Тивд ер бусын хүйтэн нүүрлэсэн мөн Европт байгалийн хий нийлүүлэгч Оросын “Газпром” нийлүүлэлтээ багасгасан зэргээс байгалийн хийн үнэ нэмэгдэж байна. Британийн хийн үйлдвэрлэгчид бүрэн хүчин чадлаар ажиллаж байгаа ч гэсэн зах зээлийн бухимдал үнийн өсөлтөд хүчтэй нөлөөлж байна.
Мөн энэ үеэр Францын цахилгааны үнэ хоёр дахин нэмэгдэн нэг мегаватт-цагийн үнэ 140 евро хүрчээ. Тэр нь тус орны цахилгааны хэрэглээ ойрын үед түүхэн дээд хэмжээ 98 гигаватт болж магадгүйтэй холбоотой ажээ.
Дашрамд дурьдахад, Европын холбоонд нийлүүлэх байгалийн хийн өсөлтөд тэндхийн зах зээлийн хэтэрхий их зохицуулалт саад болж байна хэмээн “Газпромын” орлогч дарга Александр Медведев мэдэгдэв. Үйлдвэрлэгчдийн эрхийг хязгаарласан хуулийн өөрчлөлт болох гурав дахь багц батлагдсан бол “Хойд урсгал” хийн хоолойн нийлүүлэлтийн тал хувь нь хэрэглэгчдэд хүргэгдэхгүй байлаа гэж тэр хэлжээ. “Газпром” өнгөрсөн долоо хоногт дотоодын эрэлт болон хэт хүйтэн байгаагаас хийн нийлүүлэлтээ бууруулсан байв. Түүний бууруулах шалтгааны нэг нь Украины талаас хийг хулгайлан авч байгаа явдал болсон гэж “Газпром” мэдэгджээ. Одоо хийн нийлүүлэлт бүрэн хэмжээгээр сэргээгджээ.
"Ардын эрх" сонин