Г.Баярсайхан: Ардчилсан намыг ”шонхор” фракци өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Г.Баярсайхан: Ардчилсан намыг ”шонхор” фракци өөрчилнө

Энэ удаагийн “Ярилцах танхим”-даа УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг урилаа.


-Та нар шинээр байгуулж буй фракцидаа яагаад “Шонхор” гэдэг нэр өгсөн юм бэ. Зөвлөлтийн үед гарч байсан дайны тухай кино­нуудад иймэрхүү нэр томъёо гардаг. Киноноос санаа авч ийм нэр сонгов уу?

-Манайхан “Тулаанд шонх­­­­­рууд л нисдэг” гэдэг. Үнэ­хээр ч тулаанд зөвхөн шонх­­рууд л оролцдог шүү дээ. Нү­үдэлчдийн хувьд эрч хүч, эрх чөлөөний билэг тэмдэг нь шонхор шувуу байсаар ирсэн. Найман зууны өмнө байгуулагдсан Их Монгол Улсын үед хүртэл ингэж үздэг байсан. Шонхор бол их өвөрмөц жигүүртэн. Өөрөөсөө том шувуудтай тэмцэлдэж, амьдрах орон зайгаа олдог. Ардчилсан хүч­ний холбоо 2008 онд бай­гуулагдсанаасаа хойш эрх ба­ригчдын үйл ажиллагааг шүүм­жилсээр ирсэн. Зөвхөн Ар­дын нам гэлтгүй өөрийнхөө намын алдаа дутагдлыг засахыг оролдож байгаа. Ийм алхам хийхийн тулд улс төрийн эр зориг гаргаж, тодорхой хэмжээний эрсдэл хүлээж байсан. Энэ утгаар нь бид өөрсдийгөө шонхор шувуутай адилтгаж байгаа юм. Монголын төрийн билэг тэмдэг мартдагсан байсныг сэргээн сануулж, Ардчилсан нам дотор байгуулагдсан фракцийг ийнхүү “Шонхор” хэмээн нэрлэх болсныг би хувьдаа их зөв гэж бодож байна.

-“Шонхор” фракцийнхан “Нийг­­мийн   бу­сармаг үйлийн эс­рэг ха­туу тэмцэнэ” гэж ярьцгааж бай­на. Яг яаж тэмцэх гэж байгаа юм бол?

-Ардчилсан хүчний холбооныхон УИХ-д өөрсдийг нь төлөөлөх фракцитай болж, үүнийг албан ёсоор байгууллаа. Гэхдээ УИХ-ын чуулганаар хэлэлцэж байсан олон асуудалд бид тухай бүрт нь байр сууриа хатуу илэрхийлж байсан. Бид олон зүйл дээр дуугарсан. Нийгэм, олон нийт юу хүсч байгааг бид илэрхийлж чадсан гэж боддог. Энэ бол тэмцлийн  нэг хэлбэр. Харин одоо бол бид албан ёсоор фракциа байгуулж, тэрхүү тэмцлээ бас албан ёсных болгож байгаа юм. Ардын намынхан нэг цул гэдэг хэрнээ фракцийн тэмцлийг олны нүднээс далдуур хийдэг. Гэтэл бид бол өөр. Ардчилсан нам доторх бүх үйл явц олон түмний нүдэн дээр өрнөж байна.

-“Шонхор” фракцид багтсан АН-ын гишүүд Н.Алтанхуягийг намын даргын суудлаас нь буулгах саналыг нэг бус удаа тавьж байсан. Тэгэхээр “Шонхор” фракци ерөнхийдөө Н.Алтанхуягийн тэргүүлсэн “Алтангадас”-ын нөлөөг сулруулах, түүний эсрэг чиглэсэн бодлого баримтална гэж ойлгож болох уу?

-Бид шударга бус зүйлтэй тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн. Хүмүүс үүнийг янз бүрээр ойлгож тайлбарлаж байна. Гэхдээ Ардчилсан намын дарга болох ганцхан хүнийг сольж, өөрчлөхийн тулд “Шонхор” фракцийг байгуулсан гэвэл хэтэрхий өрөөсгөл дүгнэлт болно. Намын дарга нар байнга солигдож л байдаг шүү дээ. Тиймээс энэ чухал биш. Түүнээс илүү глобал шинжтэй, бодлогын чанартай олон асуудал байна. Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, гурван жил гаруйн хугацаанд ажилласны эцэст Ардчилсан нам үзэл баримтлалаасаа ухарчихсан байна. Тийм учраас барууны үзэл баримтлалтай намын байр сууриа сэргээж, түүнийг эргүүлж олж авахын тулд бид ямар нэгэн зүйл хийх ёстой. Тэгэхгүй бол болохгүй. Бид барууны намын гишүүд байх ёстой. Ардчилсан нам 1990 онд байгуулагдсан цагаасаа хойш “Хувийн өмчид суурилсан эдийн засгийн тогтолцоотой болно” хэмээн тунхагласаар ирсэн. Энэ утгаараа “Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжинэ” гэж бид ярьдаг. Үндэсний компаниудыг сайн, муугаар нь дуудаж байна. Тэр ч бүү хэл тэднийг улсын өмч болгох тухай хүртэл яригдаж байна. Яг энэ үед ардчилсан намын барууны үзэл баримтлалын дуу хоолой тодоос тод сонсогдож байх ёстой. Хувийн өмчийг дээдлэхээ болино гэдэг нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээсээ татгалзахтай яг адилхан зүйл. Олигархитай тэмцэнэ гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Энэ бол авлигатай тэмцэх тухай ойлголт. Гэтэл татвараа шударгаар төлж, үндэсний үйлдвэрлэлд томоохон байр суурь эзэлсэн компаниудын эсрэг хөдлөх нь буруу зүйл. Тиймээс бид барууны үзэл баримтлалынхаа төлөө ямар ч улс төрийн хүчин, хэнтэй ч тэмцэж хариуцлага хүлээлгэх болно.

-Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал өнгөрсөн сард болох үед З.Энхболд, С.Эрдэнэ нар хүмүүсийг цуглуулж, Н.Алтанхуягийг суудлаас нь буулгах тухай асуудлыг нэлээд дорвитойхон тавихаар бэлтгэж байсан.  Гэтэл  “Фортуна” Н.Батбаяр гишүүн өөрийн дэмжигчидтэй хамт хуралд ирээгүйгээс болж төлөвлөгөө нурсан гэх яриа бий. Үндэсний зөвлөлдөх хорооны дараагийн хурлаар энэ асуудал дахиж сөхөгдөх байх, тийм үү?

-Бүх зүйл илт л байсан шүү дээ. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын үеэр намын их хурлыг хуралдуулах тухай санал гаргахад түүнд дургүйцсэн гишүүд ч цөөнгүй байсан. Үндэсний зөвлөлдөх хорооны хуралд оролцохоор ирсэн гишүүдийн дийлэнх нь дэмжээгүй. Их хурал хуралдуулах гэж өмнөх өдөр нь ярьж байсан хүмүүс Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаа ирээгүй, бултчихсан нь ч үнэн. Тэд улс төрийн наймаалцалд оролцсон уу, үгүй юү гэдгийг би хэлж мэдэхгүй. Ерөнхийдөө бол Ардчилсан нам их хурлынхаа товыг зарлах нь зөв шүү дээ. УИХ-ын сонгууль болохоос өмнө эрэг боолтоо чангалж, дотоод асуудлаа цэгцлэх ёстой. Байр суурь, үзэл баримтлалаа нэгтгэж, нэгдмэл болох нь бидний хийх эн тэргүүний ажил.

-Хэрэв “Шонхор” фракци Ардчилсан нам доторх бусад бүлэглэлтэйгээ тохиролцож чадахгүй бол гишүүд нь намаасаа гарч магадгүй гэж зарим хэвлэл бичих болж. Тийм зүйл болох уу?

-Бүгд бие, бие рүүгээ буу тулгачихаад амьсгаа авах боломжгүй зогсож буй тийм дүр зургийг Мексик тупик гэдэг. Ардчилсан намыг ингэж харагдуулах сонирхолтой улс төрийн хүчнүүд бий. Угтаа бол манай намд тийм зүйл байхгүй. Нам гэдэг бол түгжээтэй хайрцаг биш. Намынхаа олонх гишүүнтэй үзэл баримтлалын хувьд таарч, тохирохгүй болсон хүмүүс намаасаа гарч болно. Энэ бол чөлөөтэй. Өмнө нь ийм дүгнэлт хийгээд намаа орхиод явсан хүмүүс ч олон бий. Харин “Шонхор” фракцийн бодлого нь Ардчилсан намын суурь үзэл баримтлалтай яв цав таарч байгаа. Тиймээс намаа орхиж явна гэх асуудал яригдахгүй. Бид бол Ардчилсан намын амин чухал эд, эс.

-Сүүлийн үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг ойр ойрхон завсарлага авах болж. Сонгууль дөхөж байгаа болохоор сөрөг хүчний байр сууриа тодотгож харуулахын тулд ингэж байна уу?

-Ардын намынхан олонхоороо далимдуулж, цөөнхийн үгийг сонсохын оронд аливаа асуудлыг хүч түрэн шийдэхийг зорьж байна. Үүнд нь хариу болгож улс төрийн бойкот хийж байгаа нь харин ч бүр эрүүл үзэгдэл. Жишээлбэл, УИХ болон орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах тухай асуудлыг хэлэлцэнэ гэх байр сууринаасаа Ардын намынхан ухарлаа. Улаанбаатар хотын удирлагыг Ардын намынхан томилдог болсоор 20 жил өнгөрсөн. Эцсийн дүнд нь бохирдлынхоо хэмжээгээр манай нийслэл дэлхийд тэргүүлсэн. Энэ бол Ардын намынхны хийж буй ажил. Орон нутгийн сонгуульд тэд үргэлж ялалт байгуулдаг. Ингэхийн тулд бохир технологи олонтаа хэрэглэдэг. Орон нутгийн сонгуулийг УИХ-ынхтай хамтад нь явуулсны ашиг тус нь энд л харагдана. Парламентын сонгуулийг ажиглахаар олон улсын шинжээчид ирдэг. Тэд орон нутгийн сонгуулийн явцыг нь бас давхар ажиглана гэсэн үг. Ингэвэл Ардын намынхан бохир технологи ашиглах боломж нь багасна шүү дээ.

-Ардчилсан намд дэнчингийн мөнгө болох 50 сая төгрөгөө өгсөн хүмүүсийн тоо 99 болсон хэмээн саяхан зарласан. Уг нь энэ бол Сонгуулийн тухай хуульд заасан хандивын мөнгөнөөс хол давсан хэмжээ. Тэгэхээр хууль зөрчиж байгаагаа ил тод мэдэгдэж байгаа хэрэг юм биш үү?

-Бид Ардын намынхнаас ялгаатай. Дэнчигийн мөнгөө ил тод тушааж байгаа гэдэг утгаараа шүү дээ. Гэтэл далд байна гэдэг чинь Ардын намынхан ханцуйн дотроо тэрбум тэрбумаар нь наймаалцаж байгааг бүгд харж байгаа. Харин манай намын хувьд дэнчингийн мөнгө тогтоож байгаа явдал нь жирийн залуусыг улс төрд орж ирэх боломжийг нь хязгаарлаж, аль нэгэн компанийн дохиогоор хөдлөх нөхцөлийг бүрдүүлж байна. Тиймээс Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй. Эс тэгвэл бодлого тодорхойлох ёстой улс төрийн намууд бизнес хөөгөөд явчихлаа шүү дээ. Ялангуяа Ардын нам дотор энэ байдал их ажиглагдаж байна. Ардын нам үл хөдлөх хөрөнгийн проперти бизнес хийдэг компани шиг харагдаж байна. Ардын намд өгч байгаа хандивын хэмжээ далд байгаа нь олигархижсаны шинж. Харин Ардчилсан намынхан ингээгүй. Дэнчингийн мөнгө авч байгаагаа ч тэр, авах мөнгөнийхөө хэмжээг ч тэр олон нийтэд ил тод зарласан.

-Н.Алтанхуяг даргаар удирдуулсан хэвээр байвал Ардчилсан нам ирэх сонгуульд хэр амжилт үзүүлэх бол. Та хувьдаа юу гэж бодож байна вэ?

-Хүний бие, организмтай зүйрлэвэл Ардчилсан нам одоо зүрхний титэм судас нь нарийсжээ. Зүрх гэдэг хүний хамгийн чухал эрхтэн шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд Ардчилсан нам 1990-ээд онд байгуулагдсан тэр эрчиндээ л өдийг хүрлээ. Тэр үед томоохон тэмцэл өрнүүлж, улс орны тогтолцоог өөрчилж чадсан гэдэг утгаараа л өнөөдөр Ардчилсан намын нэр хүнд гайгүй байна. Гэхдээ “Өөрчлөгдөнө” гээд бид дотроо хагаралдаж, тэмцэлдэхгүй. Харин аль фракци нь илүү их дэмжлэг авч, олонхийг дагуулж чадаж байна, тэр нь намын бодлогыг зангидаж, нэгтгэх эрх мэдлийг авах нь зөв. Тиймээс манай намд генерацийн шинэчлэлийг нам доторх фракцуудын эрүүл өрсөлдөөнөөр бий болгох ёстой.

-Танай “Шонхор” фракцийг дэмжиж байгаа Ардчилсан намын гишүүд хэр олон байгаа бол?

-Фракци байгуулсан тухай албан ёсоор зарласны дараа надад хөдөө орон нутгаас 100 гаруй мессеж ирсэн. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо, их хурлыг хуралдуулах  хэрэгтэй гэх байр суурийг олон хүн илэрхийлж байгаа. Ер нь бол манай фракцийг дэмжиж буй олон хүн бий.

-Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдээс хэр олон хүн дэмжиж байгаа вэ?

-Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдээс 40 гаруй нь “Шонхор” фракцид харъяалагдана. Гэхдээ миний бодлоор Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийг өмч юм шиг хувааж авах хэрэггүй санагддаг юм. Энэ бол буруу. Ардчилсан нам дотор хэн нь зөв зүйл ярьж, зөв бодлого хэрэгжүүлэх гэж чармайна, түүнийг л гишүүд дэмжих хэрэгтэй. Түүнээс биш харъяалагддаг фракцийнхныгаа заавал дэмжих ёстой гэж хэлж болохгүй.

-Ярилцсанд баярлалаа.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж