Банк дампууруулсан этгээдүүдийг нэрлэхийг хүсэв

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Банк дампууруулсан этгээдүүдийг нэрлэхийг хүсэв

УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын үнэт цаас гаргахыг
зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Түүгээр
төсвийн алдагдлыг нөхөх зориулалттай 300 тэрбум төгрөгийн бонд гаргах
тухай асуудал хэлэлцсэн юм. 

Гишүүн С.Бямбацогт энэ үеэр “300
тэрбум төгрөгийн бондыг юунд зарцуулах юм бэ. Өнгөрсөн жил үндэсний
үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихээр гаргасан бондын
хэрэгжилт яасан бэ. 2012 оныг өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил болгосон.
Түүнийг хэрхэн дэмжих  вэ гэсэн асуулт тавилаа.

Сангийн сайд
Д.Хаянхярваагийн хариулснаар төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар
Засгийн газраас 300 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болжээ. Өнгөрсөн жил
жижижг, дунд үйлдэрлэлийг дэмжихээр гаргасан бондоос арав гаруй тэрбум
төгрөгийг малчид өөрсдөө материалаа бүрдүүлж өгөөгүйгээс шалтгаалж
ашиглаж амжаагүй байгаа аж.

Гишүүн Ж.Батсуурь “Төсвийн цаг
зуурын хүндрэлийг нөхнө гэдэг нь  юу гэсэн үг болох, 2012 онд ямар
хүндрэл гарах гээд байгаа, түүнийг  урьдчилж хараад хэлээд байгаа юу”
гэсэн асуулт тавьсан юм.  Өмнөх бондуудын үр ашиг тааруу байгаа. Мөн
ноос, ноолуур, үндэсний үйлдвэрлэл дэмжих чиглэлээр Засгийн газраас
өнгөрсөн жил гаргасан мөнгийг төрийн албан хаагч, дарга нар авч
хэрэглэсэн гэсэн үг яриа хөдөөгийнхнөөс нэлээд дуулдаж байгааг Сангийн
яам хэрхэн үзэж буй, Зоос банк дампууруурахад хадгаламж эзэмшигчдийн
мөнгийг төсвөөс төлж хохиролгүй болгосон. Харин хэн тэр мөнгийг завшиж
банк дампууруулсныг төсвийн, татвар төлөгчдийн мөнгөөр төлчихөв гэсэн
асуултыг тэрбээр тавилаа.

Сангийн сайд Д.Хаянхярваагийн хэлснээр
цаг зуурын хүндрэл гэдэг нь тухайлбал, оны эхний улиралд орлого
төвлөрүүлэхэд хэцүү байдаг. Энэ мэт үед бэрхшээл гарвал хэрэглэх
зориулалтын мөнгө гэлээ. Мөн ноос, ноолуурын үйлдвэрлэл дэмжих хөрөнгөөс
10-аад тэрбум төгрөг олгоогүй байгаа нь малчдаас өөрсдөөс нь хамаарсан
гэж байв.

Зоос банкны дампуурлын талаар Сангийн яамны газрын
дарга н.Тавинжил хариулахдаа “Засгийн газар, Монголбанкны гэрээгээр
хадгаламж эзэмшигчдийн хохирлыг төлсөн. Зээл авч ашигласан хүмүүс бий.
Монголбанкны эрх хүлээн авагч өр барагдуулахаар ажиллаж буй. Өнгөрсөн
жил 14 тэрбум энэ жил 20 тэрбум төгрөгий өр барагдуулах төлөвлөгөөтэй
явж байгаа” гэлээ.

Төсвийн алдагдлыг нөхөхөөр өмнө нь 503 тэрбум
төгрөгийн бонд гаргасан судалгаа байдаг. Бондын өр авлага байхгүй.
Бүрэн арилжигдаж зориулалтаараа хэрэглэсэн гэж Сангийн сайд хэллээ.

Н.Ганбямба
гишүүн “Монгол газар”-ын Ц.Мянганбаяраас цааш банк дампууруулагчдаас
нэг их хүн нэрлэдэггүй. Банкны том том зээлдэгчдийг ил гаргах ёстой,
нэрлээд өгөөч” хэмээн шаардаж байв. Банкны хадгаламж дахь дөрөв таван их
наяд төгрөгийг эзэмшдэг цөөхөн хүн бий. Тэднийг ч зарлая гэв. Өмнөх
бондын ашиглалтын байдлыг ил тод зарлах ёстойг ч сануулав.

Сангийн
сайд Д.Хаянхярваа нэр заасан бонд нь Олон овоот, Зоос банктай холбоотой
бондууд байсан гээд Н.Ганбямба гишүүний бусад асуултыг санал хэмээн
үзсэнээ хэлэв.

Санал хураалт хийх гэтэл гишүүдийн ирц хүрсэнгүй.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Төсвийн байнгын хорооны шинэхэн дарга
О.Чулуунбатыг өөрөө орж ирж товчлуураа дарахыг урилаа. Тэрбээр “Байнгын
хороодын дарга болсноо том хүн боллоо гэж боддог юм уу. Орж ирж ажлаа
хий” хэмээн шинэ дарга нараа зэмлэж байв. Хэсэг хугацааны дараа санал
хураалт болж тогтоолын төслийг хэлэлцэхийг гишүүд дэмжиж Төсвийн байнгын
хороонд шилжүүллээ.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж