээр өртөж буйг хүлээн зөвшөөрөв. Бас хамгийн ихээр тулгамдаж буй асуудал гэдгийг онцлох ч, төсөв мөнгөгүй гэдэг шалтгаанаар хойш тавьжээ. Одоо эдгээр байгууллагууд нэгэнтээ хохирсон хүүхдүүдийн гомдлыг сонсдог газар болжээ. Урьдчилан сэргийлэх талаар юм хийхээр олон сайхан санаа дэвшүүлэвч “хөрөнгө мөнгөгүй” үгийг сонсоод, “За” гээд хойш тавина. Санаачилсан ажлаа ажил хэрэг болгоё гэвч Засгийн газар, УИХ гэдэг Монголын бүхий л хэргийг “шийддэг” газраа хүрч, ажил хэрэг болтлоо хэдэн сар, жилийг өнгөрөөх нь бий гэнэ.

-Эхний ээлжинд сурагчдыг нийтийн тээврээр оюутнуудын адил үнэгүй зорчуулах асуудлыг тавимаар байна гэдэг үгийг БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын мэргэжилтнээс эхлээд хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд ярилаа.

Сурагчдыг автобусаар үнэгүй зорчуулна гэдэг сайхан мэдээ. Гэвч тэд өглөө орох хичээлдээ амжихын тулд гэрээсээ үүр дөнгөж цаймагц гарч, харанхуй гудманд нохойнд элдүүлэн, автобус хүлээн, өвлийн хүйтэнд зогсохгүй болно гэж үү. Үгүй л болов уу. Харин ч үнэгүй зорчдог иргэдийн “айдас” болсон ааш муутай кондукторын дуу улам чангарна биз. Кондукторууд оюутнуудтай ямар ширүүн харьцдагийг захын автобусанд суухад анзаарч болно. Тэдний араас бяцхан сурагчид орохыг үгүйсгэхгүй.

Тиймээс энэ асуудлыг хэрэгжүүлж болдоггүй эсэхийг асуун Хүүхдийн төлөө газар, БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газар, Хүүхэд хамгаалах үндэсний сүлжээний 11 төрийн бус байгууллагын төлөөллүүдтэй уулзлаа. Тэдэнд, 

-Эдгээр сурагчид автобусны мөнгөгүйдээ өвлийн хүйтэнд үүр гэгээрэхтэй уралдан, нойрмоглох ч эрхгүй босдог. Хэдэн цагаас буудлаасаа хөдлөх, хэдийд ирэх нь мэдэгдэхгүй автобусыг даарч бээртлээ хүлээн зогсдог. Тэдний сургууль гэрээс нь хол. Зарим нь хоёр автобус дамжин сургуульдаа хүрдэг. Хичээл нь өглөөний 08:00 цагаас эхэлдгээс түүндээ амжихын тулд харанхуйг ч үл хайхран гэрээсээ гардаг гэдгийг ойлгуулах гэж хэрэндээ тайлбарлахыг хичээв. Харамсалтай нь тэдний амнаас “Бусад орны сурагчдын нэгэн адил сургууль бүрийг автобустай болгоё гэхэд хөрөнгө мөнгө хэрэгтэй. Харин 2012 оны төсөв, төсвийн тодотгол  нэгэнтээ батлагдсан тул бүтэхгүй”  хэмээн “за гэе” эсвэл “үгүй шүү” гээд байгаа нь мэдэгдэхгүй бөөрөнхий хариултыг өглөө.

Харин өмнө нь энэ талаар цувралаар сурвалжлага хийсэн “АЭ” сониноос явааг сонсоод ч тэр үү хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулийг автобустай болгоно гэдгээ дахин хэлж байлаа. Ямартай ч таатай мэдээлэл байгаа биз. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэгчээр энэ мэтээр ахиулаад байвал…

Гадны зарим оронд сурагчид нь сургуулийнхаа тусгай автобусаар зорчсоноос хойш 100 гаруй жилийн дараа монголчууд сургуулийн анхны автобустай болох тухайгаа ярьж эхэллээ. Хожим ч гэлээ хийхээр боллоо. АНУ-ыг Монголтой харьцуулах нь амьдралаас хэтэрхий “тасархай” санагдаж магадгүй. Гэхдээ АНУ 19-р зууны сүүлчээс эхлэн дунд сургуулийн сурагчдаа тусгай автобусаар сургууль, гэрт хүргэдэг байж. Тэгвэл өнөөдөр 21-р зууны ардчилсан, иргэний эрх ашгийг тэргүүнд тавьсан гэх Монгол Улсад хүүхдүүд “авьяасаараа” сургуульдаа явж, оройн харанхуйд айдас, хүйдсийн дор гэртээ харьж байна.

УИХ-ын гишүүдийн “PR”-чид өмнөх сурвалжлагуудын дор “Манай гишүүн энэ талаар хууль санаачлаад, гүйж яваа” гэж ирээд л нэр усыг нь бичсэн харагдсан. Үнэхээр тийм бол сайн хэрэг. Гэхдээ Г.Одхүү гишүүн ээ, танд гэж хэлэхэд дараагийн сонгуулиар даам гарах боломж чинь наадах чинь юм биш үү. Оройтож ирсэн шувуудын адил богинохон хугацаа үлдсэнийг огоорч боловсруулсан хуулиа баталгаажуулбал буяны дээд буян биш үү.  Одоо гэр хорооллын хүүхдүүдийг…

Б.Ойнбилэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж