Монгол маягийн ”стратеги”

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Монгол маягийн ”стратеги”

Их сургуулийн нэгдүгээр дам­жаанд байхад шашин судлалын багш маань манай ангийнхнаас нэг асуулт асууж билээ. Бөөгийн, буддын, хрис­тийн гээд бүхий л шашны тухай шүүн хэлэлцсэнийхээ дараа биднээс “За одоо та нар аль шашинд нь итгэх вэ?” гэж. Хариулах хүн олдсонгүй. Тэгэхэд багш “Эрхбиш шинжлэх ухаан гэж нэг юм байна” хэмээн өөрөө өөрийнхөө асуултад хариулсан билээ. Эдийн засгийн ойлголтоор бол тооцоо судалгаа, бодитой үзүүлэлт, боломж ба бололцоо гэсэн үг л дээ.

Саяхан Айн Рэндийн зо­хиол “Атлантын нуруу тэнийв” кино телевизээр гарсан. Олонх нь бараг номыг нь түрүүлээд уншчихсан байх л даа. 1950-иад онд бичигдсэн уг зохиолд 2016 оны дэлхийн тухай гар­даг. Дэлхий тэр аяараа, капи­та­лизмын өлгий орон АНУ хүртэл “нэг хүнд нэг л компани” гэсэн хөдөлгөөн өр­нүүлэн, компаниудыг нийгэм­чилж, өмчийг тэгшитгэн ху­вааж эхэлдэг. Үүнээс болон үйлдвэрийн эзэд засаг захир­гаа­наасаа зугтан “Атлантис” хэмээх хаалттай хөндийд өөрс­дийн дүрмээ тогтоох бөгөөд тэд­нийг явсны дараа хотууд бүрэн дампуурна. Тухайн үед шинэ технологийн гангаараа хам­гийн их нэр хүнд олоод байсан “Реарден металл” компа­нийг худалдаж авч чадаа­­гүйдээ хорссон Засгийн газар “Энэ металлыг ашиглах нь эрүүл мэндэд хортой” хэ­мээн зарлаж, борлуулалтыг нь хааж эхэлдэг. Энэ тухай шинжил­гээний дүгнэлт гаргасан шин­жил­­гээний байгууллагаас яа­гаад ийм дүгнэлт гаргасныг нь асуухад “Би танаас асууя. Би нэг металлыг аврах уу, эсвэл дэлхий дээр цорын ганц үлдсэн судалгааны институтыг аврах уу” хэмээн хариу асуудаг.

Харин манайд шинжлэх ухаан гэж байдаггүй, байсан ч тоож хэлэлцдэггүй. Яагаад гэвэл шинжлэх ухаан гэдэг үгийг социализмын үед байгуулсан ШУА-аар л төсөөлдөг учраас. Тэр нь одоо дампуураад, хэдэн хүний  цалин тавьдаг л байгууллага болсон л доо. Тэгээд тэдний ажлыг хийдэг газар нь улс төрийн намууд, үзмэрчид, мэргэч төлгөч, лам нар. Онгоц унасан ч үзмэрч дээр очно, сонгууль болсон ч үзмэрч рүү явна. Хүүхэд нь өвдвөл, хөрөнгөө арвижуулахыг хүсвэл бас л тэднийг бараадна.

Сонгууль гэснээс саяхан МАН-ынхан “Монгол хүний хөгжлийн хөтөлбөр” гэж лут том баримт бичгийг намынхаа Бага хурлаар хэлэлцэж батлав. УИХ-ын нэгдсэн чуулганаас завсарлага авч, Засгийн газрыг танхимаар нэг өдөр ажлыг нь зогсоож байгаад. Яамдууд нь араар нь яасан сайхан уужуухан суусан болоо. Сайд байхгүй гялай, гялай ч гэх шиг…

Ингээд намын дарга тархинд ургасан “хөгжлийн мод” бүхэл бүтэн улс үндэстнийг хөгжүүлэх хөтөлбөр болохыг ганцхан өдрийн дотор нам нь үзмэрдчихэж байгаа юм. Мэргэнд бууснаар 2031 он гэхэд Монгол Улсын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 60 мянган ам.долларт хүрнэ. 2016 он гэхэд ажилчдын дундаж цалин 1,5 сая төгрөг, дахиад таван жилийн дараа 2,5 сая төгрөгт хүрнэ. Харин тэр цагт талхны үнэ хэдэн төгрөг хүрэхийг л хэн ч тааж чадахгүй байгаа юм даа. Яагаад гэвэл учир шалтгаан, логикийг нь хэн ч хайгаагүй учраас. Ардчилсан намынхан бас үүнтэй төстэй зүйл яриад явсан. “Монгол хүн 2020” гэж. Монгол хүнийг яаж ажил орлоготой, аюулгүй орчинтой, эрүүл чийрэг, эрдэм мэдлэгтэй болгох тухай. Ялгаатай нь тэд үр дүнгээсээ өмнө учир шалтгааныг хайгаад явна л даа. Яагаад гэвэл манайд үүнийг хийдэг мэргэжлийн байгууллага, судлаач шинжээчид байхгүй.

Уг нь үүнийг олж хараад хамтарсан Засгийн газрын үед Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо гэж тусдаа агентлаг байгуулсан юм. Төрийн эрх мэдэл аль намд байхаас, эрх барьж байгаа хүчин ямар гээч “гэнэтийн бэлэг” барихаас үл шалтгаалан Монгол Улсын хөгжлийн бодлогыг хол, ойрын хугацаагаар нь төлөвлөн гаргаж ирсүгэй хэмээн. 40 гаруй орон тоотой энэ байгууллагыг санхүүжүүлэхийн тулд энэ оны төсөвт л гэхэд хоёр тэрбум гаруй төгрөг суулгаж өгсөн байна лээ. Нэгж ажилтанд ногдох ажлын гүйцэтгэл жилийн 50 сая төгрөг гарч байна.

Харамсалтай нь, энэ байгууллага ч гэсэн хөгжлийн бодлого төлөвлөдөг газар гэхээсээ илүү эрх барьж байгаа “нохойд барьдаг мод”, намын даргын томилгооны газар болчихоод байгаа. Яагаад гэвэл тус хороог Ерөнхий сайдын дэргэд байгуулчихсан учраас. Дарга юу хэлнэ, түүнийг давтаад л сууж байх юм билээ.

Уг нь бол нөгөө салбарын яам, сайд тус бүрийн барьж гүйгээд байсан аж үйлдвэрийн парк, шинэ төмөр замын төсөл ч юм уу, 100 мянган орон сууцны хөтөлбөр гэх мэт төсөл, хөтөлбөр, бичиг цаасуудыг энэ газарт нэгтгэж, аль нь эхэлж, аль нь дараалж явах вэ гэх мэт бодлогыг бодож гаргах ёстой юм шиг байгаа юм. Тэгээгүйгээс хөөрхий Х.Баттулга сайд ажлаа өгөх өдрөө УИХ-ын нэгдсэн чуулган “Та өнгөрсөн гурван жил юу хийж бүтээв ээ” гэсэн гишүүдийн асуултад “Цаасан дээр бол олон ажил байгаа, даанч хамтарсан Засгийн газар санхүүжилтыг нь шийдээгүй” гээд сууж байсан билээ. Ганц энэ сайдын ч биш, олон сайдын хийсэн ажил, бодсон бодлого ингээд талаар өнгөрсөн дөө. Харин орж ирсэн мөнгийг ажил болгохоосоо илүү яаж шүү хурдан тарааж цацах вэ гэдгийг бол энэ Засгийн газар дажгүй сайн чадаад байгаа юм.

Нэг л жишээ. 2008 оны сонгуулийн дараа манай улстөрчид “Бид чинь уул уурхайтай боллоо, уул уурхайгаа дагаад бүтээн байгуулалтын их ажил ундрах нь байна. Даанч тэнд нь ажиллах мэргэжилтэй ажилчид алга, бүгдээрээ дээд боловсролын дипломны “гол”-ууд болчихсон юм байна” гээд л сандралдсан. МСҮТ-үүдийг олноор нь байгуулах юм болсон доо, заримыг нь байгуулсан ч байх. Гэтэл нөгөө сайд нар нь “Хүн сургадгаар нь Боловсролын сайд нь бодлогоо барих ёстой”, “Хөдөлмөрлөх хүчин бэлтгэж байгаа учраас Хөдөлмөрийн сайд мэднэ”, “Барилга барьж, зам тавих учраас Барилгын сайд шийднэ” гэж хоорондоо булаалдсаар асуудлаа шийдэж чадалгүй тарсан гэж байгаа.

Одоо ч гэсэн дээ. Сонгууль дөхсөн биш улс төрийн намууд энэ “зодоон”-ыг үргэлжлүүлж байна. Эдийн засгийн судалгаа тооцоо, хэтийн төлөв, боломж бололцоогоо харахаасаа илүү хэн том амлаж, хэн нь илүү уран гоё илтгэх вэ гэдгээр л улс төрийн намууд уралдаж байна. Өнгөрсөн сонгуулиар амласан Үйлдвэржилтийн хувьсгал нь ганц алхаагүй байхад Ардчилсан намын нөхдүүд “Эдийн засгийн хувьсгал” яриад эхэллээ. Ардчилсан нам найман жилийн өмнө амласан 40 мянган орон сууцны хөтөлбөр өнгөрсөн гурван жилд дөнгөж 50 хувь явсан байхад Ардын нам дахиад 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр гаргаад ирлээ. Төрийн албан хаагчдын цалинг гурав дахин нэмэгдүүлэх амлалтаа 30 хувь болгож бууруулсан мөртлөө дөрвөн жилийн дараа гэхэд тав дахин нэмэгдчихнэ гэх юм. Энэ олон амлалт, тоонуудыг хооронд нь нийлүүлж зангиддаг, нааж зүүж нэг болгодог нэгдсэн бодлого нь манайд даанч алга. Монголчууд сонгуулиас сонгуулийн хооронд, нэг хөтөлбөр, лоозонгоос лоозонгийн хооронд л амьдарч, амь зууж байна. Ядахдаа жил болгон нэг том уриа дэвшүүлэхийг яана. Эхний жилийг ажилгүйдэлтэй тэмцэх, хоёр дахь нь жижиг дундыг дэмжих, гурав дахь нь хөдөлмөр эрхлэлтийг, дөрөв дэх жилдээ өрхийг дэмжсэн. Харамсалтай нь аль нь ч болж бүтсэн юм байхгүй.

Бичвэрийн эхэнд жишээ татсан “Дэлхийд ганцхан үлдсэн судалгааны институтийг аврах уу, нэг металлыг аврах уу” гэдэг асуулт ч ийм учиртай. Соёл иргэншил мөхөж, капитализм сүйрч байх үед ч америкчууд судалгаа шинжилгээ, шинжлэх ухаанд хүндэтгэл үзүүлж байхад манайхан хөгжих тусмаа, хөлжих тусмаа л шинжлэх ухаанаас холдоод байдаг. Хөгжлийн стратеги, бодлого төлөвлөлт гэж юм байхгүй. Сүүлийн таван жил лав энэ орон зайг сэтгүүлч мэргэжилтэй, МАН-ын стратегич С.Баяр ганцаараа нөхсөн. Атрын III аянаар эхэлж таван төгөлдөршлөөр хүч оруулсан С.Баярын стратеги хамтарсан Засгийн газар тарснаар өндөрлөсөн билээ. Одоо дараагийн дөрвөн жилд монголчууд дахиад хэний “гарын шүүс” болох бол.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж