Махмуд Ахмединежадыг парламентад дуудав

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Махмуд Ахмединежадыг парламентад дуудав

Ираны хууль тогтоогчид Ерөнхийлөгч Махмуд Ахмединежадыг парламентад дуудаж, эдийн засгийн менежментийн  талаар явуулж буй бодлогын талаар тайлбар хийхийг хүсчээ. 1979 оны Ираны хувьсгалаас хойш тус улсын парламент анх удаа ерөнхийлөгчийг дуудаж байгаа нь энэ юм. Тегераны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцсэн АНУ болон өрнөдийн орнууд эдийн засгийн хориг тавьсантай зэрэгцэн Ираны улс төрийн дотоодын зөрчил хурцдаж байгаа гэнэ. Ираны Дээд удирдагч Али Хаменийн талд ажилладаг өндөр албаны хүмүүс болон хэвлэл мэдээлэл Ерөнхийлөгч Махмуд Ахмединежадыг хатуу шүүмжилж, түүний эсрэг кампанит ажлыг эхлүүлжээ. Ираны мэдээллийн агентлагууд Ерөнхийлөгч Ахмединежад болон түүний залгамжлагч гэгдэж буй хүргэн ах Рахим Машаиг хурцаар шүүмжлэх болсон гэнэ. Ираны “Mehr” мэдээллийн агентлагийн мэдээлснээр Ерөнхийлөгч Ахмединежад Ираны тагнуулын газрын даргыг албан тушаалд нь эргүүлэн томилох Дээд удирдагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүйн шалтгааныг хууль тогтоогчид асуухаар төлөвлөж байгаа гэнэ. Ираны хууль тогтоогчид Ерөнхийлөгч Ахмединежадын Засаг захиргааны ажлын тайлан өнөөг хүртэл хангалтгүй байсан гэж үзэж байгаа аж. Тус улсын Үндсэн хуульд зааснаар парламентад дуудсанаас хойш нэг сарын дотор ерөнхийлөгч тайлан хийх ёстой гэнэ. 2005 онд Ираны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн авсан Махмуд Ахмединежад 2009 онд улиран сонгогдсон нь сөрөг хүчний зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байсан юм. Ираны Дээд удирдагч Али Хамени Ахмединежадыг улиран сонгогдоход түүнийг дэмжиж, эсэргүүцэгчдийн хөдөлгөөнийг дарж, босогчдыг шоронд хорьж, цаазаар авсан билээ. Ираны Ерөнхийлөгч асан Али Хамени 1989 онд Аяатолла Хомениг нас барсны дараа тус улсын Дээд удирдагч болсон байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж