АТГ-т 24 улс төрийн албан тушаалтан шалгагджээ
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст өнгөрсөн онд 365 үйлдэлтэй, 324 холбогдогчтой, 144 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Шалгасан хэргээс 30 хувьд нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр Прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Мөн 52 шүүгдэгчид холбогдох 21 хэргийг шүүхээр шийдүүлсэн аж. Түүнчлэн 40 шүүгдэгчийг гэм буруутайд тооцон ял шийтгэж, гурван шүүгдэгчийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар ялаас өршөөн хэлтрүүлсэн байна. 18 хүнд хорих ял ногдуулжээ. Хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг судлахад улс төрийн албан тушаалтан 24, төрийн захиргааны албан тушаалтан 68, төрийн тусгай албан тушаалтан 25, төрийн үйлчилгээний албан тушаалтан 66 байжээ. Мөн энгийн буюу аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан 138, гадаадын гурван иргэн шалгагдсан байна. Мөрдөн шалгасан нийт эрүүгийн хэрэгт 22.7 тэрбум төгрөгийн хохирол учирч, мөрдөн байцаалтын явцад 4.1 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулж ажилласан байна.
О.Чулуунбатын хэргийг түдгэлзүүлжээ
Монголбанкны ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн О.Чулуунбат нь Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, АНУ-ын Жорж Чайлмерстай хамтарч 35 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутган шалгаж байсан билээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 150.3-т заасан бусдыг завшиж, их хэмжээний хөрөнгө үрэгдүүлсэн, 264-т заасан төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Гэвч тэдний хэргийг өнгөрсөн онд түдгэлзүүлсэн бөгөөд түтгэлзүүлэх болсон шалтгаан нь Жорж Чалмерс Монгол Улсын хууль хяналтын байгууллагад шалгагдаж байхдаа оргон зайлж, хилээр гарсан юм. Тиймээс эзэн холбогдогч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байхгүй хэмээн хяналтын шатанд түдгэлзүүлж байжээ. МАХН-ын дарга Н.Энхбаярыг “Улаанбаатар таймс” сонины хувьчлалын асуудлаар АТГ болон Улсын мөрдөн байцаах газрын хамтарсан баг шалгаж байгаа. Түүнийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл ангиар зааснаар албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж, их хэмжээний хөрөнгө завшсан, хувьдаа ашигласан хэмээн буруутгаж байгаа юм байна. Хэрэгт нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьж, АТГ-т шилжүүлээд шалгаж эхэлсэн гэв. Түүнийг хуулийн дагуу шалгаж, мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа гэлээ.
Өндөр албан тушаалтны 90 хувь нь хөрөнгөө мэдүүлжээ
Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст төрийн өндөр албан тушаалтнууд одоогоор хөрөнгө орлогын мэдүүлэгээ 90 хувьтай өгсөн байна. АТГ-т ХОМ өгөх ёстой 270 орчим албан тушаалтан байдаг юм байна. Мөн улсын хэмжээнд төрийн болон нутгийн захиргааны албан тушаалтан 87 хувь нь ХОМ-ээ өгчээ. Он гарснаас хойш тус газарт гэмт хэргийн шинжтэй 39 гомдол, мэдээлэл ирж, 44 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа гэв.
АТГ таван ажилтнаа хууль бусаар халсан мэдээллийг төрийн албаны зөвлөөлөөс мэдэгдсэн. Өнгөрсөн даваа гаригт энэ талаар мэдээлсэн боловч АТГ-т энэхүү бичиг нь ирээгүй гэсэн тайлбар өглөө. Энэ талаар тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ч.Өнөрбаяраас тодрууллаа.
-АТГ-аас халагдсан найман ажилтан төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасны дагуу таван ажилтнаа хууль бусаар халсан гэдгийг Төрийн албаны зөвлөлөөс мэдээлсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Ажилчдаа халсан зүйл байхгүй. Анх шинэ удирдлага томилогдоход газрын удирдлага, холбогдох хэлтсийн дарга нар мэдээлэл авсан байдаг. Тэр үед бусад газрын мөрдөн байцаах албатай харьцуулбал, манай байцаагч нарын ачаалал маш бага байсан. Тийм учраас мөрдөн байцаагчийн зарим нэг орон тоог өөр хэлтэс рүү шилжүүлж, дотоод зохион байгуулалтын ажил хийсэн. Хуулиараа энэ нь газрын даргын эрх хэмжээний асуудал. Түүнээс биш ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн оронд өөр хүн авчраад томилсон зүйл байхгүй. Хална гэдэг бол зөрчил гаргасан тохиолдолд хална. Мөн төрийн албанд нэг жил ажиллах эрхийг нь хасдаг.
-Төрийн албаны зөвлөлөөс мэдэгдэл өгөөгүй гэсэн?
-Ажлаас чөлөөлөгдсөн иргэдийн асуудлаар Төрийн албаны зөвлөлөөс ямар нэгэн шийдвэр тогтоол гаргаж, манайд ирүүлээгүй байгаа. Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамын энэ талаар хэвлэл мэдээллээр өгсөн ярилцлагыг уншсан. Хэрвээ тогтоолоо ирүүлвэл бид тэр тогтоол шийдвэртэй нь танилцана. Төрийн албаны зөвлөлийн гаргасан шийдвэр бүр зөв байдаггүй. Түүний дараа захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлүүлдэг хуулийн механизм байгаа. Албан ёсоор мэдээлэл ирүүлсэн гэдэг нь худлаа.