Нөөцийн маханд тариа шахдаг нь худлаа гэв

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Нөөцийн маханд тариа шахдаг нь худлаа гэв

Өнгөрсөн сарын 15-наас худалдаанд гарсан нөөцийн мах зах зээлийн үнэ ханшаас 1300-1500 төгрөгөөр хямд зарагдаж, иргэд ч хямд үнэтэй нөөцийн махыг худадаж авах сонирхол ихтэй байгаа. Тиймээс нөөц нэлээд байгаа болохоор борлуулалт ч сайн байгаа. Гэвч нөөцийн махны талаар янз бүрийн таагүй мэдээллүүд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон. ”Нөөцийн махыг зун буюу мах хямдхан байх үед нь компаниуд худалдаж авдаг. Дараа нь угааж цэвэрлээд нойтон дээр нь тариа шахдаг гэнэ. Тэрхүү тариа нь цогцос муудуулдаггүй зориулалтын тариа байдаг аж. Ийм тариатай махыг ихээр идсэн хүний хөгшрөлтийн процесс хурдан явагддаг” хэмээн зарим хэвлэлд мэдээлсэн. Үнэхээр нөөцийн махыг худалдаж аваад элдэв бодис хэрэглэж муудахаас нь сэргийлдэг байх боломжтой эсэх, тухайн бодисийн талаар мэдээлэл авахаар ”Шүүх эмнэлэг”-ийн мэргэжилтнүүдээс тодруулсан юм.  

-Сүүлийн үед хэвлэл мэдээл­лийн хэрэгслүүдээр нөөцийн маханд цог­цос муутгадаггүй тариаг тарьж хад­галдаг болсон талаарх мэдэллүүд га­рах боллоо. Энэ тариаг малын ма­ханд тарьснаар муудахгүй байх бо­ломж бий юу, Хэр үндэслэлтэй юм бол?

-Таны асуугаад байгаа тариаг Фар­молин гэдэг. Цогцос муутгахгүй байх зориулаттай тариа юм. Гэхдээ таны асуусан зүйлийг үндэслэлгүй, худлаа мэдээлэл гэж хэлмээр байна. Үнэхээр тарьдаг юм бол тэр махыг иргэд хэзээ ч худалдаж авахгүй. Учир нь тэр тариа чинь маш муухай хамар цоргимоор үнэртэй, эвгүй амттай. Энгийнээр хэ­лэхэд тэр тариаг маханд тарилаа гэж бодоход зүгээр л борц болчихно гэсэн үг. Ийм муухай махыг хэн худалдаж авах юм бэ.

-Тэгэхээр энэ тариаг маханд тарьж, хадгалдаг болох нь худлаа гэсэн үг үү?

-Тийм. Яагаад ингэж худлаа мэдээллэл цацагдах болсныг би гайхаад л байна. Санамсаргүй сонс­сон худал мэдээллээ сайн нягталж шалгалгүйгээр л гаргасан юм болов уу гэж бодож байна. Нөөцийн махны борлуулалтыг багасгах гэж ченжүүдийн гаргасан яриа ч байж болох шүү дээ.

-Энэ Фармолин гэдэг тариаг гадуур худалдаалдаг юм болов уу, хаанаас орж ирдэг юм бэ.   Хэрвээ худалдаалдаг бол ямар үнээр зардаг юм бэ?

-Манайд байдаг эмийн ком­паниудаар зарагддаг тариа л даа. Харин яг хаанаас орж ирдэг, ямар үнээр зардагийг нь сайн мэдэхгүй байна гэсэн хариултийг өгсөн юм.

Сар шинийн баяр дөхөж монгол­чуудын махны хэрэглээ ч нэлээд нэмэгдэж байгаа нь ойлгомжтой. Ууцыг нь тавьдаггүй юм гэхэд буузандаа, хүнсэндээ нэлээд өргөнөөр хэрэглэж байгаа. Тэгэхээр “махны ченжүүдийн гаргасан цуурхал” гэдэг нь үнэний ортой ч байж болох нь ээ. Энэ жилийн хувьд нөөцийн махны чанарын асуудал дээр нэлээд анхаарч, шалгалт үзлэг багагүй хийсний үндсэн дээр энэ жил худалдаалагдаж буй нөөцийн мах чанарын хувьд маш сайн байгаа талаар “Монголын махны холбоо”-ныхон ч онцолж байсан юм. Иргэд ч нөөцийн махны чанарт нэлээд сэтгэл хангалуун байгаа нь ажиглагдаж байгаа. Нөөцийн мах худалдаанд гарснаас хойш 1900 гаруй тонн махыг худалдаад байгаа аж.

Х.НАРАНГЭРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж