Давосын чуулган Ерөнхийлөгчийн үгийг онцолжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Давосын чуулган Ерөнхийлөгчийн үгийг онцолжээ

2012 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Давосын эдийн засгийн чуулга уулзалтаас /ДЭЗЧУ/ “Хариуцлагатай уул уурхайг нэмэгдүүлэх арга зам” нэртэй судалгаа гаргажээ. Байгалийн баялаг ихтэй хөгжиж буй орнууд баялгаа хэрхэн зөв зохистой ашиглаж өөрсдийн орны хөгжлийг дэмжих зургаан алхмыг тодорхойлсон энэхүү судалгааны өмнөх үгэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үгийг иш татсан байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ, “2010 оны зургадугаар сард Улаанбаатар хотноо ДЭЗЧУ-тай хамтран “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь” санаачилгыг эхлүүлсний хувьд бид энэхүү судалгааг бүрэн дэмжиж байна. Судалгаанд багтсан бодит жишээ, зөвлөмжүүд Монгол Улс болон байгалийн баялаг ихтэй бусад улсууд эрдэс баялгийн салбараа хариуцлагатай, шударга байдлаар хөгжүүлэхэд ихээхэн ач тустай гэж үзэж байна. Байгаль орчин болоод нийгмийн өмнө хариуцлагатай уул уурхай эрхлэх нь тухайн улсын өмнө тулгарч буй сорилт төдийгүй, дэлхий нийтээрээ тогтвортой хөгжлийг дэмжихэд зайлшгүй шаардагдах хүчин зүйл юм” гэжээ.

ДЭЗЧУ болон “Бостон консалтинг” группийн хамтран гаргасан тус судалгааг олон орны Засгийн газар, ТББ-ууд болон уул уурхайн компанийн төлөөлөл болсон 400 гаруй мэргэжилтний нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдсэн санал, зөвлөгөөнд суурилан гаргасан байна. Ялангуяа олон улсад үйл ажиллагаа явуулж буй 22 төсөл дээр жишээлэн Монгол, Чили, Либер, Гана зэрэг байгалийн баялгийн асар их нөөцтэй ч харьцангуй хөгжил буурай орнуудаар жишээ аван судалгаа хийж, уул уурхайд түшиглэн хэрхэн хөгжих талаар зөвлөмж гаргажээ.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж