“Шаварт унасан шарга даага” гэгчээр энэ лай ланчигтай ажлаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд үүрүүлж, нүгэл үйлдүүлэхээр шийдсэн аж. Насаараа нам дагасан өвгөн дарга даалгавар биелүүлэхгүй гээд хаачих вэ. Муухан мушигнаад ажилдаа орж явчихаж. Байнгын хорооны дарга нарыг томилохдоо баруун, зүүн аймгаар нь тэнцвэржүүлэх аядаад хэдэн нэр бариад орсон нь бүлгийн хурал дээр чамгүй маргаан дэгдээсэн сурагтай. Ямартай ч УИХ дахь байнгын хорооны дарга нарыг томилохдоо АН, МАН-аараа аятайхан хуваагаад хүч тэнцүүлсэн байдлаар хуваарилсан нь ийнхүү задарч, Ардын намын УИХ болж хувирлаа. Сонгуулийн өмнө Их хурлаараа “тоглож” буй олонхийн намыг ямархан хувь тавилан тосч буйг хэн ч таашгүй. Гагцхүү УИХ-ын дарга Д.Дэмбэрэл дахин энэ албанд томилогдохгүйгээ гадарлаад намын удирдлагынхаа даалгавраар сүүлчийн “нүгэл”-ээ үйлдсэн нь энэ болов уу. Түүнчлэн “Хорхойд хоргүй явсан спикер “хүүхдүүд”-ээс ихийг сурч байна” хэмээн үе тэнгийнх нь “сөрөг хүч”-нийхэн үг хаяад авсан гэнэ. Хор найруулахыг өдий насанд сурна гэдэг хоцрогдоогүйн шинж гэж егөөдөх хүн ч цөөнгүй байгаа аж.
"Улс төрийн тойм" сонин