”Коммунист сэтгэлгээнээсээ салаагүй байна”

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

”Коммунист сэтгэлгээнээсээ салаагүй байна”

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй ярилцлаа. Түүний саяхан хийсэн “Ирэх сонгуульд нэр дэвшихгүй” гэсэн мэдэгдэл нь цөөнгүй хүнийг “шок”-онд оруулаад байгаа билээ.

-Улс төрөөс гарна, УИХ-д нэр дэвшихгүй гэсэн цочир цочир мэдэгдэл хийгээд л. Хэнд туниад, ямар менежмэнт хийгээд яваад байна аа, баатар аа?

-Улс төрөөс гарна, гарахгүй гэж бол яриагүй. Сонгуульд нэр дэвшихгүй гэдэг саналаа л намынхаа удирдлагад хэлсэн.

-Тэгээд яаж хүлээж авч байна?

-Одоогоор миний саналыг хүлээж аваагүй, “Тийм юм байхгүй ээ” л гэж байгаа.

-Тэгээд тэр нь таны шийдвэрт нөлөөлсөн үү?

-Ямар ч байсан, эрхбиш намынхаа удирдлагад энэ саналаа хэлэх ёстой. Яг үнэндээ би чинь өөртөө хамаарахаас гадна өрөөл бусдад бас хамаарч байна шүү дээ. Ялангуяа манай нам энэ сонгуульд ялах магадлалтай гэж үзэж, маш их ач холбогдол өгч байгаа ийм үед сонгуулийн үр дүнд таагүй нөлөөлж болох ямар ч зүйлийг намын удирдлага хүлээж авахгүй. Тиймээс намын дарга “Энэ чиний хувийн асуудал биш шүү. Одоогоор чиний саналыг хүлээж авах боломжгүй” гэсэн. Тиймээс би ч бас “Саналаа хэлсэн шүү” гэсэн байдалтай л хүлээж байна.

-Би ч гэсэн санал нэг байна. Э.Бат-Үүл нэр дэвшихгүй гэвэл “За, нөгөөх чинь намынхаа удирдлагатай муудалцаад орхиж. Ардчилсан намд багтахаа байж, өөр зам сонгож дээ” л гэж хүмүүс хүлээж авна. Та тэгж бодоогүй байлаа ч гэсэн…

-Нэн ялангуяа манай өрсөлдөгч МАН бол үүнийг маш сайн ашиглана л даа. Янз бүрийн цуу тараана, тэр нь Ардчилсан намын сонгуульд тодорхой хэмжээгээр бэрхшээл учруулахыг үгүйсгэх аргагүй. Тийм ч учраас хэдийгээр би намын даргад саналаа хэлсэн ч хаалгыг нь савж гараагүй. Нээрээ ч сонгуулийн өмнө ямар нэгэн байдлаар бэрхшээл учруулах юм биш байгаа гэж өөрийн эрхгүй санаа зовж л байна.

-Та “манай нам ялах магадлалтай байгаа учраас” гэлээ. Би бол эсрэг бодолтой байна. Ялах магадлалтай учраас биш, ялагдаж болзошгүй учраас гэж хэлнэ. Яг үнэндээ энэ удаагийн сонгуулийн үр дүн таамаглахын аргагүй болчихоод байна шүү дээ. Улс төрийн фронт дээр гэх үү, урьдчилан таамаглах боломжгүй хуваарилалтууд хийгдээд эхэлчихлээ. Иймэрхүү тохиолдол болгонд Ардчилсан намыг “шок”-ын байдлаас гаргах үүрэг Э.Бат-Үүлд ирдэг биз дээ?  

-Тэр үүргээ биелүүлэх естой газар нь биелүүлээд л явна, цаашдаа ч гэсэн. Тийм ч учраас би УИХ-д нэр дэвшихгүй гэсэн. Гэхдээ энэ нь улс төрөөс гарч байгаа хэрэг биш шүү гэдгийг ч араас нь бас хэлж байгаа. Яагаад нэр дэвшихгүй гэдэг шийдвэр гаргасан шалтгаанаа бас хэлэх хэрэгтэй байх.
 
-Яагаад, хэзээнээс бодсон юм?

-Гэр хорооллыг орон сууцжуулах талаар бодож, энэ асуудлаар гэр хорооллынхонтой санал бодлоо солилцож эхэлснээс хойш л бодсон юм. Яагаад гэвэл гэр хорооллыг орон сууцжуулах асуудал маань өөрөө хамгийн эгзэгтэй асуудал болчихоод байна. Орон сууцны том том хөтөлбөрүүд чинь гэр хорооллынхны мэдээлэлгүй байдлыг ашиглаад тэдний газрыг хурааж авч, нийтийн орон сууц шахах замаар л явах гээд байна шүү дээ. Жишээ нь, 100 айлын газрыг тодорхой төлбөртэйгээр буцааж аваад дээр нь VII хорооллыг барина гэдгээ хотын захиргаа их баяр бахдалтайгаар зарлалаа. Их чухал ажил хийж байгаа байдлаар. Яг үнэндээ тэр гэр хорооллын ард иргэд маань ямар үнэ цэнэтэй зүйлээ өгч байгаагаа ч мэдэхгүйгээр, их хямдханаар газраа үнэлээд алдаж байна. Хашааны газрыг худалдаж аваад нийтийн орон сууж барих нь ямар үр дагавартай, буруу зүйл болохыг ч ойлгохгүй байна. Энэ учир ойлгохгүй байдлыг нь ашиглаад гэр хорооллынхныг хохироох байдал үүсчихлээ. Үнэхээр гэр хорооллыг орон сууцжуулья гэвэл зүгээр тэр хашааны газрууд руу нь инженерийн шугамыг нь л татчих. Тэгээд хашааны газрыг нь барьцаалаад иргэддээ мөнгө өг. Өөрөөр хэлбэл, дараа төлөгдөх нөхцөлөөр орон сууц бариулаад бай. Энэ тухай ярихад хүмүүс маш их хөөрч, “нээрээ тэгдэг бол ямар сайхан бэ” гэх мөртлөө “сонгууль дөхчихсөн учраас чи биднийг сонгуульд биднийг ашиглах гээд байна” гэж үл итгэх байдлаар ярьж байгаа зүйлийг маань саармагжуулаад байна.

-Гэхдээ энэ орон сууцжуулах бодлогыг ярихад, ажил болгоход УИХ-ын гишүүний эрх мэдэл ямар садаа болоод байгаа юм бэ? Харин ч илүү боломж олгох юм биш үү, бүхэл бүтэн намын бүлэг танд байна?

-Би УИХ-ын гишүүнийхээ хувиар “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүдэд зөндөө хэлсэн, гуйсан. Битгий нийтийн орон сууц бариарай, иргэд өөрсдөө сонголтоо хийх, хашааныхаа газар дээр хувийнхаа орон сууцыг барих боломжийг нь олгох хэрэгтэй. 578 га газрыг зүгээр л хураагаад авчихаж болохгүй шүү гэж. Би УИХ-ын гишүүний хувиар, энэ хөтөлбөрийг хэлэлцэж байхад нь хэлсэн, тэгээд хүчин мөхөстсөн. Үнэнийг хэлэхэд манай нам ч, нөгөө нам ч миний тэр үгийг огтоос тоож үзээгүй, хүчээр батлаад явчихсан. Тэгээд би цаанаа нэг зүйлд хар авсан л даа, эд санаатай үүнийг хийж байна гэж. Барилгын маш олон компанийн сонирхол байгаа шүү дээ, тэдэнд нэг айлын газар дээр арван давхар орон сууц бариад зарах нь илүү ашигтай. Нэг айлын хашаанд нэг айлын орон сууц бариад тэдэнд ашиггүй. Тэгэхээр энэ лобби их хүчтэй байгаа юм байна, ер нь төрд бизнесийн лобби хүчтэй байна. Тиймээс УИХ-ын индэр дээрээс асуудлыг ярихаасаа илүү олон түмэнтэйгээ хамтарч тэмцэхгүй бол би ганцаараа яриад хүч мөхөстөх юм байна гэдгээ л ойлгосон.

-Тракторчин, жагсаалчин байх л хувь заяатай улстөрч юмаа даа, янз нь?

-Тэгэх л маягтай. Нэгд, энд байгаа хүмүүс миний үгийг сонсохыг ч хүсэхгүй байна. Гай болж нөгөө гэр хорооллынхон маань энэ учрыг ч ойлгохгүй, харанхуй байна. Тэгээд энэ хоёр нөхцөл байдал нэг цэг дээр уулзаад байхаар түүнийг нь таслан зогсоохын тулд дундуур нь орохоос аргагүй. Гэр хорооллынхны харанхуй байдал, элит хэсгийнхний бизнес хийх гэсэн сонирхол хоёр уулзаад байна шүү дээ. Энэ хоёрын уулзалт, хоорондын хэлцлийг таслан зогсоох ёстой. Иргэдтэйгээ, гэр хороолынхонтой ялангуяа уулзах хэрэгтэй байна. 

-Танай намын одоо боловсруулаад сонгуульд авч орох гэж байгаа бодлого, мөрийн хөтөлбөрт жишээ нь энэ асуудал байхгүй юу?

-Маш дутуу дулимаг тусгагдсан, би үнэнийг ний нуугүй л хэлье. Тэгээд аргаа бараад манай намынхан “Монгол хүн 2020”-ио яриад явахад нь би орон сууцаа яриад л хажууд нь зогсч байдаг. Түрүүн хэлсэнчлэн манай улстөрчид компанийн бизнесийн лоббид автсанаас гадна үнэндээ би бас нэг харамсмаар юмыг би олж харлаа. Ерөөсөө манай улстөрчид хуучин цагийн социалист, зөвлөлт сэтгэлгээнээсээ салаагүй байна. Сэтгэлгээний хувьд үнэхээр салаагүй байна. Орон сууцжуулна гэхээр л нийтийн орон сууц барьдаг гэж ойлгоод байх юм. Уг нь манайхан өндөр хөгжилтэй орнуудад зөндөө л явсан даа. АНУ-д очиход хотуудынх нь нутаг дэвсгэрийн 90 хувь нь хувийн орон сууцны хороолол байдаг шүү дээ. Зүгээр л дэд бүтэцтэйгээ холбогдсон хувийн хорооллууд. АНУ-ын иргэд хувийнхаа газар дээр моргейжийн зээл буюу дараа төлөгдөх нөхцөлөөр байшингаа бариад л амьдардаг. Харин нийтийн орон сууц барьж хот төлөвлөдөг ажлыг чинь коммунистууд зориуд, бодлогоор хийсэн юм.

Гэр хорооллын хашааг инженерийн шугам сүлжээнд холбох боломж социализмын үед байсан юм. Тэгээд холбочих юм бол тэр айлууд чинь нийтийн орон сууцанд орж өгөхгүй. Хоёрдугаарт амины орон сууц, хашаа нь хувийн өмчийн үзлийг нь сэрээгээд салж өгөхгүй шүү дээ. Гэтэл социализм, коммунизмын зорилго нь хувийн өмчийг устгах явдал. Өмчийг нийгэмчилж, иргэдийг хуарагнуулах бодлого шүү дээ. Тийм учраас тэд гэр хорооллыг бүр үздэггүй байсан юм. Нийтийн орон сууцанд байгаа ард иргэдийг захирахад амархан, зохион байгуулахад ч амархан, гарын дор байхгүй юу. Социализмын үед харагддаг л байсан шүү дээ. Комунист субботник зарлахад нийтийн орон сууцныхан л субботникт гардаг, гэр хорооллынхон бол ад үзэгдээд л байж байсан шүү дээ. Одоо бол хөөрхий дарангуйлж, захирах гээд байгаа юм алга л даа. Нөгөө хуучин сэтгэлгээн дээр нь компаниуд ажиллаад байна. Компаниуд бол ухамсартайгаар ойлгож байгаа, 1-2 айлын хашаан дээр “Central Tower” шиг л юм барьдаг юм байгаа биз дээ. Гэтэл амины хашаанд инженерийн шугам татаад өгчих юм бол тэр айлууд газраа өгөхгүй. Манай улстөрчдийн хуучин социалист сэтгэлгээнээсээ салаагүй байдал, түүн дээр нь компаниуд тоглоод, дээр нь гэр хорооллынхон маань учраа олохгүй байгаа гурав л уулзчихаад байна л даа.   
 
Яг үнэндээ энэ гэр хорооллынхон чинь явж явж нийгмийн дундаж давхарга байгаа юм. Өөрийн өмчтэй, хөрөнгөтэй, үнэ цэнэтэй зүйлтэй. Энэ бол ардчиллыг баталгаажуулахад маш чухал. Гэтэл манай намын нөхдүүд, Лу.Гантөмөр ч хүртэл “Өө, эд чинь газраа өгөхгүй байна. Газарт оруулчихвал долдугаар хороолол бослоо, орон сууцаа барилаа” гэж яриад байгаа. Нэн ялангуяа Ардчилсан нам ийм бодлого ярьж болохгүй. Яагаад гэвэл аминыхаа хашаа, хувийнхаа орон сууцанд эрх чөлөөтэй байгаа иргэн чинь л энэ ардчиллын баталгаа.

-Утаанаас ч бас болсон байх л даа, энэ утааны гамшиг чинь нэг хэсэгтээ л түргэн авахууллаа шүү дээ. Одоо хавар болохоор бас мартчих байх л даа?

-Одоо бол манай нам ард иргэдийг орон сууцжуулах ажлын утга учрыг маш сайн ойлгох ёстой. Яг үнэндээ ардчилал нэр хүндээ маш их алдаж байна. Ардчилалд итгэх итгэл нийгэмд алдарч байна. Хорин хэдэн жил л ажилгүйдэл, ядуурал ярилаа. Энэ гэр хорооллынхны байж байгаа байдал, утаа энэ тэр гэсэн сөрөг үзэгдлүүд чинь ардчиллын нэр хүндийг гутааж байна. Энэ байдлаар цаашаа явбал бид ардчиллаа алдана. Тийм учраас зүгээр л иргэдээ орон сууцжуул. Гэхдээ орон сууцжуулах ажлаа битгий нэг их хүндрүүл. Том том нийтийн хороолол бариад л, тэр ч ядахдаа их урт удаан хугацаа зардаг. Инженерийн шугамыг нь айлын хашаанд хүргээд өгөхөд тэд өөрсдөө хувийнхаа орон сууцыг зургаан сарын дотор л барина.  

-2004-2005 оны Засгийн газрын үед байх, Барилга хот байгуулалтын сайд хийж байсан танай намын Н.Батбаяр 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн талыг нь хувийн орон сууцаар бий болгох, гэр хороолол руу инженерийн шугам тавих тухай төсөл төлөвлөгөө гаргаад явж байсан. Харамсалтай нь тэр яагаад мартагдчихсан юм, дараачийнх нь сайд яагаад авч яваагүй юм?

-Тийм. Гэхдээ би Н.Батбаярыг 40 мянган айлын орон сууц ярьж байх үед ч гэсэн шүүмжилж л байсан. Орон сууцжуулах асуудал руу заавал битгий энэ нийтийн орон сууцыг шургуулаад бай. Эхлээд энэ гэр хорооллоо орон сууцжуул гэж. Тэгэхгүй заавал нэг нийтийн орон сууцны хөтөлбөр оруулж ирээд, бизнес энэ тэр бодоод бай л даа гэж. АНУ-д нийтийн орон сууц барьдаг, түүндээ их дургүй орно. Яагаад нийтийн орон сууц барьдаг вэ гэвэл тэнд газаргүй хүмүүс олон. Шинэ гэр бүлүүд, цагаач иргэд байна. АНУ-ын газар нутаг аль хэдийн эзэнтэй болчихсон. Тиймээс нийгмийн тэр ядуу хэсэгтээ зориулж нийтийн орон сууц барьдаг. Ажил хэргийн хүмүүс нь бас хотын төвд байрлах гэж нийтийн орон сууц захиалдаг. Гэхдээ тэд ч гэсэн хотынхоо захад газартай, зөвхөн ажлын өдрүүдэд л хотын төвд байрлана шүү дээ. Америкчууд ер нь л аль болох нийтийн орон сууцаас татгалздаг, бариулахдаа маш өндөр шаардлага тавьдаг. Бараг л ган төмөр карказаар зангидуулна. Дээр нь хэрвээ ямар нэг осол аваар гарвал барьсан, бариулсан хоёрыг шоронд хийх болзолтойгоор бариулдаг. Яагаад гэвэл нийтийн орон сууц чинь өөрөө эрсдэлтэй байхгүй юу. Жишээ нь, Улаанбаатарт найман баллын хүчтэй нэг том газар хөдлөлт болоход манай ард иргэд хэдэн зуугаараа дарагдана. Гамшиг болно, хүн харахын эцэсгүй юм болно. Тиймээс би бол III, IV хорооллын дундуур алхахдаа зүрх ширхийж явдаг. Амины орон сууц нурах бол гэрийн унь унахтай л адил шүү дээ. Ямар есөн давхраас үсрэх юм биш, гүйгээд л гарна биз. Тэгээд ч амины орон сууцыг их үнэтэй, хүнд хийцээр барьдаггүй. Канадууд, шведүүд манайд ирээд гайхдаг юм. “Та нар чинь ямар зузаан хана өрдөг, яасан зузаан цутгадаг, ямар хүнд хийцээр барьдаг юм бэ. Хүүхдэд чинь чиний байшин таалагдахгүй болоод нураая гэвэл дэлбэлэхээс өөр аргагүй юм байна шүү дээ” гэдэг. “Үгүй ээ, манайд хүйтэн” гэхээр “Манайд ч гэсэн хүйтэн. Угаасаа та нарын орон сууцны тухай философи чинь буруу байна. Орон сууц гэдэг бол газарт өмсгөж байгаа хувцас” гэдэг юм.

-Аль болох солиход амар байх ёстой…

-Тийм. Хүүхдүүд нь аваад л шинэ байшин барьдаг байхгүй юу. Худалдаж авч байгаа хүн ч гэсэн газар дээр нь өөр байшин барина л гэж авдаг. Яг үнэндээ бол хүмүүс орон сууц авдаггүй юм, газрыг л авдаг. Тийм учраас канадууд “Манайд бол ийм аймаар хүнд цутгаад хийчихсэн орон сууцны үнийг унагаад л эхэлнэ. Газрыг нь ашиглахын тулд байшинг чинь бараг дэлбэлэх юм байна шүү дээ” гэдэг. Яг үнэн. Бетондох барих, төмөр карказ энэ тэрийг бол нийтийн орон сууцанд л хэрэглэдэг. Аюулаас хамгаалахын тулд. Гэхдээ мэдээж төгс хамгаалалт гэж байхгүй шүү дээ. Хувийн орон сууцанд тийм аюул байхгүй учраас илүү хямд, амьдрахад тохьтой барьдаг.

-За, тэгвэл тэр хувийн орон сууцыг барих хөнгөлөлттэй зээлийн чинь эх үүсвэр хаа байна аа? Дахиад л нөгөө уул уурхай руугаа орох уу?

-Орон сууцжуулах асуудлыг ингэж яаруулаад, адгаад байгаагийн нэг шалтгаан нь энэ. Уул уурхайн баялгаас манайд орлого орж ирэх нь тодорхой байна, ирээдүйд орж ирэх орлогоо барьцаалаад дэлхийн зах зээл дээрээс мөнгө татах ч бололцоотой. Хятадын Засгийн газар бидэнд гурван тэрбум ам.доллар өгье л гэж байна. Асуудал алга. Гэтэл энэ мөнгийг аваад шинэ төмөр зам руу оруулна, аж үйлдвэрийн парк байгуулна ч гэх шиг. Бас л нөгөө коммунист сэтгэлгээ. Коммунистууд үйлдвэр барихаа л боддог болохоос биш бүтээгдэхүүн борлогдох эсэхийг огт боддоггүй байсан. Зах зээлээс нь эхэлж тоолдоггүй байсан учраас борлогддоггүй бүтээгдэхүүнтэй үйлдвэр л босгоод байсан. Хөгжлийн банк одоо эхний орж ирсэн 1,8 их наядыг нь шинэ төмөр зам руу оруулна гэж байна лээ, би эсэргүүцэж байгаа.

-Хятадуудаар өөрсдөөр нь, худалдан авагчдаар нь бариулна гэж үү?

-Зөвхөн хятадуудаар биш л дээ. Сонирхогч талуудаар нь бариул. Манай хувийн хэвшлийнхэн, гаднын хөрөнгө оруулагчдаар бариул. Наана нь өчнөөн тулгамдсан асуудал байсаар байтал бид 1,8 их наядыг шинэ төмөр зам руу аваачаад хийчихдэг, гэтэл төмөр замаа бариуд дууссаны дараа нүүрсний үнэ уначихвал яах юм. Мөнгөө тэнд түгжчихнэ шүү дээ. Эсвэл зориуд биднийг дарамтлах гээд “Танай нүүрс үнэтэй байна, авахгүй ээ” гэвэл яах юм.

-Нэг сар зогсоход л гараа өргөөд хэлсэн үнээр нь өгөх байх л даа…

-Тэгнэ. Африк, Латин Америкийн орнуудад яг ийм явдал болсон. Барууныхан очоод “Та нар орж ирсэн орлогоороо төмөр зам барьчих, тэгвэл нефть чинь, нүүрс чинь бүр үнэтэй болно” гэж хошгоруулаад, нөгөөдүүл нь баахан юм бариад орхисны дараа “Уучлаарай, наадах чинь үнэтэй байна. Бид авахгүй” гээд гараад явчихсан. Тэгээд хогон дээр амьдарч байгаа иргэдтэй л үлдсэн шүү дээ. Хоёрдугаарт, аж үйлдвэрийн парк гээд л яриад байх юм. Уг нь манайх чинь аж үйлдвэрийн парктай юм шүү дээ…

-Үйлдвэр комбинат уу, хэхэ?

-Тэгэлгүй яадаг юм. Үйлдвэр комбинат чинь аж үйлдвэрийн парк шүү дээ. Бараа, бүтээгдэхүүн нь борлогдохоо болиод аж үйлдвэрийн парк маань дампуурсан. Одоо тэгээд ахиад борлогддоггүй бүтээгдэхүүнтэй үйлдвэрийн парк байгуулж яах гээд байгаа юм. Хөрөнгө оруулагчид бол бүтээгдэхүүнээ борлуулах найдвартай тооцоогоо хийгээд орж ирдэг хүмүүс байхгүй юу. Төр тийшээ орж яах юм. Энэ чинь бизнес шүү дээ. Хувийн хэвшлээрээ л хийлгэх нь дээр юм гэдгийг эрхбиш энэ олон жилд бид харлаа.    

-Наад зах нь “Энержи ресурс”-ыг л хар л даа. Манай Засгийн газар тавьж чадаагүй урт замыг л тавиад нүүрсээ зөөгөөд эхэллээ…

-Тийм учраас би энэ орж ирж байгаа мөнгөө элдэв эрсдэл рүү битгий аваачиж хийгээч ээ гээд байгаа юм. Бид АНУ шиг орон сууцныхаа асуудлыг шийдчихсэн, нийгмийн даатгал нь болж бүтчихсэн бол өөр хэрэг байлаа. Тийм биш шүү дээ.

-Нийтээрээ орон сууцтай болсон төдийгөөр эдийн засгийн ямар эргэлт бий болох юм бэ, гэвч? Гэр хороолол руу инженерийн дэд бүтэц татах ажлыг бол яалт ч үгүй төсвийн хөрөнгөөр хийх ёстой шүү дээ…

-“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр дотор инженерийн шугам тавих зардлыг тооцоод гаргачихсан байгаа. Ямар ч байшин нийтийн орон сууц барих гэж явснаас хамаагүй хямд тусна. Хүсвэл шилэн кабель тавихтай л адил шийдэж байна шүү дээ. Ганцхан одоо байгаа цахилгаан, дулаан үйлдвэрлэлийн хүчин чадал хүрэхгүй байна. Тиймээс цахилгаан станцаа, дулааныхаа станцыг нэмж барь. Тэгээд шугамаа тат. Үүнд бол хангалттай мөнгө байгаа. Эхний асуулт чинь бас чухал. Би гэр хорооллынхонтой уулзахдаа ч хэлсэн. Хувийн орон сууцанд мөнгө өгнө гэдэг нь яг нарийндаа та нарт ч нэг их буян хийх гээд байгаа юм биш шүү гэж. Иргэддээ орон сууц барих мөнгийг нь өгчих юм бол улс орон даяар үл хөдлөх хөрөнгийн асар том үйлдвэрлэл явагдана. Айл өрх бүхэн үл хөдлөх хөрөнгө үйлдвэрлэнэ, тэр үйлдвэрлэл нь нийт эдийн засгаа босгодог юм. Хөтөлийн цементийн үйлдвэрийн хүчин чадлыг арав дахин нэмэхээс өөр аргагүй болно, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөхөөс аргагүйд хүрнэ, тав, зургадугаар цахилгаан станц хэрэгтэй гэхчлэн үндэсний үйлдвэрүүд чинь дагаад босоод ирнэ. Нөгөө хөшиг оёдог, тавилга тавьдаг үйлдвэрүүд чинь ачаалаа дийлэхээ болино. Үүнийг дагаад ажилгүйдэл байхгүй болно.

Улаанбаатарын 160 мянган айл нэг зэрэг орон сууц бариад эхлэвэл одоо байгаа ажиллах хүчин хүрэлцэхгүй, гаднаас ажилчин авна. Ядуурлын тухай ойлголт байхгүй болно, хүмүүсийн орлого нэмэгдэнэ. Хөдөлмөрийн зах зээл дээр ажлын эрэлт, ажиллах хүчний өрсөлдөөн бий болно. Ингэж шидэт дохиур шиг үйлчилдэг байхгүй юу. Манайд тулгараад байгаа бүх асуудлыг энэ орон сууцжуулах ажил чинь чирээд аваад явчихна. Дэлхийн II дайнаар АНУ маш их хэмжээнийн орлого олсон. Дайн дуусаад эдийн засаг нь унах аюулд оронгуут америкчууд иргэддээ амины орон сууц барихад нь зориулж моргейжийн зээлийг маш хурдан, их хэмжээгээр өгсөн. 1948-1958 оны хооронд аравхан жилийн дотор АНУ-д 10 сая орон сууц боссон. Сая моргейжийн хямрал гарахаас өмнө АНУ-д жилд 1,5 сая орон сууц шинээр босч байсан. Аргагүй шүү дээ, иргэдийнхээ оролцоотойгоор барьж байгаа юм чинь. Гэтэл бид 100 мянган айлын орон сууцыг хэдэн жил төлөвлөж байна. Орон сууцны хөтөлбөрөөр АНУ энэ агуу том эдийн засгийг бий болгосон юм. Гэтэл Орос яалаа, дайнаар олсон мөнгөөрөө пуужин хөөргөж, сансарт хүн нисгээд л. Гэхдээ уучлаарай, Сибирийн хөдөө тосгоны айлууд пийшин дээрээ унтаад усаа худгаас зөөгөөд л амьдарч байлаа шүү дээ.

-Одоо манай гэр хорооллынхон ч гэсэн тэгж л амьдарч байна шүү дээ…

-Тийм учраас би “Битгий Зөвлөлт маягаар сэтгээч ээ” гэж гуйгаад байгаа юм. Нөгөө л аж үйлдвэрийн парк байгуулна, төмөр замаар хэрээд хаяна ч гэх шиг. Оросууд “пуужин хийнэ” гэдэг шиг юм битгий яриад байцгаа. Одоо айлуудын хашааны гарыг хурааж байна, нэг явчихвал энэ чинь цаашаа дийлдэхээ болино. Тийм учраас би хэлээд байгаа юм, зүгээр л айл өрхийнхөө орон сууцны асуудлыг шийдчих. Тэгвэл бүх эдийн засгийг чинь босгоод ирнэ. Моргейжийн зээл хүн төрөлхтөнд гайхалтай хувьсгал хийсэн. Моргейжийн зээл байгаагүй бол өнөөдрийн АНУ орон байхгүй, Европын хөгжил байхгүй байлаа.

-Манайхан бас нэг хэсэг “АНУ моргейжийн хямрал болоод баларч байхад бид түүгээр нь яваад яах юм” гэж нэг хэсэг дагаж хямарцгаасан, эхлээ ч үгүй байж шүү дээ?

-АНУ, Европ чинь угаасаа орон сууцны нийлүүлэлт нь хангагдаад хэтэрчихсэн байхгүй юу. Орон сууц барихгүй л бол эдийн засаг унадгийн жишээ тэр. Сүүлдээ бүр барьцаа энэ тэр ч нэхэхээ болиод хаа хамаагүй цагаачдад мөнгө өгдөг болсон. Орлогыг нь ч харахаа байсан. Яагаад гэвэл дэндүү их мөнгөтэй болчихсон учраас. Тэгээд хямарсан юм. Манайх бол орон сууцны дутагдалтай орон, АНУ-ын моргейжийн хямралд бидэнд падлий ч байхгүй. Естой хаа ч байна, зай ч байна. Яагаад моргейжийн зээл хүн төрөлхтөнд ийм их зүйл авчихсан юм бэ, яагаад америк Европын өндөр хөгжилтэй орнууд моргейжийг шүтсэн юм бэ? Зүгээр л бодоод үз. АНУ-ын нэг профессор мөнгөө цуглуулаад орон сууж авья гэвэл 30 жил хэрэгтэй. 30 жил майханд амьдарч байж эцэст нь нэг юм орох оронтой болох нь ээ дээ. Швейцарийн төрийн албан хаагч Женевийн төвд гайгүй шиг хаустай больё гэвэл 100 жил ажиллах хэрэгтэй. Дахиад майханд, үр хүүхэдтэйгээ 2-3 үеэрээ амьдарч мөнгөө цуглуулж байж орон сууцанд орох нь. Тиймээс өрнөдийн улс төрийн бодлогтонууд нэг зүйлийг ойлгосон юм. Ийм нийгэм нийгэм биш байна, үймээн самуунаас өөр юу ч биш, тогтворгүйн гал голомт л болно гэдгийг ойлгосон. Тэгээд орж ирсэн бүх мөнгөөрөө дараа төлөгдөх нөхцөлтэйгээр иргэдээ орон сууцжуулаад эхэлсэн. Цалингаас чинь суутгаад явья, орон сууцаа ав. Үүнийг моргейж, ипотек гээд байна. Бид одоо үүн лүү шилжих болсон. Яагаад гэвэл бид мөнгөтэй болж байна. Одоо хашаанууд руу инженерийн шугам татаад л эхэлбэл нөгөө нийтийн орон сууцны чинь үнэ навс унана. Тэгээд компаниуд өөрсдөө гуйж очиж, айлуудын хашаанд хувийн орон сууц барьж өгөхөөс өөр аргагүй болно. Тийм учраас барилгын компаниуд миний ярьж байгаа зүйлийг нийтээрээ эсэргүүцнэ, эсэргүүцэж ч байгаа.

-Юу гэж эсэргүүцэж байна?

-Хашааны газрыг нь бид худалдаж авч байгаа шүү дээ, энэ чинь хүний эрх, зах зээл биз дээ гэж. Бат-Үүлийн ярьж байгаа бүтэхгүй ээ, айлын хашаа руу инженерийн шугам татах чинь аягүй хэцүү шүү дээ гэж. Өнөөдөр чинь XXI зуун шүү дээ. Альпийн нуруун дээр тосгон барьж л байна шүү дээ. Хүн төрөлхтөн ийм зүйлийг шийдчихсэн. Яг үнэндээ одоо манайд орон сууцны маш бодит бус үнэ тогтчихоод байна. Буруу тогтолцоо, буруу бодлогоос болоод хөөргөдсөн үнэ бий болчихсон. Хэрвээ гэр хороолол орон сууцжаад эхэлбэл орон сууцны үнэ аяндаа тогтоно.

-Барилгын компаниуд эсэргүүцээд, улс төрийн бодлоготонгууд нь ойлгохгүй байхад та энэ хөтөлбөрөө яаж хэрэгжүүлэх юм бэ, тэгээд?

-Тийм учраас л би гэр хорооллынхонтойгоо, иргэдтэйгээ нэгдье гээд байгаа юм. Гэтэл нөгөөдүүл маань “Чи биднийг сонгуульд ашиглах гээд байна уу, сонгууль дөхчихөөд ингэж яриад байна уу” гэж хараад байна. Тэгээд л би УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ хэлсэн. Өөр сонголт алга.

-Яг одоо юу хийх гэж байна?

-Гэр хорооллыг орон сууцжуулахын төлөө, Тохилог орон сууцны төлөө ч гэдэг юм уу, хөдөлгөөн өрнүүлнэ дээ.

-Хамтрах хүн байна уу?

-Нөгөө газрын төлөөх хөдөлгөөнийхөн дээрээ түшиглэнэ. Тун удахгүй онц бага хурал зарлагдах байх, дөрөвдүгээр сард их хурлаа хийнэ. Тэр хооронд гэр хорооллынхоо иргэдтэй уулзаад л явна даа.

-Түрүүнд би 2004-2005 оны Засгийн газрын Барилга хот байгуулалтын сайдын тухай хэлсэн. Одоо бас танай намын Хасбаатар билүү нэг залуу гэр хорооллыг орон сууцжуулах юм яриад л яваа. Энэ олон тус тусдаа санаануудыг нийлүүлээд, нэгдээд явж болдоггүй юм уу?

-Бололгүй яах юм. Түүний төлөө л явна шүү дээ. Хамтраад тэмцэх юм бол хэн ч үүнийг эсэргүүцэж чадахгүй. Яг үнэндээ ойлгох л юм бол бүгдээрээ л дэмжинэ. Энэ хаврын хавсарга шиг амьдралаас зэвийсэн бүгдээрээ л залхаж байна шүү дээ. Боломж нь байсаар байтал. Тийм учраас би хурдхан Тавантолгойн гэрээг байгуулаач, Оюунтолгойн ашиглалтыг хурдавчлаач гэж шаардаад байгаа юм. Бидний ирээдүйн орлого тодорхой байна шүү дээ. Уг нь бол сайн хувилбарын гэрээнүүд байгаа юм, улс төржүүлээд л унагаад байгаа болохоос биш.  Гурван жилийн дараа гэхэд Улаанбаатар утаагүй л баймаар байна шүү дээ. 

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж