Ерөнхийлөгч судлаачдад илгээлт явуулав

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч судлаачдад илгээлт явуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Чингис хаан судлалын тулгамдсан асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Гадаад харилцааны яаманд үргэлжилж байна. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогсдод Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт явуулсан байна. Илгээлтэд,

“Та бүхэнд Монголын төр, ард түмний өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Энэ жил монголчууд бид Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч, манай үндэсний баатар Эзэн богд Чингис хааныхаа сүүдэр тохиосны 850 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлнэ.

Өнгөрсөн нэгдүгээр сард миний бие “Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох тухай” зарлиг гаргасан билээ. Чингис хааны мэндэлсний ой бол их хаанаараа бахархах, эцэг дээдсийнхээ гавъяа зүтгэлийг дэлхий дахинаа алдаршуулах үйл хэрэг байх ёстой. Түүхэн их хүмүүний мэндэлсний 850 жилийн ойг ёслон тэмдэглэх олон талт арга хэмжээний салхийг хагалж, өлзий учрал бүрдсэн энэ сайхан өдөр олон улсын эрдэмтэн мэргэд Та бүхэн нэгэн дор хуран чуулж, Чингис хаан судлалын тулгамдсан асуудлуудыг тал бүрээс нь нягтлан хэлэлцэж, оюуны цэцээ шалган сорьж байгаа нь Чингис судлалыг хөгжүүлэх үйлсэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна. Чингис хаан Ази, Европ тивийн улс төр, худалдаа, соёл, шашны харилцааг хөгжүүлж, нүүдлийн болон суурин соёл иргэншлийг холбож, дэлхийчлэлийн үндсийг тавьсан нь хүмүүн төрөлхтний хөгжлийн түүхэнд түүний оруулсан аугаа том гавьяа мөн. Тэрбээр дэлхийн бодлогыг тодорхойлон төвхнүүлэгч байсан юм. Үүний учир дэлхий дахинд Чингис хааныг түүхэн бие хүнийх нь хувьд судлан танин мэдэх гэсэн шинжлэх ухааны хэрэгцээ, сонирхол улам бүр өсөх болсон билээ. Эдүгээ Чингис хаан судлал эрийн цээнд хүрч эрдэм судлалын чухал салбар болсныг онцлон тэмдэглэхэд таатай байна. Өнгөрсөн хугацаанд Чингис хаан судлалд Монголын болон дэлхийн олон орны судлаачид их зүйлийг хийж, шинжлэл судлалын арвин баялаг өв санг бүтээн туурвиж чадсан нь бахархалтай юм. Хэдий тийм боловч өдгөө Чингис хаан судлалын салбарт хариу өгвөл зохих олон асуудал хуримтлагдан шийдлээ хүлээж буйг эрдэмтэн судлаачид Та бүхэн сайн мэдэж байгаа. Өнөөдөр Чингис хаан судлал эдийн засаг, улс төр, шашин, гүн ухаан, цэргийн урлаг, соёл, ёс зүй, эртний судлал, сурган хүмүүжүүлэх зэрэг мэдлэгийн олон салбарын зааг уулзварт орших шинжлэх ухааны цогц судлагдахуун мөнийн хувьд түүний хүрээнд цаашид нарийвчлан судалж, шинжлэн илрүүлэхэд чиглэгдсэн их ажил байна. Энэ бүх тулгамдсан асуудлыг хэлэлцэн тодруулж, гаргалгаа шийдлээ зөв тодорхойлж, оюун бодлоо цэгцлэн, ухаан санаагаа уралдуулах үйлсэд өнөөдөр Та бүхний зохион байгуулж буй “Чингис хаан судлалын тулгамдсан асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал ач тусаа өгөх нь дамжиггүй. Монгол үндэстэн бол хүн төрөлхтний түүхэнд их түүхийг бүтээсэн, томоохон соёл иргэншлийг бий болгосон цөөн үндэстний нэг билээ. Их Монгол Улс бий болохдоо, Эзэн Чингис хаан маань төрж, төр улсыг удирдахдаа хоосон газар эхлээгүй. Тэр үед төр улсыг удирдах мянганаар, зуунаар тоологдох уламжлал байсан гэдэгт би эргэлздэггүй. Эзэн Чингис хаан тэр аугаа уламжлалыг судалж, тэр бүхнийг эцэг эхээсээ, ахуй орчноосоо өвлөн авч, түүнийг цааш нь чадварлагаар хөгжүүлж үр хойчдоо үлдээж өгсөн нь үнэхээр гайхамшиг юм. Мянган жилээр уламжилж ирсэн цэргийн зохион байгуулалт, төр нийгмийн зохион байгуулалт, ахуй амьдралын зохион байгуулалтыг бидний өвөг дээдэс уламжилж аваад баяжуулаад, улмаар дэлхийн хэмжээнд хүргээд хойч үедээ хүлээлгэн өгсөн байна. Ардчиллын талаас нь яривал монголчууд бол ардчиллын, төр удирдах ёсны төлөөллийн багагүй уламжлалтай ард түмэн. Бид ард иргэдээ цуглуулж байгаад, их хуралдайгаа хийж байгаад Эзэн Чингис хаанаа сонгодог байсан. Их хаадаа тэгж сонгодог байв. Ардчилсан сонголт бол өөрөө их зүйлийг бий болгодог, өөрөө хөгжил дэвшлийг авчирдаг. Өнөөдөр Монгол Улс дэлхийн ардчиллын хамтын нийгэмлэгийг даргалж байгааг энд дурьдах нь зүйтэй болов уу.

Монголыг сонирхдог, судалдаг, дэмждэг, хамтран ажилладаг улс орон, хувь хүмүүс, байгууллагын цар хүрээ ихэд өсөн тэлж буйд Монгол Улсын Төрийн тэргүүн би баяртай байна. Та бүхэн манай оронд тухлан саатаж, эх нутаг, элгэн садан, анд нөхөддөө Монгол туургатны гал голомтоос халуун сэтгэгдэл тээн очихын сайн ерөөл дэвшүүлье. Түүнчлэн Чингис судлалын чиглэлээр идэвхийлэн ажиллаж буй “Чингис хаан” дээд сургуулийн эрдмийн хамт олонд баяр хүргэе.  Аугаа их хүмүүн Чингис хааны маань алдар суу мөнхөд мандан бадрах болтугай” гэжээ.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж