Харин энэ шаардлагын биелэлт хугацаандаа хэрэгжсэн үү, шатахууны үнэ цаашид хэрхэх вэ гэдгийг тодруулахаар холбогдох хүмүүстэй уулзлаа. Эхлээд МҮЭХ-оор орлоо. Эднийх хурал, зөвлөгөөн гээд тун завгүй байгаа бололтой. Бас удирдах ажилтнуудын сураг нь энд тэнд томилолтоор явсан гэж дуулдав. Гэхдээ тус эвлэлийн Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга Б.Батбилэг байсан юм. Түүнээс дараах асуултуудад хариулт авлаа.
-Засгийн газарт танай байгууллагаас шатахууны үнийг бууруулах талаар тавьсан шаардлагын үр дүн өнөөдөр /өчигдөр/ гарна. Гэтэл одоо хүртэл тодорхой ажил хийсэн нь харагдахгүй байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-МҮЭХ, Эрдэс баялаг, эрчим хүчний яам /ЭБЭХЯ/, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо гээд төрийн байгууллагуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулагдсан. Дотроо цалин хөлс, мөнгө санхүү, шатахуун гэсэн гурван албатай. Бид зөвлөлдөж шатахууны үнийг бууруулах боломжтой юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тэгээд Засгийн газарт шаардлага хүргүүлсэн нь тэр. Энэ нь зарим талаараа ажил хэрэг болсон. Үүнд шатахууны онцгой албан татварыг тэглэсэн гэхчлэн эерэг үр дүнгээ өгсөн зүйл бий. Манай байгууллага асуудлыг шийдэх эрх бүхий байгууллага биш. Харин шаардлага тавих байгууллага болохоор бид асуудлаа шийдүүлэхийн төлөө ажиллах болно. Засгийн газраас өгсөн хариу гэвэл “Хавар газар гэсэхээр уул уурхайн олборлолт нэмэгдэнэ. Хөрөнгө оруулалт ч гэсэн ихсэх болохоор тэр хэмжээгээр ам.долларын нийлүүлэлт өсч төгрөгтэй харьцах ханш нь буурна. Тэр хүртэл төрөөс бодлогоор ам.долларын үнэд нөлөөлөх боломжтой” гэсэн.
-Танай байгууллага Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ингэснээр ямар үр дүн гарав?
-Тус байгууллага шатахууны үнэ нэмэгдсэнээр бусад бараа бүтээгдэхүүний үнэ хэр хэмжээгээр нэмэгдэж вэ гэдэг дээр мэргэжлийн судалгаа хийх учиртай. Иймээс асуудлын тэнцвэртэй байдлыг хангахын тулд хамтарч ажиллахаар болсон. УИХ-аас Засгийн газарт шатахууны гаалийн онцгой албан татвар тэглэх эрхийг нь өгчихсөн. Харин одоо ЭБЭХЯ шийдэх үлдлээ. Бид ямар ч байсан нэг хэсэг хүлээнэ. Манай Ерөнхийлөгч Япон руу томилолтоор явчихсан байгаа ирэх долоо хоногт ирнэ.
Тэрбээр ийн ярьж байна. Түүнчлэн МҮЭХ-оос шатахууны улирлын нөөц бүрдүүлэх талаар тавьсан шаардлагыг нь Засгийн газар хүлээж авсан аж. Гэхдээ энэ асуудлыг УИХ-ын хаврын чуулган эхлэхээс нааш шийдэхгүй бололтой. Эрдэс баялаг, эрчим хүчний яамны сайд болон дэд сайд нартай холбогдоход дараах хариултыг өгсөн юм. ЭБЭХ-ний сайд Д.Зоригт “Засгийн газар нефтийн бүтээгдэхүүний үнийг бууруулах тогтоолыг ямар ч тохиолдолд гаргах боломжгүй. Одоогийн байдлаар нефтийн бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн нэгдүгээр сарын 6-ны өдөр нэмсэн үнэ ханшаас 70 төгрөгөөр буураад байгаа” хэмээв. Мөн дэд сайд Ц.Гарамжав “Засгийн газраас өгсөн үүргийн дагуу бид нефть импортлогчидтой бүтэн долоо хоногийн турш хэлэлцээр хийлээ. Одоо хэлэлцээр ид явагдаж байгаа учраас өнөөдөр шатахуун хуучин үнэндээ буцаж очно гэж найдах хэрэггүй байх. Хамгийн гол нь нефть импортлогч компаниудын нэгдсэн шийдвэр чухал байгаа учраас нэгдсэн саналд хүрэхээр ажиллаж байна.. Хэрэв нэгдсэн саналд хүрчихвэл шатахууны үнэ буурч, хуучин хэвэндээ орно” гэсэн хариулт өглөө.
Салбар хариуцсан яам нь ийм хариулт өгсний дараа шатахуун импортлогчидтой уулзахад мөн л таатай хариу өгөв. Учир нь тэд ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1400 төгрөг хол давсан үед авсан шатахууны нөөц нь одоо хүртэл дуусаагүй байгаа. Харин Засгийн газраас шатахууны гаалийн онцгой албан татварыг тэглэсэн, Монголбанкнаас ам.долларын ханшийг буулгасан зэрэг арга хэмжээнүүд “нүдээ олжээ” гэв. Энэ талаар Монголд шатахуун нийлүүлэгч томоохон компаниудын нэг “Сод Монгол” компанийн Борлуулалт, марктенгийн газрын захирал Д.Сүхбаатараас тодруулахад.
“ОХУ-ын шатахууны экспортын үнэ сүүлийн гурван сард буугаагүй. Манай компанид өмнө нь 1398.8 ам.доллараар авсан шатахууны нөөц дуусаагүй байгаа. Харин одоо хямдарсан үнээр буюу 1358 ам.доллараар авсан шатахуун замд ирж яваа. Ямартай ч цаашдаа өндөр үнээр авсан шатахуун дуусахаар импортлогчид бүтээгдэхүүний үнээ тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой гэсэн үг” хэмээсэн юм.
"Улс төрийн тойм" сонин