Түүхийн жимээр аялсан нэг өдөр

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Түүхийн жимээр аялсан нэг өдөр

Нийслэл хүрээний 100 жилийн ой өчигдөр тохиов. Энэ өдөр хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан нийслэлийн түүх соёлыг ард иргэдэд үнэн зөвөөр танин мэдүүлэхийн тулд сэтгүүлчдийг түүхийн жимээр аялуулав. Сэтгүүлчдийн нийслэл хотынхоо түүхтэй танилцах аялал Сүхбаатарын талбайгаас эхэллээ. 1911 оны Монголын Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар монголчууд Манж Чин улсын эрхшээлээс салж, VIII Богд Жибзундамба хутагтыг шашин, төрийг хослон барьсан хаант Монгол Улсын хаанд өргөмжилж, Монгол Улсын засгийн газрыг төрийн таван яамны бүтэцтэйгээр байгуулж байжээ. Улмаар 1912 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Шашин, төрийг хослон барьсан хаант Монгол Улсын төрийн төв Их хүрээг тусгаар тогтносон улсын төрийн нийслэл болгож, Нийслэл хүрээ нэмээн өргөмжилсөн байдаг. Тэрхүү өдрөөс хойш 100 жил   өнгөрч, өнөөдөр улаанбаатарчууд Нийслэл хүрээний 100 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэж байна.

Хот, хөдөөгийн хэн ч ирсэн Сүхбаатарын талбайгаар зочлоод өнгөрдөг заншил монголчуудад бий. Сүхбаатарын талбай  анх XIX зууны эхэн хагаст их хүрээ суурьших үед Их чөлөө нэртэй байсан гэнэ. Их чөлөө талбай Шар ордон (одоогийн Хүүхдийн урлан бүтээх төвийн замын өмнө талд), Чойжин ламын сүм, лам ноёдын хашаагаар хязгаарлагддаг байж.  Талбайд зун өвлийн цагт цам гарах Богд уулыг тахих их ёслол үйлддэг байсан аж.  1921 оны долдугаар сарын 8-нд жанжин Д.Сүхбаатар тэргүүтэйгээ Хүрээнд орж ирж Зүүн хүрээний өмнөх гол чөлөөнд хүрээнийхэн баяр хөөр болон угтаж байсан байна. Яг энэ үед жанжны морь шээсэн бөгөөд тэр газрыг нь бэлгэдэж, хожим 1946 онд жанжны хөшөөг хаана босгох талаар зөвлөлдөх үеэр Х.Чойбалсангийн санаачлагаар уг газар хөшөөг нь босгох шийдвэр гаргажээ. Тэр цагаас хойш монголчууд Сүхбаатарын талбай хэмээн нэрийдэх болсон гэнэ. Их чөлөө буюу Сүхбаатарын талбай монголчуудын хувьд түүхт дурсгалын газар яалт ч үгүй мөн. Өнөөдөр Сүхбаатарын талбай Төрийн ордон, нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Соёлын төв өргөө, Төв шуудан, Монголын хөрөнгийн бирж зэрэг төр захиргааны болон томоохон үйлчилгээний газруудаар хүрээлүүлсэн бөгөөд өнгөрсөн жил жанжны хөшөөг хүрэлээр цутган шинэчилсэн билээ.

Сүхбаатарын талбайтай танилцсаны дараа нийслэлийн анхны бөгөөд олон жилийн настай Дашчойлон хийдийг зорьлоо. Эдүгээ сүсэгтэн олны даган баясч, мөргөл ном айлддаг Дашчойлон хийдийн хурал номын үйлийг эрхлэн байгаа хоёр дуган нь одоогийн Улаанбаатар буюу эрт үеийн нийслэл хүрээний нэгэн бүрэлдэхүүн хэсэг болох Зүүн хүрээний Вангай, Эрхэмийн хоёр аймгийн дуган юм. Их хүрээ нь үндсэндээ Зүүн ба Гандан гэсэн хоёр хэсэг дүүрэгт хуваагдаж байсан бөгөөд хүрээний баруун хэсэг болох Далхын дэнж хэмээх Ганданд Буддын гүн ухааны гурьан их дацангууд V Богд Жибзундамба хутагтын байгуулсан сүм бөгөөд 80 тохой өндөртэй Жанрайсэгийн сүм зэрэг байрлаж байсан аж. Харин Зүүн хүрээнд төвд, монгол үндэсний хэлбэртэй, зуун дөчин баганатай, зуны улиралд хаяагаа тэлэн томсгож болдог Батцагаан хэмээг цогчин дуган, тавин тохой өндөр Майдар бурхан залсан Майдрын сүм, эмч, зурхай, жүд, Дэчингалбын алтан дээвэртэй сүм зэрэг олон тооны гоёмсог сүмүүд хүрээ гучин аймаг тэргүүтэй хурал номын, мөргөл шүтээний газар байрлаж байсан гэнэ лээ. Эдгээр Хүрээ гучин аймгаас одоо Вангай, Эрхэмийн аймгийн дуганы суурин дээр хурал номын үйл ажиллагаагаа сэргээн авч “Зүүн хүрээ” хэмээх энэхүү эрхэм нэрийг залгамжлан хэрэглэж байгаа юм байна. Нийслэл хүрээнээс олон жилийн настай энэхүү сүмд сүсэгтэн олон мөргөл үйлдэж буян номын хур үргэлжилсээр байна.

Нийслэлийн анхны  гэгдэх хийдийн түүхтэй танилцсаны дараа Улаанбаатар хотын музейтэй танилцав. Уг музейд “Нийслэл хүрээний 100 жил” сэдэвт түүх өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийгээд хоёр хонож байгаа юм Улаанбаатар музей зай талбай багатай учраас биднийг очиход 10 жилийн сурагчид нийслэлийн түүхийг үзэж сонирхож байлаа. Хэсэг хугацааны дараа музейн тайлбарлагч зав гаргаж бидэнд зарим түүхийг өгүүлсэн юм. Улаанбаатарын музей байрлах энэ барилга нь 1904 онд Оросын буриад зурагчин Цогтбадамжав өөрийн хувийн эзэмшилд зориулан барьжээ. 1921 оны долоо, наймдугаар сард энэ байшинд Монгол ардын намын төв хороо, Засгийн газар, Бүх цэргийн штаб байрлаж, өрлөг жанжин Д.Сүхбаатар ажиллаж байсан гэнэ. 1930-аад ноос уг байшинд Зөвлөлт Тува улсын элчин байрлаж байсан бөгөөд дараа нь Д.Сүхбаатарын музей болон өөрчлөгджээ. 1953 онд нам төрийн зүтгэлтэн Х.Чойбалсангийн музей болгон нэгтгэхэд эндээс музейн бүх зүйлс тэр музейд шилжиж байшинд шилжиж хэвлэлийн газар болсон байна. 1956 онд “Улаанбаатар хотын түүхийн үзэсгэлэн” нэртэйгээр байгуулагдаж, 1957 онд Улаанбаатарын музей болжээ.

Бид Түүхийн музейд “Нийслэл-хүрээ 100 жил” үзэсгэлэнгээр зочилсон юм. Энэхүү үзэсгэлэнд гэрэл зураг болон түүхийн баримт бичгүүдийг дэлгэн олон нийтийн хүртээл болгож байгаа аж. Түүхийн музейд гарч буй үзэсгэлэн энэ сарын 12 хүртлэх үргэжлэх гэсэн шүү.

Ийнхүү хагас өдрийн турш нийслэлийн түүхтэй танилцахад сэтгүүлч бидэнд Чингис хаан дээд сургуулийн профессор О.Сүхбаатар хөтөч хийж танилцуулсан юм. О.Сүхбаатар нь нийслэлийн түүхийн талаар мэдэх цөөхөн хэдэн хүний нэг гэдгийг мэдэх хүн олон байгаа бизээ. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэх үгийг сануулах нь илүүц ч гэсэн эх түүхээ судалж, эрдэм мэдлэгээ зузаатгахад илүүдэхгүй биз. Харин сэтгүүлч нөхөд бид олон  олон түүхийн дурсгал, баримт бичигтэй танилцаж түүхээр амьсгалсан нэгэн өдөр байлаа.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж