ЭЗ-ийн өсөлт иргэдэд нөлөөлж байна уу?

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

ЭЗ-ийн өсөлт иргэдэд нөлөөлж байна уу?

Засгийн газраас энэ онд эдийн засгийн өсөлтийг 25.6 хувьд хүрнэ хэ­мээн таамаглаж буй. Харин Мон­гол­банк 26.6 хувьд хүрнэ гэсэн. Олон улсын валютын сан, Дэлхийн банк өөр, өөрийнхөө эдийн засгийн өсөл­тийг тооцоолсон. Чухам энэ өсөлт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа нь асуудал болоод байна. Энэ талаар эдийн засагчдын байр суурийг сонирхлоо. 


Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ХӨӨС ГЭДЭГТЭЙ САНАЛ НИЙЛДЭГГҮЙ

-Эдийн засгийн өсөлт уул уур­хай, санхүү гэсэн хоёр салбарт өс­сөн. Харин бусад салбарт эдийн зас­гийн өсөлтийг бий болгохын тулд хугацаа хэрэгтэй. Дор хаяж 1-2 жил шаардлагатай. Эдийн засгийн өсөлттэй байгаа салбараас татвар авч бусад салбарыг хөгжүүлэх нь чухал юм. Энэ бүгдийг Засгийн газ­рын бодлогоор зохицуулах учир­тай. Эдийн засгийн өсөлт ир­гэ­дэд мэдрэгдэхгүй байна гэж хэлж болохгүй. Наанадаж иргэ­дийн цалин нэмэгдэж, баталгаа бий болж буй. Мөн зам барих төс­лийг хэрэгжүүлэхээр эрчимтэй ажил­ла­хаар төлөвлөсөн. Харин хөдөө аж ахуй, бүтээн байгуулалтын то­моо­хон төслийн тухайд хугацаа шаар­дана. Түүнчлэн эдийн засгийн өсөлт газар зүйн хувьд тодорхой бүс нут­гуудад төдийлөн мэдрэгдэхгүй байгаа. Иймээс л хугацаа хэрэгтэй гээд байгаа юм. Ер нь эдийн засаг сүү­лийн нэг жилийн хугацаанд хур­дацтай өслөө. Хэдийгээр манай улс эдийн засгийн өсөлтөөрөө дэл­хийд дээгүүрт явж байгаа ч буурай хөгжилтэй орны тоонд яваа гэдгээ ойлгох хэрэгтэй. Тийм учраас бага орлоготой орноос дунд орлоготой орны тоонд орох ёстой. Зарим эдийн засагч эдийн засгийн өсөлт хөөс гэж ярьж байгаатай санал нийлдэггүй. Нэг жишээ хэлэхэд манай улсад орон сууцны хороолол нэмэгдэж байна. Энэ нь эдийн засгийн өсөлт хөөс биш гэдгийг баталгаа юм. Ямартай ч эдийн засгийн өсөлтийг бүх сал­барт бий болгохын тулд төрийн бод­лого шаардлагатай. Жижиг, дунд үйлд­вэрлэлийг татвараас хөнгөлөх, хөгж­лийн индекст тулгуурлан хөгжүүлэх гээд олон арга бий.   

МҮАН-ын дарга М.Энхсайхан: ЭДИЙН ЗАСАГ ЭРҮҮЛ БИШ БАЙНА

-Хавдар гэдэг өвчин хүний биед зогсолтгүй, хурдтай өсдөг гэдгийг хүн бүр мэдэх байх. Эдийн засгийн өсөлт ер бусын хурдтай байна гэдэг нь эдийн засаг эрүүл биш байгаагийн дохио. Хавдар туссан хүний орга­низм үхдэг шүү дээ. Үүнийг бодох хэрэгтэй.  

Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн эдийн засгийн багш Ж.Үнэнбат: ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ӨСӨЛТӨӨР ХЭМЖИГДЭНЭ

-Эдийн засгийн өсөлт зөвхөн дотоо­дын нийт бүтээгдэхүүний өсөлтөөр хэмжигдэж байдаг. Нэг ёсондоо ир­гэ­дэд орлогын хуваарилалт хэрхэн хийж байгаа гэдгээс хамаарна. Ер нь эдийн засгийн өсөлт байж болно. Гагцхүү хүн амд хүртээмжтэй өсөлт үү гэдэг нь чухал.

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл: БИДНИЙ ҮГИЙГ СОНС, АНХААР

-Иргэдийн амьдралд нөлөөлөхүйц гур­ван үгийг бодлогодоо тусгаж өгөх хэрэгтэй. Энэ нь юу гэхээр тогт­вортой, тэнцвэртэй, оролцоотой өсөлт юм. Ардчилсан нам, Ардын нам аль нь хамаагүй энэ гурван үгийг л тусгах ёстой. Одоогоор нэг сек­торт дулдуйдсан эдийн засгийн өсөлттэй байгаа. Тиймээс л манай тан­хим дээрх гурван үгийг төрийн бодлогод тусга гэж санал болгоод байгаа хэрэг. Хэрэв тогтвортой, тэнц­вэртэй, оролцоотой өсөлтийг бий болгож чадвал эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ. Үүнд танхимын бо­лон хувийнхаа зүгээс 100 хувийн баталгаа өгч чадна. Ийм итгэлтэй байгаа учир эрх баригчдыг “Бидний үгийг сонс, анхаар” гээд байгаа юм. Бид ийм санаачилга гаргаад байгаа юм биш. Дэлхийн бусад улс орны туршлагад үндэслэж байна. Өөр зүйл байхгүй.  

Ц.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж