
Баянгол дүүргийн прокурорын орлогч О.Алтангэрэлийн мэдээлснээр тус дүүргийн прокурорын газраас өнгөрсөн 2011 онд нийт 2945 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтийн ажиллагаа явуулжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 23.7 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Харин энэ оны эхний хоёр сарын байдлаар 335 эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьснаас онц хүнд буюу бусдыг санаатай хөнөөсөн дөрвөн хэрэг бүртгэгдсэн байна. Мөн 54 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 216 хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тус дүүргийн прокуророос өнгөрсөн онд гарсан сүлжээний таван хэрэгт хяналт тавьж ажилласан байна. Үүнээс гурван хэрэгт нь прокурор яллах дүгнэлт үйлдэн, өнгөрсөн оны 10, 11 дүгээр саруудад шүүхэд шилжүүлжээ. Шүүхэд шилжсэн гурван хэргийн шүүх хурлын тов зарлагдсан ч шүүгдэгч, өмгөөлөгчид ирээгүй гэх шалтгаанаар 3-4 удаа хойшилсон байна. Одоогоор сүлжээний гэх хоёр хэрэгт мөрдөн байцаалт явуулж байгаа бол нэг хэрэг прокурорын хяналтад иржээ.