Шүүхийн мониторингийн программыг туршиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Шүүхийн мониторингийн программыг туршиж эхэллээ

Улсын Дээд шүүх, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төсөлтэй хамтран шүүхийн мониторингийн төслийн хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны программ хангамжийг шинээр нэвтрүүлэх ажил хийж байгаа. Мониторингийн програм хангамжийг түшиц шүүхүүдийн нэг болох Чингэлтэй дүүргийн шүүхэд өчигдрөөс эхлэн туршиж эхэллээ. Тус програмын талаарх сургалтыг Чингэлтэй дүүргийн шүүх дээр явуулах бөгөөд  долоо хоногийн туршилт явуулж, үр дүнг тооцох юм байна. Энэ программыг эхний ээлжинд Чингэлтэйгээс гадна Баянгол дүүргийн шүүх, Өмнөговь, Орхон аймгийн шүүхүүдэд нэвтрүүлэх бэлтгэл ажил хийж байгаа гэнэ. Туршилтын үр дүнгээс шалтгаалан цаашдаа бүх шүүхүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны програм хангамж шүүхэд нэвтэрснээр шүүхийн үйл ажиллагааны шинэчлэлд чухал хувь нэмэр оруулах бөгөөд шүүхийн нээлттэй ил тод, хүртээмжтэй байдалд том нөлөө үзүүлнэ гэж үзэж буй ажээ.

Мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг орчин үеийн техник, технологийн дэмжлэгтэй  хөнгөвчлөх, түргэн шуурхай, ил тод болгох зорилтыг хэрэгжүүлснээр иргэний хэрэг шийдвэрлэх ажиллагаанд хэргийн хуваарилалт, статистик мэдээ, иж бүрэн мэдээллийн сан, боловсронгуй бүртгэлийн болон хайлтын систем, ажил үүргийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх боломж бүхий дотоод хяналтын системтэй болох аж. Түүнчлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанарт өөрчлөлт гарч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчих алдаа арилж, ажлын чанар сайжрах ач холбогдолтой юм байна.

О.Сэргэлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж