”Цалин нэмж байгаа нь авлигын нэг хэлбэр” гэв

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

”Цалин нэмж байгаа нь авлигын нэг хэлбэр” гэв

Засгийн газар төрийн албан хаагч, өндөр настны тэтгэврийг нэмэх асуудлыг яаравчлах үүднээс УИХ дахь Ардчилсан намын бүл­гийн шийдвэрийг үг дуугүй биелүүлсэн. Ингээд Төсвийн тодотголын төслийг уржигдар өргөн барьсан бол УИХ-ын нэгдсэн чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр анхны хэлэлцүүлгийг нь хийлээ. “Төсвийн тодотголын төслөө оруулаад ир. Тэгэхгүй бол завсарлага авна” гэж байсан Ардчилсан намын бүлгийн гишүүд энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаагаа дахин илэрхийлсэн юм.

Засгийн газрын зүгээс Монгол Улсын 2012 оны төсвийг 172 тэрбум төгрөгөөр тодотгох талаар хуулийн төсөл оруулж ирсэн.  Тодруулбал, төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим төрлийн тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх хугацааг хоёрдугаар сарын 1, тавдугаар сарын 1-ний өдөр байхаар наашлуулан тогтооход улсын төсөвт нийт 161.5 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын сан­гийн төсөвт 13.9 тэрбум төгрөг, орон нут­гийн төсөвт 8.8 тэрбум төгрөг шаард­лагатай  байгаа ажээ. Төсвийн тэнцэл, эх үүс­­вэрийн хувьд Монгол Улсын өнгөрсөн оны урьдчилсан гүйцэтгэл, нийгэм, эдийн зас­гийн үзүүлэлтүүдэд гарч буй өөрчлөлтүүд, УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой өөрчлөлтүүдийг тус­гахад нэгдсэн төсвийн орлого 177.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж зургаан их наяд 3.6 тэрбум төг­рөг болохоор байгаа аж. Мөн төсвийн зар­лага 158.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж зургаан их наяд 467.7 тэрбум төгрөг, төсвийн тэнцэл 464.1 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий гурван хувьтай тэнцэхээр гарчээ.

Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд үүнийг “Ам.доллар, шатахууны ханш өссөн. Энэ үед цалин, тэтгэврийг нэмж болж байна уу. Сонгууль дөхөж байгаа энэ үед цалин нэмэх гээд ярьж байгаа нь авлига өгч байгаа нэг хэлбэр” гэж шүүмжилж байлаа. Тус бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Цалин, тэтгэврийг ядаж гуравдугаар сарын 1-ээс нэмж болохгүй юу. Цагаан сарын дараа нэмж болно шүү дээ” гэж байв. Мөн тус намын бүлгийн гишүүд “Цалин, тэтгэврийг болгоомжтой нэмэхгүй бол дэлхий нийтэд болж буй эдийн засгийн хямралын хөлд Монголын эдийн засаг нуран унаж болно” гэлээ.  З.Энхболд гишүүн “Цалин, тэтгэврийн нэмэгдэл 200 мянган хүнд л очино. Харин цаана нь нэг сая гаруй хүн инфляцийн дарамтад орно” гэв. Ардчилсан намын бүлгийн гишүүд ийм саналтай байгааг сонссон Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Төрийн албан хаагчид болон өндөр настнуудад цалин, тэтгэврийг нь хоёрдугаар сарын 1-ээс нэмнэ гээд амалчихсан. Энэ бол хамтарсан Засгийн газрын үед гаргасан шийдвэр. Тиймээс Ардчилсан намынхан энэ асуудлаар нааштай шийдвэр гаргах байх” гэж учирласан юм. Ийнхүү хэлэлцсэний эцэст Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдааны дараа Ардчилсан намын бүлэг хуралдав. Энэ үеэр “Төсөвт тодотгол хийхийг Ардчилсан нам дэмжихгүй. Гарах сөрөг үр дүнг Ардын намынхан дангаараа үүрэх биз” гэдгийг хэлэлцжээ. Харин дараа нь байнгын хороод дээрх асуудлыг хэлэлцсэн юм. Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Ардчилсан намын бүлэг гаргасан шийдвэрээ танилцуулж УИХ-ын гишүүн З.Алтай дэмжиж байгаагаа илэрхийллээ. Мөн УИХ-ын гишүүн Я.Батсуурь “Төсвийн тодотголын төслийг буцаая” гэж хэлж үзэв. Тэрбээр “Дэлхийн эдийн засаг хүндэрч, хямрал нүүрлээд байхад цалин, тэтгэвэрийг ингэж нэмж таарахгүй. УИХ-ын 2008 оны сонгуулиар намууд баахан юм амласан. Сонгуулийн дараа хямрал эхэлсэн. ОУВС монголчуудыг 2008 оноос сургамж авсангүй гэж шүүмжилж байна. Тэр илүү гарч байгаа мөнгийг төсвийн тогтвортой байдлын санд төвлөрүүлж хямралаас сэргийлэхэд зориулах ёстой. Инфляци одоо явж өгнө. Цалин тэтгэврийг аравдугаар сар хүртэл сар тутам гурваас таван хувь нэмэхэд болохгүй зүйл байхгүй” гэж үзэж байгаа аж. Гэсэн ч энэ саналыг гишүүдийн олонхи нь дэмжээгүй юм. Эцэст нь Төсвийн тодотголын төслийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж