Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Орлогоо удирдъя

Монголын эдийн засгийн чуулган гурав дахь жилдээ нээгдэх гэж байна. Шийдэл нэхсэн сэдвүүдийн хүрээнд чуулганы төлөөлөгчид хэлэлцүүлэг өрнүүлдэг. Тиймээс шийдвэр бус, харин гарц хэлдэг уулзалт хэмээн Эдийн засгийн форумыг томъёолох нь бий. 
Зохион байгуулалтын хэлбэр, зарчмын хувьд Дэлхийн эдийн засгийн чуулганы жижигрүүлсэн загвар бөгөөд өнгөрсөн жилийн чуулганы дараа байнгын ажиллагаатай удирдлага, бүтэц бий болгожээ. Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт Төрийн ордонд нээгддэг уг арга хэмжээ энэ оны хувьд арай эрт ард нийтийн хэлэлцүүлэгт оржээ. Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн форумын хоёр өдөр хязгаарлагдмал хүрээнд хэлэлцүүлэг өрнөдөг бус, харин тухайн сэдвээр чуулганы өмнө сонирхогч талууд урьдчилан санал солилцох зарчимд шилжээд байна. Хоёрдугаар сарын 1-нээс эхлэн өдөр бүр форумын сэдвээр судлаачид, олон нийтийн байгууллагынхан, бизнесийнхэн, төрийн төлөөлөгчид хэлэлцүүлэг өрнүүлэх болов. Нийт арван сэдвийн хүрээнд олон нийтийн урьдчилсан хэлэлцүүлэг болох аж. Ингэснээр Форумын үеэр ярих хүрээ цэгцэрч, шинэ гарцуудын талаар илүү тодорхой ярина хэмээн Чуулганыг зохион байгуулагчид үзжээ. 
Эдийн засгийн чуулганы нэг онцлох сэдэв нь “Баялгийн орлогын зохистой удирдлага, эдийн засгийн төрөлжилт”. Баялаг орлогынхоо талаар баахан сайрхсаны эцэст өдгөө монголчууд олсноо зөв зарцуулъя хэмээн ярих нь олширчээ. Санхүүгийн хямрал дэлхийг эргэж буцаж сандаргаж байгаа энэ өдрүүдэд эдийн засгаа төрөлжүүлэх, хуримтлалаа зөв зарцуулах талаар чухалчлан хэлэлцэх гэж байна. Хоёрдугаар сарын 15-ны Лхагва гаригт Хууль зүйн үндэсний төвд 16.00 цагт нээгдэх Баялгийн орлогын зохистой удирдлага, эдийн засгийн төрөлжилт урьдчилсан хэлэлцүүлэгт Та бүхэн оролцоорой. Уул уурхайн орлогын тухай атлаа уул уурхайг бус, бусад салбарын талаар түлхүү ярих боломжтой энэхүү сонирхолтой сэдэв иргэн Таны өмнө нээлттэй байна. 
Хэлэлцүүлэгт зориулсан тодорхой санал, асуултаа bolor@mongolianminingjournal.com хаягаар урьдчилан илгээж болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж