Хуулийн хоёр төсөл нэг ажлын хэсэгтэй

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Хуулийн хоёр төсөл нэг ажлын хэсэгтэй

Өнөөдөр УИХ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хооронд Сонгуулийн тогтолцоогоор дамжуулан төлөөллийн оролцоог  хангах төслийн баримт бичигт гарын үсэг зурсан юм.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Акбар Усмани нараас энэ талаар тодрууллаа.

Ө.Энхтүвшин:

-УИХ, НҮБ-тай хамтран ажиллах гэрээний гол агуулга юу вэ?

-НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч төсөл хэрэгжүүлэхээр болж байна. Хөтөлбөрийг 2010-2011 онд, хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Гол нь гадаад орнуудын туршлагыг судлах, танилцах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сургалт зохион байгуулах чиглэлийн ажлыг голлож хийнэ. Төлөөллийн ардчиллыг хөгжүүлэх, аль болохоор өргөжүүлэх, улс төр, төрийн эрх барих дээд байгууллагад  эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх гэх зэрэг асуудлыг тусгаад байна. Цагаа олсон төсөл боллоо. УИХ-аар Сонгуулийн хуулийн хоёр төслийг ид ярьж буй үетэй давхацлаа.

-Сонгуулийн тогтолцоог шинэчлэх талаар хоёр хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэж дэмжлээ. Хоёулаа пропорциональ тогтолцоог дэвшүүлсэн байгаа. Эдгээрийг нэгтгэх үү, салгаж ярих уу?

-Юу ч гэсэн байнгын хорооны хурлаар хоёулаа орсон. Хүлээж авъя гэсэн шийдвэр гарсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оруулна. Дундын ажлын хэсэг гаргаж байна. Нийлүүлж нэг төсөл болгох уу, аль нэгийг сонгож авах уу гэдгийг ажлын хэсэг ажиллаж байж шийднэ. Урьд нь дэмий ярьж, хоосон маргадаг байсан бол ямар ч гэсэн одоо тодорхой төсөлтэй болчихлоо. Ажил бол урагшилж байна.

Акбар Усмани:

-Энэ төслөөс Монголд гарах үр дүн юу вэ?

-Юуны өмнө УИХ-тай хамтран ажиллах бололцоо олдож байгаад талархлаа илэрхийлье. Төслийн хүрээнд улс төр дэх иргэдийн төлөөллийг нэмэгдүүлэх талаар ажиллана. Техникийн туслалцаа үзүүлэх замаар Монголын ард түмэн ямар улс төрийн төлөөллийн систем өөрсдөд нь хэрэгтэй вэ гэдгийг олж мэдэх ач холбогдолтой. УИХ-аас гадна улс төрийн намуудтай ажиллана.
Хамгийн эхний ажил нь энэ долоо хоногт олон улсын өндөр төвшний хэмжээний зөвлөхийг Монголд урьж ирүүлнэ. Монголчуудад сонгуулийн ямар систем зохистой вэ гэдгийг судлах зорилготой. Ямар системээр сонгуулиа яаж явуулахыг мэдээж монголчууд өөрсдөө сонгоно.

  Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж