Бразилийн Баия мужид бүтэн долоо хоног үргэлжилж буй цагдаа нарын ажил хаялтыг зогсоох хэлэлцээ үр дүнд хүрээгүй байна. Мужийн нийслэл Сальвадор хотод цэргийнхэн болон холбооны цагдаа нарын бүсэлсэн шүүхийн байранд цагдаагийн 300 гаруй ажилтнууд ажил хаялт зарлажээ. Ажил хаялтаас болж Сальвадор хотод гэмт хэргийн тоо эрс өсч байгаа бөгөөд хүн амины 100 гаруй хэрэг гарсан гэнэ. Сальвадор хот удахгүй карнавал наадам үзэх хэдэн арван мянган жуулчдыг хүлээн авах юм байна. Тус хотын аялал жуулчлалын газрын албаны хүмүүсийн хэлж буйгаар карнавал үдэшлэгүүд төлөвлөсөн цаг хугацаандаа эхлэх гэнэ. Гэвч үүсээд буй нөхцөл байдлаас болж жуулчдын 10 хувь нь аялалаа цуцалсан талаар тус улсын Аялал жуулчлалын агентлагуудын холбоо мэдээлсэн байна. Бразилийн гуравдахь том хот Сальвадорт 2014 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болох юм. Баия мужийн захирагчийн хэлж буйгаар тус мужийн цагдаагийн 30,000 гаруй албан хаагчийн гуравны нэг хувь нь уг ажил хаялтад оролцсон гэнэ. Гэмт хэргийн гаралт ихтэй тус мужийн цагдаагийн албан хаагчид цалингаа нэмүүлэхийг хүсч байгаа аж. Тус мужийн цагдаагийн ажилтнууд дунджаар 1,100-1,330 ам.долларын цалин авдаг байна. Бразилийн Рио Де Жанейро хотын эрх баригчид цагдаагийн ажилтнууд, гал сөнөөгчид болон шоронгийн хуягуудыг ажил хаяж болзошгүй гэж сэргийлэх арга хэмжээ авахаар болжээ. Учир нь тэд ч бас ажиллах нөхцөл муу, цалин бага талаар гомдоллох нь ихэссэн гэнэ. Рио Де Жанейрод карнавалууд энэ сарын 18-наас эхлэх юм байна.
Н.Энх