Засаг ноёдын авлигын хэрэг юу болов

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Засаг ноёдын авлигын хэрэг юу болов

Аймаг, дүүргийн Засаг дарга нар авлигын хэрэгт холбогдох нь олширлоо. Тухайлбал Налайх, Сонгинохайрхан дүүрэг, Увс, Говьсүмбэр, Орхон аймгийн Засаг дарга нарын хэрэг ар араасаа хөвөрч, хуулийн байгууллага анхаарал хандуулах болсноор эрхэм дарга нар ар араасаа “аавын” хаалга татах нь. Сүүлийн үед олны анхаарал татах болсон аймаг, дүүргийн Засаг дарга нарын үйлдсэн гэх хэргийг эргэн сануулъя.

Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатын хэрэг шүүхэд шилжжээ
 
Оны өмнөөс Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатын  асуудал хүчтэй яригдаж, түүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Төд удалгүй тус аймгийн ИТХ гурван өдөр хуралдаж,  түүнийг огцруулсан юм. АТГ-т мөрдөн шалгасан уг хэргийг  нийслэлийн Прокуророын газраас энэ долоо хоногт  Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлжээ.  Тэрбээр Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан улсад их хэмжээний хохирол учруулсан  хэрэгт буруутгагдаад байгаа.  Тодруулбал, тус аймгийн Засаг дарга асан Д.Оюунбат таван тэрбумын өртөгтэй Төв цэнгэлдэх хүрээлэн барих тендэрийг  авчээ. Гэвч  мэргэжлийн экспертүүд  үзээд хоёр орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон  гэж  дүгнэсэн байна.  Түүнчлэн Орхон аймагт зарласан таван тендерийг шалгахад гурвыг нь хууль бусаар явуулсан талаар зарим эх сурвалж хэлдэг.  Орхон аймагт “Бурхан багшийн сэрэг дүр”  нэртэй хөшөө босгосон “Тод-жаргал” ХХК Засаг дарга Д.Оюунбаттай ямар нэг сэжмээр холбоотой, тендер шалгаруулалтад оролцоогүй, татварт өртэй зэрэг зөрчил илэрсэн байна.  Баянзүрх дүүргийн шүүхээр түүний гэм  буруутай нь тогтоогдвол албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэлх хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар  баривчлах ял  шийтгэнэ гэсэн хуулийн заалттай аж.

СХД-ийн Засаг дарга Ц.Болдын хэргийн мөрдөн байцаалт удахгүй дуусна

 Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдыг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад багагүй хугацаа өнгөрч байна.  Түүнд хамаарах Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг завшсан гэх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа орсон талаар эх сурвалж мэдээллээ. Албан бус эх сурвалжийн мэдээллээр Ц.Болдыг цас хайлуулах бодисонд төсөвлөсөн хөрөнгөөс 300 сая гаруй төгрөг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж,  УМБГ-т шалгаж байсан ч албан тушаалтай холбоотой учир АТГ-т шилжүүлэн шалгуулжээ. Өнгөрсөн оны есдүгээр сард уг хэрэгт холбогдуулан нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаярыг шалгаж, цагдан хорьсон юм. Хэвлэлд гарсан мэдээллээр бол тэднийг хамтран цас хайлуулах бодис авах нэрийдлээр жил бvр тєсєвт мєнгє суулгаж, хувьдаа завшсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Увсын Засаг дарга Э.Цасчихэрийн хэрэг энэ сард прокурорын хяналтад ирнэ

Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэрийг Улсын ерөнхий прокурорын газраас дахин эрүүгийн хэрэгт татан шалгах үүргийг АТГ-т өгснөөр түүнийг дахин шалгаж эхэлсэн.  Хэргийг шалгах явц ямар шатандаа  байгаа талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа орсон. Энэ сардаа багтаж яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн прокурорын газарт шилжүүлнэ” гэв.  Түүнийг өмнө нь АТГ-т шалгаж байсан ч  гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй  хэмээн хэрэгсэхгүй болгож  байсан юм.  Гэвч хэргийг  хэрэгсэхгүй болгосон  хяналтын шатны шийдвэрийг тус аймгийн иргэдийн төлөөллүүд эсэргүүцэж, хэвлэлийн хурал хийж байсан удаатай. Тэдний өгсөн мэдээллээр бол Э.Цасчихэр нь тус аймагт  хоёр жилийн өмнө барихаар төлөвлөсөн На­рий­н голын 325 км, Тээлийн голын 75.3 км гүүрийн барилгын ажил гүйцэтгэх  аж­лыг өөрийн “Мөнхжим” компаниар гүй­цэт­гүүлсэн, төрийн албан хаагчдын таван давхар орон сууц барихдаа дөрвөн давхар болгосон зэрэг олон хууль бус  үйлдлүүд байдаг аж.

Налайхын засаг даргыг АТГ-т шалгаж байна

Он гарсаар Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэрийг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Тодруулбал, тэрбээр өнгөрөгч нэгдүгээр сард   БНСУ-ын “Жэхуан” групп-д 320 га газар эзэмших эрх олгоно хэмээн  50 мянган ам.доллларын  авлига авсан хэрэгт холбогдсон юм. Улмаар газар авахаар Засаг даргад мөнгө өгсөн солонгосчууд АТГ-т гомдол гаргаснаар энэ хэрэг манджээ. Гомдлын дагуу АТГ-аас Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр, ИТХ-ын дарга С.Батдорж нарыг газар олгоно хэмээн авлига авсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.  Засаг  дарга Б.Баяндэлгэр нь “Жэхуан” группт Налайх дүүрэг дэх газрыг өгөхийн тулд “Сеогёонг” компанийн эзэмшлийн 289 га газрыг 2009 оны наймдугаар сарын 26-ны 314 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон гэдэг.

Говьсүмбэрийн Засаг дарга цагдан хорихын эмнэлэгт  хэвтжээ

Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт холбогдоод буй Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг саяхан 30 хоногоор сунгах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан. Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан түүний биеийн байдал тааруу байгаа тул тус хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Ж.Баянмөнхийг Шивээговь сум дахь орон нутгийн өмчит “Илчлэг шивээ” үйлдвэрийн газрыг өөрийн найздаа хувьчлахын тулд өмч хувьчлалын комисс болон доод тушаалтнууддаа хууль бус шаардлага тавьж, дарамталсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа билээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж