“Хичээлдээ л хоцрохгүй юмсан”

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

“Хичээлдээ л хоцрохгүй юмсан”

Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо. Долоон цаг дөнгөж өнгөрч, үүр цайж байна. Идэр ес харьж, урин цаг хаяанд ирсэн ч өглөөний жавар хацар хайран, голгүй болтлоо царцсан газар гутлын улыг нэвт хайран, хөл дааруулна. Ажилдаа яарсан хүмүүстэй зэрэгцэн,  цүнх мөрлөсөн бага насны жаалууд хүний хөлд дарагшин, мөсөн гулгуурын талбай мэт болсон замаар харанхуйд бүдчин, боргох нохойноос айсандаа хальтарч унан, автобусны буудал руу яарна. Сурагчид 08:00 цагаас хичээлтэй. Түүндээ амжих хэрэгтэй, “Цагаасаа хоцорлоо” гээд сургуулийн жижүүр дотогш оруулахгүй.   

 Нохойд элдүүлэн, хальтарч, унж, туссаар автобусны буудалд ирлээ. Хүнгүй гэдгийг харсаар байтал “зайгүй, багтахгүй” гэж “микро”-нууд  бяцхан жаалуудыг хавьтуулахгүй. Хүнд үйлчлэхийг бус ахиухан мөнгө олохыг илүүд үздэг тэдэнд хүүхэд “Хүн биш ээ, цэрэг” гэдэг шиг л харагддаг байх л даа. Бяцхан жаалууд “Ангийн ирц” бүрдсэний дараа, сурагчийн үнэмлэхээ 200 төгрөгийн хамт зэхэн, “ард түмний унаа”-гаа хүлээнэ. Автобусны бөөрөнд “Хүүхэд 200 төгрөг” гэсэн бичиг харагдах ч сурагчийн үнэмлэх бол бяцхан жаалуудыг хүүхэд хэмээн нотлох “баримт”. Хэрвээ сурагчийн үнэмлэхгүй бол томчуудын адил мөнгө төлөх болдог.

Автобус ирэхэд бээрч даарсан бяцхан жаалуудыг визагаа зэхсэн оюутнуудаас эхлээд ажилдаа яарсан агаа, ажаа нарын хэн ч анзаарахгүй. Хүмүүсийн завсар зайгаар эвлэгхэн гэгч нь ороод автобусанд багтаж чадсан эсэхийг шалгаж  “ангийн ирцээ” ахиад бүртгэнэ, цаашлаад олны хөлд дарагдахгүйн  төлөөх “тэмцэл” эхэлнэ. Учир нь тэд 170 см өндөр дэх бариулд хүрэхгүй. Сандлаас барьсан нэгнээ түшин, автобусны хөдөлгөөний аясаар найгах тэднийг унаад юм мөргөчих вий гэхээс илүүтэй, өглөө тосолсон гутал дээр минь гишгэчих вий гэж хүмүүс хараад байгаа юм шиг. Арайхийн сургуулийн ойролцоох автобусны буудал буулаа. Одоо  хичээлээсээ хоцроогүй байх нь чухал.

Тэдний зарим нь машинаар сургуудьдаа хүргүүлэхийн сайхныг мэдэхгүй… Гэхдээ өвөл ямар хүйтэн болдгийг сайн мэднэ.  

“Хичээлд хоцрох ч яршиг л байна”

Тэгвэл томчуудын хүүхэд өглөө хичээл явах нь тэс өөр. Үүнийг нэгэн компанийн захирлын хүүхдийг сургуульд хүргэж өгдөг, орой гэрт нь хүргэдэг жолооч найз маань нүдэнд харагдтал ярьж өгч билээ. Орцны үүдэнд аавынх нь жолооч ирж, хүүг гэрээс нь авна. Хүү сургуульдаа явах зуураа бас дэлгүүр хэсээстэй. Гадаах хүйтнийг даван туулах, бээрсэн гараа үлээж, даарсан хөлөө дулаацуулахын тулд дороо дэвхрэх хэрэг тэдэнд гарахгүй. Тэднийг бухимдуулдаг ганц зүйл нь замын түгжрэл. Гэхдээ хичээлээс хоцрох эсэх нь тэдэнд хамаагүй. Өчигдөр авсан шинэхэн iPad-аа найзууддаа гайхуулахаа л замын турш бодох. Төлбөрөө төлсөн түүнд хичээлдээ хоцрох үнэндээ падгүй. Хэрвээ багш загнавал аав, ээждээ хэлчихнэ. Аав ээж нь багшийг захиралд ховлоно. Багш ажилгүй болох ч аюултай. Харин түүний сууж яваа машины өмнүүр борчуудын хүүхдүүд цүнхээ үүрээд зам гарахын тулд дайруулчих шахам гүйх. Харин машинд суугаастай жаалууд өөртэйгөө адилхан “дэлгүүр хэсэж байна” гэж эндүүрнэ. Амьдралаа гэж…. 

Б.Ойнбилэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж