Энэ онд ”Эрүүл хүүхэд” аян өрнүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Энэ онд ”Эрүүл хүүхэд” аян өрнүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан “Эрүүл хүүхэд” аяныг энэ онд улсын хэмжээнд зохион байгуулахаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ. Энэ хөтөлбөр нь 18 нас хүртэлх насны бүх хүүхдийг эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдлыг нь үнэлэн эрүүл болгох зорилготой юм. Аяныг нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, мэргэжил, арга зүйгээр хангах үүрэг бүхий Удирдах хорооны бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд ахалж ажиллахаар болсон байна.

Үүний зэрэгцээ яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, өрхийн эрүүл мэндийн байгууллагуудын хийх ажлыг удирдамжид тодорхой зааж өгчээ. Аяны хүрээнд 18 хүртэлх насны бүх хүүхдийг эрүүл мэндийн ерөнхий болон амны хөндий, чих, хамар хоолойн үзлэг,  оношлогоонд хамруулан, бие бялдрын өсөлт, хөгжилтийн байдлыг нь тогтоож, өвчтэй хүүхдийг хяналтад авч эмчлэх юм. Аяныг  2 дугаар сарын 1-нээс 5 дугаар сарын 30, 6 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 30 гэсэн хоёр үе шаттай явуулж, шаардагдах 18 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргахаар болжээ. 

“Эрүүл хүүхэд” аяны дүнд манай улсын хүүхдийн эрүүл мэндийн мэдээллийн сан бүрдэхийн зэрэгцээ хүүхдийн дунд зонхилон тохиолдож байгаа өвчнийг илрүүлж эмчлэн, шүд цоорох өвчний тархалтыг 10-15 хувиар бууруулна гэж Засгийн газар тооцоолж байна. Манай улсын хүн ам 2010 оны байдлаар 2 сая 780 мянга 700 хүрсэн бөгөөд тэдний 36 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 12 хувь нь 19-24 насны залуус байна. Хүн амын цэвэр өсөлт 1,7 хувь гэсэн тоо гарчээ. Хүн ам нэмэгдэхийн хэрээр нийслэл, төв суурин газруудад сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн бусад үйлчилгээний хүртээмж, чанарт сөргөөр нөлөөлдөг байна.

Хүүхдийн эндэгдэл буурч байгаа үзүүлэлт гарсан ч ураг, нярайн эндэгдэл Баян-Өлгий, Завхан, Дархан-Уул аймагт ихсэх хандлагатай, нялхсын эндэгдэл Дорнод, Баян-Өлгий, Өмнөговь, Өвөрхангай, Завхан, Ховд аймагт, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл Дорнод, Баянхонгор, Ховд аймагт улсын дунджаас дээгүүр байгаа юм. 10 мянган хүүхдэд ногдох өвчлөл нялхсын хувьд 48.5, дөрөв хүртэлх насанд 72.3, 5-15 насанд 126.7, 16-19 насанд 66.8 тохиолддог гэсэн мэдээ гарчээ. Цэрэг татлагын өнгөрсөн жилийн байдлаас үзэхэд цэрэгт тэнцээгүй нийт залуусын 15 хувь нь дотор, 14 хувь нь нүдний эмгэг болон чих, хамар хоолой, 7 хувь нь мэдрэлийн өвчтэй, 10 хувь нь жин, өндрийн алдагдалтай байжээ. Энэ бүхнээс үүдэн “Эрүүл хүүхэд” аяныг улсын хэмжээнд явуулах нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэжээ.

ТОВЧ МЭДЭЭ

    УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд дэмжив. Гэхдээ “Засгийн газрын бүрэлдэхүүний гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно” гэсэн нь Засгийн газрын бүрэлдэхүүний 10, 11, 13, 14, 16 гэх зэргээр гуравт хуваагдахгүй байх тохиолдолд “гуравны нэг” нь хэдэн сайд байх талаар маргаан дагуулж болзошгүйг анхаарах нь зүйтэй гэсэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар болжээ. 

    УИХ-ын гишүүн Д.Загджав нарын санаачлан боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэлээ. Шинэ, өндөр үнэтэй, иргэн бүр худалдан авах боломжгүй суудлын автомашины онцгой албан татварыг тэглэх асуудлаар хуулийн төсөл боловсруулахдаа юуны өмнө нийгэм, эдийн засгийн болон хууль зүйн үр дагаварыг тооцох, нийгмийн хэрэгцээ, шаардлагад хэр нийцэж байгааг тогтоох шаардлагатай гэж Засгийн газар үзжээ.

    УИХ-ын гишүүн Б.Буд, Л.Гантөмөр нарын санаачилсан Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжлээ. Хуулийн төсөлд сонгогчдын бүртгэл хөтлөх, санал хураах, тоолох, дүнг гаргаж нэгтгэх зориулалттай сонгуулийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхөөр тусгасан байна.

    УИХ-ын гишүүн З.Энхболд нар Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Засгийн газрын хуралдаанаар төслийг хэлэлцэн хэд хэдэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар болов. УИХ-ын болон орон нутгийн хурлын сонгуулийг нэг өдөр, нэг зэрэг явуулахад зохион байгуулалтын болон ажлын ачаалалтай холбогдсон хүндрэл бэрхшээл үүсч болзошгүй байгааг тооцох зэрэг санал үүнд багтжээ.

    Өнгөрсөн онд төрийн захиргааны төв байгууллагад иргэдээс 17921 өргөдөл, гомдол ирсэн бөгөөд шийдвэрлэлт 97.3 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.3 хувиар өссөн гэсэн үг юм. Харин нутгийн захиргааны байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 98.8 хувьтай байна. Иргэд ихэвчлэн гэр, орон сууц, ажлын байртай болох, газар эзэмших, хөдөлмөр эрхлэх, зээл, мөнгөн тусламж, эмчилгээний зардал, малчдын нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллагад ханджээ.

    Барилгын материалын сорил, шинжилгээний төв лабораторийн тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах хөрөнгө, үйл ажиллагааны зардлыг улсын төсөвт жил бүр тусгаж байх болов. Мөн барилгын материалын үйлдвэрүүдийг байгуулахад мэргэжлийн болон санхүүгийн зохих дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох сайд, албан тушаалтнуудад даалгасан байна. Үүний зэрэгцээ Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркыг зам тээвэр, дэд бүтэц хөгжсөн, ажиллах хүчтэй Налайх, Багахангай дүүрэгт байгуулах талаар судалж, шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгажээ.

    Радио, долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Өнөөдрийн байдлаар манай улсад 2,5 сая хэрэглэгч телевиз, радио, үүрэн телефон, утасгүй холбоо ашиглахын зэрэгцээ төрөл бүрийн хэрэглээний радио систем, техник, тоног төхөөрөмж ашиглаж байна. 1998-2008 онд радио давтамж эзэмшигчдийн тоо 5,6 дахин нэмэгдсэн бөгөөд 2010 оны байдлаар 386 тусгай зөвшөөрөл, 502 эрхийн бичиг олгосон нь давтамжийн хэрэгцээ ямар хурдацтай өсч байгааг харуулсан хэрэг юм. Иймээс Радио долгионы тухай хуулийн зарим зүйл, заалтын агуулга, найруулгыг нягталж, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах шаардлага бий болжээ.
    Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг, дүгнэлт, акт, торгууль, шийтгэврийн хэвлэмэл хуудасны загварыг шинэчлэн баталлаа. 

    “Зүүн өмнөд Азийн Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай Гуравдугаар протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Гэрээний гишүүн улсууд нь бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, маргаантай асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх, түүнчлэн гэрээний аль нэг гишүүн улсын улс төр, эдийн засгийн тогтвортой байдалд ямар нэгэн хэлбэрээр заналхийлсэн аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байх зэрэг үүрэг хүлээдэг байна. Гэрээнд бүс нутгийн 11 улсаас гадна АНУ, ОХУ, БНХАУ, Канад зэрэг нийт 28 улс нэгдэн оржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж