Сонгуулийн хуулийн төслүүд хоёр заалтаар ялгаатай

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийн төслүүд хоёр заалтаар ялгаатай

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн  З.Энхболд  нар Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.  Хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн З.Энхболд, Г.Батхүү, Э.Бат-Үүл, Н.Батбаяр, Х.Баттулга нар санаачилжээ. Уг хуулийн төсөл УИХ дахь МАН-ын бүлгээс өргөн барьсан хуулийн төсөлтэй үзэл баримтлалын хувьд ерөнхийдөө адилхан боловч ялгаатай хоёр заалт оруулсан байна.

Хуулийн төсөлд орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг УИХ-ын ээлжит сонгуультай нэг зэрэг зохион байгуулахтай холбогдуулан төслийн гуравдугаар зүйлд цаг хугацааны зарим өөрчлөлтийг оруулжээ. Тухайлбал, Орон нутгийн Хурлын сонгуулийн зарим зардлын хэмжээг орон нутгийн Хурлын тэргүүлэгчид санал авах өдрөөс 30 хоногийн өмнө зарлахыг 60 болгосон байна. Түүнчлэн УИХ, орон нутгийн Хурлын сонгуулийн санал авах хуудас нэг байх, түүнд нэр дэвшигчийн нэр бичих, хэвлүүлэх,  хүргүүлэхэд цаг хугацаа шаардлагатай болохыг харгалзан санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө нэр дэвшигчийг бүртгэж дуусгахаар өөрчлөлт оруулжээ. Мөн орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшигч нь тухайн орон нутагт нэг жил оршин суусан байх хуулийн заалтыг тусгасан  байна.  

УИХ-ын сонгуулийн хороод, орон нутгийн Хурлын сонгуулийн хороод хоорондын харилцан хамаарал, статус, тэдгээрийн чиг үүргийг хуулийн төслийн дөрөвдүгээр зүйлд заасан байна. Сонгууль явуулах хугацаанд гарах бүх харилцааг Орон нутгийн Хурлын сонгуулийн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлан зохицуулахаар төсөлд тусгажээ.

                        Д.ОЮУН

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж