Glencore, Xstrata компаниуд нэгдэх шийдвэрт хүрлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Glencore, Xstrata компаниуд нэгдэх шийдвэрт хүрлээ

Швейцарийн Glencore компани нь хувьцаа солилцох замаар Xstrata компанитай нэгдэхээр болжээ. Энэхүү хоёр компанийн нэгдэл болох Glencore Xstrata International PLC хэмээх шинэ компани нь нийт 90 тэрбум ам.доллараар үнэлэгдсэнээр дэлхийн уул уурхайн томоохон компаниудын жагсаалтад дөрөвдүгээрт бичигдэх юм.

Энэхүү нэгдэл нь BHP Billiton Ltd, Rio Tinto Group зэрэг уул уурхайн “аваргуудтай” өрсөлдөх чадвартай болно гэж компанийн тэргүүлэгчид үзэж байна. Салбарын шинжээчид томоохон бизнесийн бүлэглэл босч ирж байгааг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд хамгийн өсөх ирээдүйтэй нэгдэл хэмээн  дүгнээд буй. Glencore  компани өмнө нь Xstrata-гийн 34 хувийг эзэмшдэг байсан бол гэрээ хийгдэж дуусангуут нэгдсэн компанийн хувьцааны 56 хувийг эзэмшилдээ авна. Glencore компанийн өнөөгийн тэргүүн Айван Глайзенберг нийт хувьцааны есөн хувийг эзэмшиж, томоохон хувь нийлүүлэгч болох юм.

Шинэ компанид тэрбээр Ерөнхийлөгчийн суудлаа хадгалж үлдэнэ. Харин Гүйцэтгэх захирал, ТУЗ-ын даргаар Xstrata-гийн менежерүүд болох Мик Дэвис болон Жон Бонд нар томилогджээ. Компаниуд нэгдэх асуудал сүүлийн хэдэн жил яригдсан юм. Glencore компани нь хувьцаагаа олон улсын зах зээл дээр гаргаагүй байсан нь нэгдэх асуудалд томоохон саад болж байв. 2011 оны тавдугаар сард тус компани IPO хийснээр асуудал нааштай шийдэгдэхэд хүрсэн юм.

Xstrata нь дэлхийн уул уурхайн томоохон таван компанийн нэг юм. Тус компани дэлхийн 26 улс оронд олборлолт явуулдаг. Зэс, нүүрс олборлохоос гадна цайр, хөнгөн цагаан, үнэт металлын олборлолт хийдэг байна.
Glencore компанийн хувьд түүхий эдийн худалдаагаар дэлхийд хамгийн томд тооцогддог. Үнэт метал, эрдэс баялаг, түлш болон газрын тосны худалдаа, хөдөө аж ахуйн салбарт бизнес эрхэлдэг.

Э.Од

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж