
Ийнхүү УИХ-ын байнгын хорооны дарга нар дан МАН-ын гишүүдээс бүрдэж, байнгын хороод шинэ даргатай болов.
Нэр дэвшигчдийг хэлэлцэх үеэр гишүүн С.Эрдэнэ УИХ-ын бүрэн эрх дуусах дөхөж буй энэ үед Тавантолгойн асуудлыг хэрхэх, стратегийн 15 ордыг яаж ашиглах талаар асуулаа. Мөн төсвийн тодотголоор төсвийн байгууллагын 200 мянган хүний цалинг нэмж, хувийн хэвшлийн нэг сая гаруй хүнийг орхиж буй, эдийн засгийн өсөлт 20 хувьтай хэрнээ ядуурал 40 хувьд хүрсэн, цалин нэмснээр хоёр кг махыг 10 мянган төгрөгөөр авдаг байсан багш маргааш нэг кг махыг ийм үнээр авдаг болох гэж буй, гэгээн цагаан өдрөөр хүн бууддаг болсон зэргийг яаж шийдэхийг байнгын хорооны даргад нэр дэвшигчдээс асуусан юм.
Эдийн засгийн байнгын хорооны даргад нэр дэвшигч Р.Буд үлдэж буй ахархан хугацаанд бүх зүйлийг бүтээх хялбар биш тул төсвийн тодотголоо сайн хийх, Тавантолгойн төслийг чамбайруулах асуудлыг чуулганы завсарлагаар шийдэх, стратегийн ордуудаа ашиглах асуудлыг мөн ажлын хэсэг гаргаж шийдэх боломжтойг хэллээ. Эдийн засгийн 20 хувийн өсөлт ямар үр дүнгээр гараад байгааг анхаарах, гадагшаа гараад явчих хөрөнгө эдийн засгийн өсөлтөд нөлөөлөөд байгаа эсэхийг бодож үзэх хэрэгтэй зэргийг хэллээ. Эдийн засгийн байнгын хорооны даргад нэр дэвшсэн гишүүн О.Чулуунбат өнгөрсөн хугацаанд хийж ирсэн ажлыг үргэлжлүүлэх, нэг их улстөржихгүй ажиллахыг эрхэмлэнэ гэдгээ хэлсэн юм. Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх юм байна.
Гишүүн Л.Гүндалай санал хэлэхдээ “УИХ-ын бүрэн эрх дуусахад ахархан хугацаа үлдээд байхад байнгын хороодын дарга нарыг солиод өөрчлөлт гарахгүй. Сонгууль дөхөж байхад ингэж МАН дангаараа байнгын хороодыг авч улстөржих нь дэмий байсан” гээд үлдсэн хугацаанд АН-ын угшилтай төрийн албан хаагчдыг ажлаас нь хөөхгүй байхыг мөн сануулав.
Үүний дараа Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Түүгээр төсвийн алдагдлыг нөхөх зориулалттай 300 тэрбум төгрөгийн бонд гаргах тухай асуудал хэлэлцсэн юм.
Гишүүн С.Бямбацогт энэ үеэр “300 тэрбум төгрөгийн бондыг юунд зарцуулах юм бэ. Өнгөрсөн жил үндэсний үйлдвэрлэлэ, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихээр гаргасан бондын хэрэгжилт яасан бэ. 2012 оныг өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил болгосон . Түүнийг хэрхэн дэмжих вэ гэсэн асуулт тавьсан юм.
Сангийн сайд Д.Хаянхярваагийн хариулснаар төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар Засгийн газраас 300 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болжээ. Өнгөрсөн жил жижиг, дунд үйлдэрлэлийг дэмжихээр гаргасан бондоос арав гаруй тэрбум төгрөгийг малчид өөрсдөө материалаа бүрдүүлж өгөөгүйгээс шалтгаалж ашиглаж амжаагүй байгаа аж.
Гишүүн Ж.Батсуурь “Төсвийн цаг зуурын хүндрэлийг нөхнө гэдэг нь юу гэсэн үг болох, 2012 онд ямар хүндрэл гарах гээд байгаа, түүнийг урьдчилж хараад хэлээд байгаа юу” гэсэн асуулт тавьсан юм. Өмнөх бондуудын үр ашиг тааруу байгаа. Мөн ноос, ноолуур, үндэсний үйлдвэрлэл дэмжих чиглэлээр Засгийн газраас өнгөрсөн жил гаргасан мөнгийг төрийн албан хаагч, дарга нар авч хэрэглэсэн гэсэн үг яриа хөдөөгийнхнөөс нэлээд дуулдаж байгааг Сангийн яам хэрхэн үзэж буй, Зоос банк дампууруурахад хадгаламж эзэмшигчдийн мөнгийг төсвөөс төлж хохиролгүй болгосон. Харин хэн тэр мөнгийг завшиж банк дампууруулсныг төсвийн, татвар төлөгчдийн мөнгөөр төлчихөв гэдгийг мөн лавлав.
Сангийн сайд Д.Хаянхярваагийн хариулснаар цаг зуурын хүндрэл гэдэг нь тухайлбал, оны эхний улиралд орлого төвлөрүүлэхэд хэцүү байдаг. Энэ мэт үед бэрхшээл гарвал хэрэглэх зориулалтын мөнгө гэлээ. Мөн ноос, ноолуурын үйлдвэрлэл дэмжих хөрөнгөөс 10-аад тэрбум төгрөг олгоогүй байгаа нь малчдаас өөрсдөөс нь хамаарсан гэж байв.
Зоос банкны дампуурлын талаар Сангийн яамны газрын дарга н.Тавинжил хариулахдаа “ Засгийн газар, Монголбанкны гэрээгээр хадгаламж эзэмшигчдийн хохирлыг төлсөн. Зээл авч ашигласан хүмүүс бий. Монголбанкны эрх хүлээн авагч өр барагдуулахаар ажиллаж буй. Өнгөрсөн жил 14 тэрбум энэ жил 20 тэрбум төгрөгий өр барагдуулах төлөвлөгөөтэй явж байгаа” гэлээ.
Төсвийн алдагдлыгнөхөхөөр өмнө нь 503 тэрбум төгрөгийн бонд гаргасан судалгаа байдаг. Бондын өр авлага байхгүй. Бүрэн арилжигдаж зориулалтаараа хэрэглэсэн гэж Сангийн сайд хэллээ.
Н.Ганбямба гишүүн “Монгол газар”-ын Ц.Мянганбаяраас цааш банк дампууруулагчдаас нэг их хүн нэрлэдэггүй. Банкны том том зээлдэгчдийг ил гаргах ёстой, нэрлээд өгөөч” хэмээн шаардаж байв. Банкны хадгаламж дахь дөрөв таван их наяд төгрөгийг эзэмшдэг цөөхөн хүн бий. Тэднийг ч зарлая гэв. Өмнөх бондын ашиглалтын байдлыг ил тод зарлах ёстойг ч сануулав.
Санал хураалт хийх гэтэл гишүүдийн ирц хүрсэнгүй. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Төсвийн байнгын хорооны шинэхэн дарга О.Чулуунбатыг өөрөө орж ирж товчлуураа дарахыг урилаа. Тэрбээр “Байнгын хороодын дарга болсноо том хүн боллоо гэж боддог юм уу. Орж ирж ажлаа хий” хэмээн шинэ дарга нараа зэмлэж харагдсан. Хэсэг хугацааны дараа санал хураалт болж, тогтоолын төслийг хэлэлцэхийг гишүүд дэмжиж Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт гаргах тухай асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ. Үүний дараа Хэнтийн Дархан сумын Бор-Өндөр багийг сум болгох тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Гишүүдээс асуулт, санал гарсангүй. Санал хураалтаар гишүүдийн 78,6 хувийн саналаар Бор-Өндөр сум боллоо.