
Япон Улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтдаг бөгөөд өнгөрсөн онд Фукушимад болсон гамшгийн үед монголчууд их хэмжээний туслалцаа үзүүлсэн. Гурав хоногийн өмнө Японд тусламжийн бараа очсонд Жайка байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга талархал илэрхийллээ. Мөн Жайка байгууллага ирэх сарын сүүлээр гамшгийн үед хэрхэн ажиллах, иргэд оршин суудаг газарт аюулгүй бүс байгуулах чиглэлээр сургалт зохион байгуулах болсон. Мөн ирэх жил Улаанбаатар хотын гал унтраах ангиудад гал командын 23 машиныг буцалтгүй тусламжаар өгөхөөр төлөвлөсөн гэдгээ Шадар сайдад хэлэв.
Япон Улс манай улсыг ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжсэн цагаас хойш өнөөг хүртэл бүх талаар тусламж, дэмжлэг үзүүлж ирсэн. Иймээс Японд болсон гамшигт өртөгсдөд боломжийнхоо хэрээр сэтгэл санаа, эд материалаар туслах нь бидний үүрэг. Тухайн үед Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс шуурхай арга хэмжээ авч, Японд туслах хөдөлгөөн, хандивын аяныг улсын хэмжээнд өрнүүлсэн гэж Шадар сайд М.Энхболд тэмдэглэлээ.
Түүнчлэн хотын даргаар ажиллаж байхдаа Жайка байгууллагатай хамтран олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсний нэг нь Улаанбаатар хотын гал унтраах ангиудыг Монголын нөхцөлд тохирсон галын машинаар хангах төсөл байсан. Ирэх жил 23 автомашинаар парк шинэчилснээр хотын бүх гал унтраах анги Японы автомашинтай болох нь гэдгийг тэрээр хэлэв. Мөн энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч Ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг Шадар сайдаар ахлуулан байгуулсан. Энэ комисс хийх ажлаа өнгөрсөн 7 хоногт хэвлэлээр дамжуулан иргэддээ хүргэж, нээлтээ хийлээ. 40 жилийн ойн хүрээнд Жайка байгууллага арга хэмжээ зохиовол дэмжиж ажиллах болно гэдгээ Шадар сайд М.Энхболд илэрхийллээ.