В.Нямхандын хэргийг прокурорт шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

В.Нямхандын хэргийг прокурорт шилжүүлнэ

Эх орноосоо урвасан хэргээр шалгагдаж  буй  Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын орлогч дарга асан, хурандаа В.Нямхандад холбогдох хэргийг шүүх анхан шатны хурал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 16-нд Хан-Уул дүүргийн шүүхэд болж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.  Түүний хэрэгт Тагнуулын ерөнхий газраас мөрдөн байцаах ажиллагаа явуулж, дуусах  шатандаа оржээ. Тиймээс ирэх долоо хоног гэхэд Прокурорын хяналтад шилжүүлэх юм байна.

Түүнийг Сөрөх тагнуулын албанд ажиллаж байхдаа төрийн нууцад хамаарах баримт бичгийг задруулсан хэрэгт буруутгаж байгаа юм. Түүний хэрэгт үүсгэсэн Эрүүгийн хуулийн 79.1 заалтад “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол 16-25 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.  Маш нууцын зэрэглэлд  хамаарах энэхүү хэрэгт яллагдагчаар татагдсан В.Нямхандын өмгөөлөгчөөр Гавьяат хуульч Т.Жанцан, Ц.Цэрэнжээ нар ажиллаж байгаа юм.

Өнгөрсөн онд УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажил­лагааны хэлтсийн зөв­­­лөх Ц.Жаргалсайханыг эх  орноосоо урвасан гэх үндэс­лэлээр 17 жил хо­рих ял оноо­ж байв. Гэсэн ч Дээд шүүх хэргийг хянан хэлэлцээд түүнд хоёр шатны шүүхээс оноосон эх орноосоо урвасан гэх  79.1 дэх зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн 87.1  буюу төрийн нууц задруулсан хэргээр таван жилийн хорих ял оноож байсан юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж