”Хууль хэрэгжүүлэгчдийн сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

”Хууль хэрэгжүүлэгчдийн сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй”

Хуучин нийгэмд бол прокурор хамгийн их эрх мэдэлтэй байсан шүү дээ. Одоо ч тийм байгаа. Тэгэхээр хуулийг сахиулж байгаа шүүгч болон прокуроруудын сэтгэлгээнд шинэчлэл хийхгүй л бол хичнээн сайхан хууль санаачлаад ч ямар ч нэмэр байхгүй, үнэгүйднэ л гэсэн үг.

Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч  Б.Пүрэвнямтай уулзаж өмгөөлөгчдийн ажлаа явуулах эрх зүйн орчин, тулгамдаад буй асуудлуудын талаар ярилцлаа.

-Манай өмгөөлөгчдийн хувьд үйлчлүүлэгчээ өмгөөлөх, ажлаа явуулахад эрх зүйн орчин хэр таатай байдаг юм бол. Ихэнх өмгөөлөгчийн ярьдгаар бол эрх зүйн хувьд таагүй, хаагдмал орчин нөхцөлд ажилладаг гэдэг шүү дээ?

– Өнөөдрийн байдлаар манай өмгөөлөгчид эрх зүйн таатай орчинд ажилаж байна уу гэвэл би үгүй гэж хэлнэ. Бид өнгөрсөн оны есдүгээр сард  анх удаагаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд өмгөөлөгч ямар эрх мэдэлтэй ажиллаж байна вэ гэдэг чиглэлээр олон улсын хурал зохион байгуулсан. Энэ олон улсын хурлаар өмгөөлөгчдийн ярьдаг, эмзэглээд байгаа бүх асуудлуудыг хөндөж ярьсан. Уг хуралд гадны зургаан улсын хуульчид ирж санал бодлоо хуваалцсан. Тэд Үндсэн хуулиндаа тусгасан сайхан зарчим нь салбарлаж байгаа хуулиуд дээрээ тэр бүр тусгалаа олоогүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Нөгөөтэйгүүр байцаан шийтгэх ажиллагаанд тусгасан өмгөөлөгчийн эрх мэдлийг өсгөж өгөх шаардлагатай гэж үзсэн бол эсрэгээрээ, яллагч тал буюу прокурорын эрх мэдэл хэтэрхий өндөр, зарим тохиолдолд хөндлөнгөөс шийдвэр гаргадаг шүүгчээсээ ч илүү эрх мэдэлтэй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ нь манай шүүх, прокурорын байгууллага социализмын чиг баримжаанаасаа одоо хүртэл салаагүй байгаагийн л нэг жишээ юм. Америкийн кинонуудад л гэхэд цагдаа сэжигтэнг хэргийн газраас баривчлахдаа “Та өмгөөлөгч авах эрхтэй, таны хэлсэн бүхэн шүүх дээр таны эсрэг мэдүүлэг болж болзошгүй” гэж эрхийг нь тайлбарлаж өгдөг шүү дээ. Энэ бол маш том, зөв хууль зүйн харилцаа. Манайд ч бас тэгж тайлбарлаж өгөх ёстой.  Мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч бол өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь тайлбарлаж өгөх үүрэгтэй. Харамсалтай нь, энэ зүйл заалт яг агуулгаараа хэрэгжиж өгөхгүй байна. Тэр нь юутай холбоотой вэ гэхээр хууль хэрэгжүүлж байгаа хүмүүсийн уламжлалт сэтгэхүйтэй холбоотой. Орчин цагийн нийгмийн хөгжлөө дагаад хүний эрхийг хангах зарчимаа тулгуур болгож хандахгүй байна. Нөгөө талаас мөрдөн байцаалт явуулж, шалгаж байгаа хэрэг дээр мөрдөн байцаагч, прокуроруудын байнга шахуу хэрэглэдэг нэг арга барил нь эхний байцаалтыг аль болох өмгөөлөгчгүй авах сонирхолтой байдаг. Өмгөөллийн үйлчигээ аваагүй, хуулинд ямар эрх үүрэг байдаг, өөрөө ямар эрх эдлэхээ мэдэхгүй хүнийг сэтгэл зүйгээр нь айлгаж дарамтлах, зарим тохиолдолд мөрдөн байцаагчийн мэргэжлийн ур чадвартай  холбоотойгоор хэргийг илрүүлэх тохиолдлууд байдаг. Гэхдээ энэ бол үнэндээ хуучин нийгмийн хэрэг илрүүлж байсан, одоо цагт тохирохгүй арга барил юм л даа.  Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хэргийг  шалгах үүрэг хүлээсэн болохоос биш шалгагдаж байгаа этгээдээ буруутгах гэж, яллах үүрэгтэй биш шүү дээ. Ташуурын арга буюу дарамталж байж хэрэг хүлээлгэчихээд, хэрэг илрүүлсэн, шийдүүлсэн гэж албан тушаал, цол ахидаг хандлага манайд байдаг нь үнэн.  

-Тэгэхээр өмгөөлөгч, прокурор хоёр хуулийн өмнө тэгш эрхтэй байж чаддаггүй гэдэг нь үнэн юм байна, тийм үү?

-Тйим

-Өмгөөлөгч прокурор хоёрын эрх мэдлийн балансыг барих, тэнцвэржүүлэхийн тулд юу хийх шаардлагатай байна вэ. Таны бодлоор?

– Хуучин нийгэмд бол прокурор хамгийн их эрх мэдэлтэй байсан шүү дээ. Одоо ч тийм байгаа. Тэгэхээр хуулийг сахиулж байгаа шүүгч болон прокуроруудын сэтгэлгээнд шинэчлэл хийхгүй бол хичнээн сайхан хууль санаачлаад ч ямар ч нэмэр байхгүй, үнэгүйднэ л гэсэн үг. Энэ бүх асуудлыг хэрхэн шийдвэрлэх, зарчмын өөрчлөлт шинчлэлийг яаж хийх вэ гэхлээр ерөөсөө боловсролоор л дамжиж хэрэгжинэ. Бид хуулийг яаж ойлгох, яаж хэрэглэх вэ, үүний цаана хүний эрх гэдэг зүйлийн агуулга яаж холбогддог вэ гэдгийг  сургах хэрэгтэй. Нөгөө талаас шүүгч, прокуроруудыг хуулийн дагуу ажиллаж байна уу үгүй юу, ажиллаж чадахгүй байвал яах вэ гэдэг хариуцлагын тогтолцоо, дээр нь иргэдийн ухамсар луу чиглэсэн эрх зүйн мэдлэгийг олгох ажил дутагдалтай байна. Ядаж л иргэд наад захын эрхээ мэддэг байвал хянаж чадна шүү дээ. Энэ хяналтаар тэдгээр ажлаа хийж чадахгүй байгаа хуульчид болон энэ хуулийг буруу хэрэглэж байгаа нөхдүүдийн хариуцлагын механизмийг стандартчилаад тодорхой болгочих л хэрэгтэй. 1993-94 онд гарсан Байцаан шийтгэх хуулинд прокурор хүнийг хорих эрх мэдэлтэй байсан. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ буюу бидний хэлж заншсанаар “Ганц худаг”-т аваачаад хийчихдэг байсан гэсэн үг. Харин 2002 оноос уг хуулинд зарчмын маш том өөрчлөлт оруулж прокуророос нөгөө айхтар, хүнийг хорьдог эрхийг авч шүүхэд шилжүүлсэн. Ингээд өөрчлөлт орох болов уу гэсэн чинь өнөөдөр над дээр хоёр ч өмгөөлөгч яг энэ асуудлаар хандсан. Бид шүүх рүү эрх мэдлийг шилжүүлээд ялладаг, өмгөөлдөг хоёр талыг байцаан шийтгэх ажиллаган дахь  эрх мэдлийн балансийг тэгшитгэх гэж л шинэчилсэн шүү дээ.  Гэтэл өнөөдөр энэ байдал огт прокурор гэдэг хорьдог, цагддаг эрх мэдэлтэй байсан хүн  шүүгч гэдэг  хүнээр солигдсоноос өөрөөр агуулгын шинэчлэл үнэхээр явагдсангүй. Прокурор шүүгч гэдэг бол хоёр өөр чиг үүрэгтэй боловч өнөөгийн байдлаар нэг толгойтой болжээ гэж манай нэг өмгөөлөгч онцолсон байсан. Үүнтэй би үнэхээр санал нийлж байгаа. Мөн иргэд хуулийн байгууллагад итгэх итгэл үнэхээр бага болсон. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид хичнээн үнэн шударгаар ажиллаж байсан ч үйл ажиллагаа нь нээлттэй биш хаалттай байвал олон түмэнд төөрөгдөл төрүүлж итгэх итгэлийг нь багасгаж байгаа хэрэг. Нэг ёсондоо хэр хэмжээгээр хаалттай байна, иргэдийн хуулийн байгууллагад итгэх итгэл ч тэр чинээгээрээ буурна гэсэн үг. 

-Та сая шүүх, прокурорын байгууллагууд нээлттэй бус гэж онцоллоо. Гэхдээ прокуророос зарим хэрэг дээр иргэдэд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд нээлттэй мэдээлдэг юм биш үү. Жишээ нь долдугаар сарын 1-ний цагдаагийн удирдлагатай холбоотой  хэрэг дээр?

-Прокурор өнөөдөр  мөрдөн байцаалтын нууцад хамаарах хэргийн материалыг хэрвээ хүсэх юм бол дуртай үедээ өөрсдөө хэвлэлийнхнийг дуудаад мэдээлдэг шүү дээ.  Мэдээж цаана нь ашиг сонирхол байгаа нь тодорхой. Харин үйлчлүүлэгчээ өмөөрөөд хариу мэдэгдэл хийсэн өмгөөлөгчийг хэргийн илрүүлэлтэд саад учрууллаа, мөрдөн байцаалтын нууцыг задрууллаа, Байцаан шийтгэх хуулиар хориглосон зүйлийг хийлээ гэх мэтээр дарамталдаг. Энэ нь өмгөөлөгчийг хуулийн нэрээр эрх мэдлээ ашиглан боомилж байгаа хэрэг. Өөр нэг ажиглагдаж байгаа зүйл нь зарим нэг хэрэг дээр олон нийтэд мэдээлэлгүй байж байгаад шүүхийн шийдвэр гардаг, хорих ял авдаг. Үүнийх нь төлөө юм хэлэх гэсэн өмгөөлөгчийн ам үдээтэй байдаг. Үүнийг яаж өөрчлөх ёстой вэ гэвэл дээр дурдсан ил тод олон нийтэд мэдээлэл түгээдэг байдал хэрэгтэй. Нийтэд мэдээлэхгүй байгаа, үнэн зөвийг нь хэлэхгүй болохоор хүмүс өөр өөрсдийн бодлоор, үзэмжээр тэр хэрэгт ханддаг. Сэтгүүлчид ч мөн тэгж бичдэг. Үүнийхээ төлөө сэтгүүлч ч магадгүй шүүхийн хаалга татахыг үгүйсгэхгүй. Ялнгуяа энэ долдугаар сарын 1-ний хэрэг ард түмний дунд үнэнийг олж мэдэх хүлээлт үүсгээд байгаа юм. Хэдхэн хүнд хүчээр дарамталж байж хэргийг үүрүүлээд өнгөрвөл нөгөө шударга үнэн гээч чинь алга болчихно шүү дээ.
 
-Хууль зүй, дотоод хэргийн яамнаас танай холбоонд долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдоод буй цагдаагийн дарга нарт үнэгүй өмгөөллийн туслалцаа үзүүлэх санал тавих болно гэдгээ нэг уулзалтын үеэр хэлж байсан. Тийм зүйл болсон уу?

-Одоогоор тийм санал тавиагүй л байна. Би н сонин хэвлэлээс уншсан л даа. Гэхдээ өнөөдөр манайхаас өмгөөлөгч томиллоо гэж бодоход урьд нь ажиллаж байсан өмгөөлөгчдөөс нь илүү сайн өмгөөлнө гэж би хэлж чадахгүй. Анхнаасаа өмгөөлөгчид нь прокурорт дарамтлуулж  хавтаст хэрэгтэй нь олигтой танилцаж чадаагүй нь өмгөөлөгчийн буруу биш шүү дээ. Өмгөөлөгчид ямар ч санал тавьсан боломжгүй гэх хариуг өгөөд байхаар энэ хүмүүс яаж ажиллах юм бэ. Ядаж хуульд заасан эрхээр нь өмгөөлөгчдөө хангаад өгөөчээ гэмээр байна. Хэрвээ хангаагүй бол бас хариуцлага хүлээх тогтолцоо байгаа шүү дээ. Энэ нь зөвхөн өмгөөлөгчийн бус давхар үйлчлүүлэгчийнх нь эрх ч мөн зөрчигдөж байна гэсэн үг. 

-Таны дээр дурдсанаар бол хуулиа бус хуучинсаг сэтгэлгээгээ халмаар байна гэсэн шүү дээ. Тэгвэл өнөөдөр манайд мөрдөгдөж байгаа хууль үнэхээр цаг үедээ нийцсэн сайн хууль байгаа гэсэн үг үү?

-1992 оны Үндсэн хуулинд хэд хэдэн үнэт зүйлийг бий болгосон. Түүний нэг жишээ нь  анх удаагаа төр иргэдийнхээ өмнө үүрэг хүлээх тухай зарчим гаргаж бий болгосон шүү дээ. Гэтэл өнөөдөр ийм агуу зарчмыг  хуульчилж өгчихөөд  шүүхээс өмнө асар олон хүний гэм буруугийн асуудлыг хэлэлцүүлээд  шийдээд, нийгэмд сөрөг итгэл үнэмшлийг бий болгочихоод тэр нь захиалга ч юм шиг асуудалд хандаад байдгийг би буруу гэж хэлнэ. Тэр ч утгаараа энэ тулгуур хуулиндаа нийцүүлж бүхий л хуулийг гаргадаг. Барууны өндөр хөгжилтэй орнуудын жишгийг харахад өмгөөлөгчид нь нэлээд өндөр эрх мэдэлтэй байдаг. Харин бид яагаад тийм байж болохгүй байна вэ гэдэг нь өөрөө дэлхийн улс орнуудын хуулийн хүрээн дэх тогтолцооны ялгаанаас хамаараад байгаа юм. Манайд мөрдөгддөг эх газрын гэх тэр дундаа монгол улсын эрх зүйн тогтолцоо нь шинжлэх ухааныхаа хувьд ялгаатай замаар явсаар ирсэн. Түүгээрээ ялгагдаж байгаа учраас зарим тохиолдолд хүний эрхийг хангахад үнэхээр энэ юм чинь хэрэгтэй юм бишүү гэж бодогдохоор юмнууд ажиглагддаг.  Гэхдээ зөв жишигтэй зарчмыг хуулинд суулгаж өгч болно. Гэхдээ өдийг хүртэл сайн хуулиас гадна шинчлэгдээгүй, хуучнаараа яваад байгаа дээр дурдсан хуучинсаг, өнөөгийн нийгэмд төдийлөн шаардлагагүй сэтгэлгээ шүүх, прокурорт байгаа нь үнэхээр үнэн. Монгол Улсын иргэн  хууль зүйн туслалцаа авах эрх зүйн хангагдах зарчим нь шүүх.  Шийдвэр гаргадаг, гэм буруутайг нь тогтоодог газар бол бас л шүүх. Гэхдээ тэр шийдвэрийг гаргадаг хүмүүсийн сэтгэлгээнд хамгийн түрүүнд “Энэ хүн үнэхээр буруугүй байж болно”  гэж боддог байх хэрэгтэй. Ийм хандлага сэтгэлгээгээр хандаж иргэнээ яллахаасаа өмнө боддог тийм л хүнлэг  хандлага зарчимаар ажиллах шаардлага манай шүүхийн байгууллагад, шүүгчдэд нэн түрүүнд хэрэгтэй. Үүнийг хийж чадахгүй, ийм хэмжээнд төлөвшиж чадахгүй бол өнөөгийн энэ байдал хэдэн арван жилээр ч үргэлжилж магадгүй..

– Өмгөөлөгчдийн эрх зүйн орчин муу байдаг юм байж. Гэхдээ манай өмгөөлөгчдийн ур чадвар, мэдлэг туршлага ер нь хэр хэмжээнд байгаа вэ
?

-Манай өмгөөлөгчид бүгд ур чадвартай,  сайн гэж би үнэхээр хэлж чадахгүй. Гэхдээ бид аль болох өмгөөлөгчдийнхөө мэдлэг боловсролд анхаарч янз бүрийн сургалт арга хэмжээнүүдийг чадах чинээгээрээ зохиож л байгаа. Сайн нь ч бий, саар нь ч бий. Иргэдэд гэж зөвлөхөд аль болох шударга өмгөөлөгчийг сонгоосой гэж хэлмээр байна. Биднээс ирээд зөвлөгөө авсан ч болно.

– Шударга өмгөөлөгч сонгохыг зөвлөхийг бодоход шударга бус, зөвхөн мөнгө харсан өмгөөлөгч нар цөөнгүй байдаг бололтой. Ер нь өмгөөллийн хөлсийг хэрхэн тогтоодог вэ?

-Өмгөөлөгч хуулийн этгээд хоёр харилцан тохиролцож өмгөөллийн үйлчилгээний хөлсөө тохиролцдог. Нэг ёсондоо манайхны наймаалцана гэж хэлдэг шиг.  Уулын мод урттай богинотой, улсын дотор сайнтай муутай гэгчээр мөнгө харсан сахилгагүй өмгөөлөгчид бас байгаа. Би түүнийг үгүйсгэхгүй. Хүний үндсэн эрх гэдэг бол хууль зүйн туслалцаа авах эрх. Тэр хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангадаг мэргэжилтэн нь харин өмгөөлөгч. Хүний эрх өнөөдөр янз бүрийн шалтгаанаар зөрчигддөг. Гэхдээ тэр зөрчигдөөд байгаа хүний үндсэн эрхийг хамгаалахын тулд өмгөөлөгч ажиллах ёстой.  Ерөөсөө л үндсэн үүрэг нь энэ.

    Х.Нарангэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж