Бага ангийнхныг “BUS”-тай болгоё

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Бага ангийнхныг “BUS”-тай болгоё

Эдийн засаг нь үсрэнгүй хөгжиж, төсөв нь ихдэн ямаандаа хүртэл хөрөнгө зарцуулдаг Мон­гол Улсын “ирээдүйн эзэд” ид тачигнаж буй өвлийн хүйтэнд хацраа хайруулан, “шил толь” болтлоо мөстсөн гудамжаар өглөө, оройн бүрэнхийд тэшиж уначих шахан автобусны буудал руу бэдэрч явна. Аз тохиовол удаан хүлээлгүй хөдөлж буй автобусанд амжиж, үгүй бол дараагийн автобус ирэхийг хүлээн, дагжин чичирсээр зогсох. Хэдийгээр бяцхан сурагчид өрөвдөлтэй мэт хэдий ч томчуудаас ч илүү  нарийн зохион байгуулалттай.

Сургуульдаа хамт явдаг нөхдөө бүртгэнэ, ирээгүй нэгнээ хүлээнэ. Тэдний энэ зохион байгуулалтыг Монголын төр, БСШУЯ, Хүүхдийн төлөө газар тэргүүтэй сайд, дарга нар өдийг хүртэл хийж чадаагүй л байна. 

Сурагчдын сургууль, гэрийн хоорондох зай нэг километр байх ёстой. Энэ бол “соц” нийгмийн үеэс мөрдөж ирсэн стандарт аж. Энэхүү стандартыг энгийн хүн ойлгохооргүй “Хамран сургах тойрог” гэж нэрлэдэг байсан гэнэлээ. Тэр цаг үед нийслэлийн хүн ам цэгцтэй, хүүхэд бүр харъяа сургуульдаа хамрагдан явдаг байлаа. “Гэхдээ одоо чинь ардчилсан нийгэм. Хаана, аль сургуульд сурах нь хүүхдийн эрх. Тэгээд л Баянхошууны хүүхэд хаа хол сургуульд сурдаг болсон” гэдэг хариултыг Ерөнхий боловсролын газрын мэргэжилтэн нь хэлэхэд инээд хүрэв.

-Үгүй дээ. Гэрийнхээ ойролцоох сургуульд орон тоо байхгүй учраас хүүхдүүд хаа хол байгаа сургуульд сурч байна гэдгийг эцэг, эхчүүдийн хэлсэнийг тайлбарлахыг оролдлоо. Харамсалтай нь өөрийгөө өмгөөлөх аминчхан үзэл нь түүнийг үл хүлээн зөвшөөрөв бололтой.

-Сүүлийн үед шилжилт хөдөлгөөн ихэссэн, нийслэлийн Хот төлөвлөлтийн газар ажлаа муу хийж байна гэж бурууг өөр хүнд тохлоо.      

Үүнийгээ Улаанбаатар хотын зохион байгуулалт буруугаас арван жилийн сурагчид хамран сургах тойрогтоо сурч чадахгүй байна. Одоо бидний өмнө тулгараад буй асуудал бол хотын захын гэр хорооллуудад сургууль барих явдал гэж батална. Энэ мэргэн санаагаа мастер төлөвлөгөө гэдэг “мундаг” зүйлдээ багтаасан талаар ч ярилаа. “Хонгилын үзүүрт гэрэл асна” гэдэг шиг бас сайхан мэдээ шүү.

-Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Ямартай ч мастер төлөвлөгөөнд орсон. Энэ жилийн төсөв батлагдсан. Эхний ээлжинд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурдаг сургуулиудыг автобустай болгоно гэлээ.

-Гадаадын дунд сургуулиуд хувийн автобустай байдаг гэсэн. Манайд үүнийг нэвтрүүлбэл яасан юм бэ?

-Наадахыг чинь нийслэлийн Ерөнхий боловсролын газар байтугай БСШУЯ дангаар шийдэхгүй. УИХ-аар орж, дэмжигдсэний үндсэн дээр төсөв мөнгийг баталдаг зүйл гэлээ. Дунд сургууль бүрийг автобустай болгох гэдэг саналыг нэг яамны “хурган” дарга нар шийддэггүй. Тэд зөвхөн дээрээс өгсөн даалгаврыг биелүүлэх үүрэгтэй хүмүүс  гэдгийг гадарлана. Энд ч дахин батлагдах шиг боллоо. Тэгвэл “ЗА” гэж байнга хэлэхийг “шаарддаг” Хүүхдийн төлөө газарт хандлаа. Мэдээж, хүүхдийн язгуур эрх зөрчигдөж байна. Танайх ажлаа хангалттай хийхгүй байна гэвэл уурлана. Эсвэл баахан юм хийсэн гэж “цаг зав барна”.

-Өвлийн хүйтэн бага ангийн сурагчид үнэхээр өрөвдөлтэй харагдах юм, тийм ээ. Автобусанд төлбөрөө өгсөн байтлаа ад үзэгдээд, “микро”-нууд ч авахгүй юм. Гадныхан шиг сургууль бүрийг хувийн автобустай болгоод… Ойролцоох автобусны буудлаасаа тодорхой цагт суугаад сургуулийнхаа үүдэнд оччихдог бол гоё оо, тийм ээ гээд жаахан ятгасан, аргадсан байдлаар яривал, БСШУЯ-ны эрхмийн ярьсныг ярьж байна. Нөгөө л мастер төлөвлөгөө, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг автобусаар хангахаар болсон… УИХ дэмжиж, төсөв мөнгийг …

Одоо сонгууль гээд ухаан нь “орон, гаран” яваа УИХ-ын эрхэм гишүүд сурагчдын асуудлыг тоож хэлэлцэнэ гэдэгт нэг л итгэхгүй нь. Сурагчид ямар сонгуульд оролцох биш. УИХ-ын гишүүд маань сонгууль өгнө гээд оюутнуудаа цалинтай болгоод, төлбөрийг нь “даагаад”, автобусаар дураар “тэнэх” боломжийг нь хангачихсан. Иргэддээ хувьцаа өгнө гээд 16-гаас дээш насны шинэчлэгдсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн дансанд “536 ширхэг байна” гэдгийг баталчихсан. Сурагчид сонгуульд оролцдог байсан бол  ч энэ асуудал шийдэгдэх магадлал өндөртэй байсан биз. Учир нь тэднийг юм мэдэхгүй гээд, чихэр өгч байгаа юм шиг загнах нь ойлгомжтой доо гэж бодлоо. Ямартаа ч үүнийг тойргоо хөгжүүлнэ гэж, төсвийн мөнгөнөөс гурав, гурван тэрбумаар “зулгаасан” УИХ-ын гишүүд шийдэх юм байна. Гэхдээ сургууль барихаас өмнө автобустай болгох нь илүү амархан. Зардал багаас гадна, богино хугацаанд шийдвэрлэх магадлалтай. Тэгээд ч үүнд шинэ автобус аваад байх шаардлагагүй. Хоосон давхиж, хий түлшээ шатаадаг гэгддэг автобус компаниудтай гэрээ хийгээд л болчих юм шиг санагдана. Шинэ сургуулийг хэдэн арваар нь барьчихсан хойноо гэрээгээ цуцална л биз. Тэр хүртэл лавтайяа хэд хэдэн өвлийг үдэх нь дамжиггүй болохоор л үүнийг “за” гэчихэд гэмгүй юм биш үү.

Тэгвэл энэ талаар иргэд юу бодож явдгийг дараах жишээнээс харж болно. “Ардын эрх” сониноос санаачлан эхлүүлж буй “Сургуулийн автобус” цуврал сэдвийн эхний дугаарт нийтлэгдсэн “Харанхуйд бүдчих сурагчдын замаар” сурвалжлагад нэгэн уншигч доорх сэтгэгдлийг үлдээжээ. Монголд дунд сургуульд сурах хамгийн аймшигтай цаг үе. Хар өглөөгүүр дагжин чичрэн босно. Өглөө цай ууж, боов иддэг нь ховордоо. Арайхийж гэрээсээ гаран, харанхуйд бүдчин, сургуулийн зүг тэмүүлнэ. Унаа хүлээн чичирнэ, ад үзэгдэн зогссоор арайхийж нэг юм автобусанд орно. 200 төгрөгөө “зад” загнуулан төлж, нуруунаасаа нухчуулж, түлхүүлэн урагшилна. За, арайхийж сургуультай нь ойролцоо буудалд ирж бууна. Сургуульдаа орно. Тэнд сургуулийнх нь гурав, дөрвөн мянга хол давсан хүүхдүүдтэй “эрийн сайнаа” үзэлцэн, хувцсаа өлгүүлээд, ангидаа ороход ангийнх нь 60 “гэр бүл” ёс суртахуун, ядуу зүдүү байдалдаа гутарсан найзууд ширээндээ гуравлан угтана. Удалгүй аль нэг хичээлийн багш гэх цалин муутай, сурагчдаасаа мөнгө саах багш орж ирэн мөнгөөр дарамтална. Тэрийг нь даваад, арайхийж хичээл гэх сонирхолгүй үл мэдэх шинжлэх ухааны зах зухаас юм орно… гэж.

Тиймээс л тэдэнд зориулан автобустай болгоё. Бяцхан жаалууд баярлана. PR-ийг чинь багшаасаа эхлүүлээд ээж, аав, эгч, ах, эмээ, өвөөдөө хийгээд өгнө. Захиа бичиж, зургийг чинь зургийн дэвтэртээ дуурайлган зурна. Тийм гавъяатай хүн томчуудад ч гоё харагдана.

Б.Ойнбилэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж