Байнгын хороодын дарга нарыг сонгож байна

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Байнгын хороодын дарга нарыг сонгож байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар байнгын хороодын дарга нарыг сонгож байна. Байнгын хорооны даргад нэр дэвшигчдийг тус тусын байнгын хороогоор хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг нэг бүрчлэн уншиж сонсголоо.

Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Одбаяр, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ж.Сүхбаатар нарыг улираан сонгох, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Р.Буд, Төсвийн байнгын хорооны даргаар О.Чулуунбат, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар  Д.Балдан-Очир, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар А.Тлейхан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Э.Мөнх-Очир нарыг сонгох асуудлыг эрхэм гишүүд хэлэлцэж байна.

Энэ үеэр гишүүн С.Эрдэнэ УИХ-ын бүрэн эрх дуусах дөхөж буй энэ үед Тавантолгойн асуудлыг хэрхэх, стратегийн 15 ордыг яаж ашиглах талаар асуулаа. Мөн төсвийн тодотголоор төсвийн байгууллагын 200 мянган хүний цалинг нэмж, хувийн хэвшлийн нэг сая гаруй хүнийг орхиж буй, эдийн засгийн өсөлт 20 хувьтай хэрнээ ядуурал 40 хувьд хүрсэн, цалин нэмснээр хоёр кг махыг 10 мянган төгрөгөөр авдаг байсан багш маргааш нэг кг махыг ийм үнээр авдаг болох гэж буй, гэгээн цагаан өдрөөр хүн бууддаг болсон зэргийг яаж шийдэхийг байнгын хорооны даргад нэр дэвшигчдээс асуулаа.

Эдийн засгийн байнгын хорооны даргад нэр дэвшигч Р.Буд үлдэж буй ахархан хугацаанд бүх зүйлийг бүтээх хялбар биш тул төсвийн тодотголоо сайн хийх, Тавантолгойн төслийг чамбайруулах асуудлыг чуулганы завсарлагаар шийдэх, стратегийн ордуудаа ашиглах асуудлыг мөн ажлын хэсэг гаргаж шийдэх боломжтойг хэллээ. Эдийн засгийн 20 хувийн өсөлт ямар үр дүнгээр гараад байгааг анхаарах, гадагшаа гараад явчих хөрөнгө эдийн засгийн өсөлтөд нөлөөлөөд байгаа эсэхийг бодож үзэх хэрэгтэй зэргийг хэллээ. Эдийн засгийн байнгын хорооны даргад нэр дэвшсэн гишүүн О.Чулуунбат өнгөрсөн хугацаанд хийж ирсэн ажлыг үргэлжлүүлэх, нэг их улстөржихгүй ажиллахыг эрхэмлэнэ гэдгээ хэлсэн юм. Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх юм байна. Одоо эрхэм гишүүд саналаа хэлж байна.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж