
Ингээд хэд хоногийн өмнөөс реклам нь цацагдаад байсан “Ой тогтоолтын нууц” нэртэй лекцийг сонсохоор өнгөрсөн бямба гаригт Аса циркэд очлоо. Тийм ч олон хүн цугларахгүй байх гэж бодож байсан маань том эндүүрэл байв. Циркийг тойроод дугуйрсан оочер үүсчихсэн байлаа. 400 километрийн цаанаас энэ лекцийг сонсохоор зорьж ирсэн гэх хижээл насны ах, нялх хүүхдээ тэвэрсэн залуу хос, өсвөр насны хүүхдээ хөтөлсөн аав, ээжүүд, оюутан сурагчид гээд тэнд бүх л насныхан цугларч. Иймэрхүү төрлийн үзвэр хүмүүст дутагддаг нь илт.
Энэхүү лекцийг “Монголын Оюуны Хөгжил, Оюуны спортын төв” ТББ, Аса цирктэй хамтран зохион байгуулсан. Тус төвийн тэргүүн, 2009 оны есдүгээр сард Турк улсын Анкара хотод болсон “Ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн”-д Монгол улсаа төлөөлөн анх удаа оролцож, нэг алт, гурван мөнгөн медалийн эзэн болсон Х.Хатанбаатар
“Ийм олон ой тогтоолт муутай хүмүүс ирнэ гэж бодсонгүй. Шороотой, салхитай энэ онцгүй өдөр энд бидний лекцийг зорьж ирсэн та бүгдэд баярлалаа” гэж үзэгчидтэй мэндчилэв.
Тэрбээр “Амжилтад хүрсэн хүмүүс биднээс юугаараа ялгаатай юм бэ? Уг нь бидэнтэй адилхан л хөл, гар, тархитай. Тэд гагцхүү эерэг сэтгэлгээтэйгээрээ л ялгаатай юм” гээд Х.Хатанбаатар эерэг сэтгэлгээний талаар нэгэн сонирхолтой жишээ хэлсэн.
Нэгэн гутлын үйлдвэрийн эзэн нэг менежерээ Африк руу гутлын бизнес судлуулахаар явуулж л дээ. Тэгсэн өнөө менежер онгоцноос дөнгөж буунгуутаа л баахан хөл нүцгэн африкчуудыг хараад сэтгэлээр унаад эзэн рүүгээ шууд утасдаж гэнэ. Тэгээд “Эзэн минь, энд чинь юун гутлын бизнес хийх манатай. Яагаад ч бүтэхгүй санаа байна. Энд гутал өмсдөг хүн нэг ч алга” гэж хэлсэн байна. Ингээд эзэн өнөөх менежерээ сөрөг сэтгэлгээтэй нэгэн болохыг мэдэж авч. Удалгүй үйлдвэрийн эзэн арай эерэг сэтгэлгээтэй байж магадгүй гэж үзсэн нэгэн менежерийг дахин тийш нь явуулжээ. Нөгөө менежер онгоцноос буунгуутаа л эзэн рүүгээ баяр хөөр болон утасдаж “Энд чинь дүүрэн гуталгүй хүмүүс байдаг юм байна. Жинхэнэ гутлын бизнес хийж болох газар гэдэг чинь л энэ байна даа” гэж ярьсан гэдэг.
Ой тогтоолтоо сайжруулахын тулд ч эерэг сэтгэлгээтэй байх хэрэгтэй гэсэн мессежийг үүгээр ойлгуулав.
Хатанбаатар цаашаа “Ой тогтоолт бол авъяас биш. Энэ бол зүгээр л чадвар, техник. Манай монголчууд дээр үеэсээ л ой тогтоолт сайтай хүмүүс байсан. Жирийн малчид ямар билээ? Тэд өч, төчнөөн зуун малаа нэг хараад л зүсээр нь мэддэг.
Тээврийн жолоочид байна. Тэд хөдөө эзгүй, чиг зүг нь мэдэгдэхгүй газар нэг явсан замаа огт мартдаггүй” гээд дэлхийн түүхэнд ч бас ой тогтоолтын мундаг жишээнүүд байдаг талаар үргэлжлүүлэн ярьсан.
Цуут Напелеон жанжин гэхэд л 30000 цэргийнхээ нэрсийг бүгдийг мэддэг байсан ажээ. Ян гэдэг хятад залуу 57000 үгтэй Оксфордын толь бичгийг бүгдийг цээжээр мэддэг гэнэ. Толь бичиг дотроос хаанаас нь ч хамаагүй үг асуухад Ян хуудасны дугаартай нь, илэрхийлсэн утга санаатай нь шууд хэлдэг байна. Ой тогтоолтын дэлхийн долоон удаагийн аварга Доминик гэгч нэг цагийн дотор 320 гадаад үг, 150 хятад ханз үсгийг цээжилж чаддаг гэж бодохоор дуу алдмаар мундаг байгаа биз.
Түүнийхээр бид эхэнд дурдсан шиг олон, олон ой тогтоолттой холбоотой проблемуудаас маш амархнаар гарч чадна гэсэн. Ингээд Хатанбаатар үндсэн сэдэвтээ шилжихээс өмнө үзэгчдийн дунд нэгэн сорилыг явууллаа. 5-Баавгай, 3-малгай, 19-усан сан гэхчилэн 20 үгийг дугаартай нь байр дараалалгүйгээр хэлээд үзэгчдийн дундаас хэдэн хүнийг сонгон шалгасан. Хамгийн дээд тал нь нэг хүн 20 үгнээс гурав, дөрвөн үгийг л зөв хэлсэн байх. Үзэгчид тэр чигтээ хамгийн сүүлд хэлсэн гурав, дөрвөн үгийг л санаж байв. Америк болон Европын орнуудад энэ сорилыг явуулахад сорилд оролцогсдын нийт 90 хувь нь тав хүртэлх л үгийг санадаг аж. Үлдсэн 10 хувь нь л таваас дээш үг санадаг гэсэн үг.
Сорилын тааруухан үр дүнг харсны дараа Хатанбаатар үзэгчдэд “Лекцээс гарсны дараа та маш сайн цээжилдэг болсон байх болно. Үүнд 100 хувь итгэлтэй байж болно” гэж хэлсэн. Үнэхээр лекцийн төгсгөлд бидний дунд дахин сорил явуулахад эхний сорилоос хэд дахин олон үгийг санаж байсан юм.
Ингээд ой тогтоолтын мастер Х.Хатанбаатарын өнгөрсөн оны аравдугаар сард үүсгэн байгуулсан “Монголын оюуны хөгжил, оюуны спортын төв”-ийн дөрвөн сурагч үзэгчдэд ой тогтоолт, анхаарал төвлөрлийн онцгой үзүүлбэрийг үзүүлж чадвараа гайхууллаа. Ариунаа гэх сурагч нь өөр хүний сайтар хольсон 52 хөзрийг хэдхэн минутад дэс дараагаар нь цээжлээд бүгдийг нэрлэсэн. Ганц нэг хөзрийг мартсаныг эс тооцвол бараг л бүгдийг нь яг таг нэрлэж чадсан нь үнэхээр гайхшруулмаар байв. Ийм хүнтэй хөзөр тогловол лав л бүтэхгүй юм байна гэж бодогдсон. Бас нэг сурагч үзэгчдийн дундаас зургаан хүний төрсөн он, сар, өдрийг нь хэлүүлээд ямар гаригт төрснийг нь секундын дотор л “тааж” байв. Өөр нэг сурагч 64 нүдийг морины нүүдлээр нэг нүдэндээ дахин очихгүйгээр дуусгав. Гэхдээ өөрөө тэр самбарыг харалгүйгээр шүү дээ.
Анх энэ анхаарал төвлөрөх аргыг америк хөлбөмбөгийн нэг багийнхан туршиж байсан ажээ. Америк хөлбөмбөгт анхаарал төвлөрөл юу юунаас чухал байдаг гэдэг. Одоо энэхүү анхаарал төвлөрлийн аргачлалыг мэргэжлийн бокс, хөлбөмбөг зэрэг анхаарал төвлөрөл гойд шаарддаг олон спортын төрлийн мянга, мянган тамирчид хэрэглэдэг байна.
Үүний дараагаар сүүлчийн сурагч Цогбадрах чадвараа гайхуулсан. Түүнд 1-45-ын хооронд дугаарласан янз бүрийн үгсийг үзэгчид энд тэндээс ямар ч дэс дараалалгүй хэлж, хүү эцэст нь бүгдийг яг эрэмбээр нь ягштал хэлсэн. Ердөө ганц сонсоод 45 үгийг тэгж нэрлэнэ гэдэг атаархмаар ой тогтоолт биз дээ?
Ингээд лекцний бас нэг анхаарал татаж байсан хэсэг болох гипноз эхлэв. Мастер гипнозч С.Тамир гэх залуу гарч ирээд гипнозд итгэдэггүй хүмүүсийг гараа өргөхийг хүсэв. Бараг хүмүүс тэр чигээрээ бүгд гараа өргөсөн дөө.
Тэр гипнозын талаар “Энэ бол чадвар. Түүнээс биш бурхнаас заяасан ч юм уу тийм зүйл биш л дээ” гээд гипнозын эхний шатны үзүүлбэрийг үзүүллээ. Эхлээд нэг залууг үзэгчээр биед нь соронз, янз бүрийн сатуркан утас зэрэг байгаа эсэхийг шалгууллаа. Тэгээд түүнийг гипноздоод мод шиг хатуу нэгэн болгоод хоёр сандлын түшлэгийн дээр хэвтүүлсэн. Хүзүү мөр хавьд нэг түшлэг, шилбэний хавьд нэг түшлэг. Ингээд хэсэг байж байгаад өөрөө биеийнх нь дунд хэсэг буюу гэдэс орчимд нь гарч гишгэдэг юм байна. Гайхмаар л юм.
Тэрбээр “өндөр оюуны илтгэцүүртэй хүмүүс ховсонд ордоггүй ч гэх юм уу яриа байдаг. Гэхдээ энэ бол хамаагүй. 70-аас дээш IQ-тай хүний 90 хувь нь гипнозд ордог” тухай яриад бас нэгэн сорилыг үзэгчдийн дунд явуулсан. Үүнийг та ч бас гэртээ, ажил дээрээ туршиж болно шүү. Анхааралтай уншаарай.
Нүдээ аниад төвлөрөх хэрэгтэй. Хоёр гараа урагш сунгаад баруун гарын алгаа доош харуулсан байдалд байлгана, харин зүүн гарын алгаа эсрэгээр нь дээш харуулаарай. Ингээд баруун гарын хуруунууддаа маш олон агаарын бөмбөлөг зүүсэн байгаагаар төсөөлөөд үз. Тэгээд таны баруун гар бөмбөлгөнүүдэд хөтлөгдөн дээшээ хөөрч байна. Таны гар өд шиг хөнгөн болсон байна гэж бодоорой. Харин нөгөө дээшээ харуулсан алган дээрээ хоёр литрийн данхтай цай бариад явж байна гэж төсөөлөх ёстой. Тэгэхээр данхтай цай барьсан алга хүндэрч доошилно гэсэн үг.
Энэ дасгалыг хийж анхаарлаа төвлөрүүлэх, төсөөлөх дадлаа хөгжүүлж болох гэнэ. Хэрвээ та үүнийг хийж чадаж байвал таны ой тогтоолт сайжрахад, хөгжүүлэхэд бэлэн гэсэн үг гэж Тамир тайлбарлаж байв. Дахин хэдэн гипнозын гайхамшгийг үзүүлээд Тамир хамтрагч Хатанбаатар ой тогтоолт, гипноз хоёрыг хослуулсан шинэ систем боловсруулсан тухай үзэгчдэд дуулгасан.
Ой тогтоолтын гол зарчим бол анхаарал төвлөрөлт, төсөөлөл, эцэст нь холболт гэнэ. Хатанбаатар цааш үргэлжлүүлэн “Бид ой тогтоолтоо хөгжүүлэхийн тулд эхлээд тархиныхаа үйл ажиллагаа, ажилладаг процессыг мэддэг байх хэрэгтэй. Ихэнх хүн тархиныхаа зүүн хагас бөмбөлгөө л ашигладаг. Уул нь баруун, зүүн хоёуланг нь ашиглах юм бол бид урт хугацааны ой санамжинд мэдээллээ хадгалж чадна. Манай боловсролын систем хүүхдийг зүгээр л механикаар цээжлүүлдэг нь зөвхөн зүүн тархийг ажиллуулж байгаа хэрэг аж. Ой тогтоолтын нэгдүгээр зарчим- маш сайн төсөөлөх. Мэдэрхүйн таван эрхтэнээ аль болох ой тогтоолтдоо ашиглавал сайн. Түүний дараагийн шат бол холболт. Мөн тэрбээр ойн тогтоолтын адилтгах аргын талаар ч дэлгэрэнгүй ярьсан юм. Хэрвээ та ой тогтоолтын талаар сонирхолтой мэдээллүүдийг авахыг хүсвэл www.memorysport.mn сайтаар зочлоорой. Энэ тэдний албан ёсны сайт шүү.
Гурван цаг үргэлжилсэн лекцийн туршид уйдах, сатаарах зав зай өчүүхэн ч гарсангүй. Үнэхээр сонирхолтой байлаа. Ой тогтоолтын мастер Хатанбаатарын амласнаар бидний ой тогтоолт ч лекцийн дараа гэхэд сайжирсан байв.
Өнөөдөр би нэгэн танилынхаа утасны дугаарыг цээжлэхдээ ой тогтоолтын адилтгах аргыг ашигласан. Энэ дугаарыг би лав хэзээ ч мартахгүй байх аа. Тархины баруун хагасаа ажиллуулж цээжилсэн учраас шүү дээ.
Ж.Индра