Төр албадах биш зохицуулах үүрэгтэй

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Төр албадах биш зохицуулах үүрэгтэй

Шатахууны үнэ огцом өссөн нь улстөрчдийг хэлэх үг, ярих сэдэвтэй болгож байна. Ядаж байхад УИХ-ын сонгууль ойртож байгааг ч хэлэх үү, тэд эдийн засгийн хамгийн эмзэг асуудал дээр дөрөөлж, дөрөвхөн сарын дараа иргэдээс авах үнэлэмжээ нэмэгдүүлэхийн тулд энэ сэдвээр 24 цаг лекц унш гэсэн ч дуртайяа зөвшөөрөхөөр болчихож. Ганцхан Монгол ч гэлтгүй аль ч улс орны хувьд нефть бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт эдийн засгийнх нь амин чухал асуудлуудын судсыг нь барьж байдаг.

Тэр ч утгаараа өнгөрсөн нэгдүгээр сарын шатахууны үнийн өсөлт Монголын өрх гэр бүхэнд дарамт болон хувир­сан нь үнэн. Гэхдээ эдийн засгийг сууриар нь ган­хуулж мэдэх, гадаад зах зээ­лээс бүрэн хамааралтай ша­тахууны асуудлыг хэт улс­төр­жүүлснээр асуудал бүрэн дүүрэн шийдэгдэхгүй гэдэг нь өнгөрсөн нэг сарын дотор тодор­хой харагдаж байна. Улс орны хөгжил, эдийн зас­гийнх нь өсөлтөд сөргөөр нө­лөөлж болох гол асуудлыг бод­логоор биш хүчээр шийдэх нь хүчирхийллийн нэг хэлбэр байж ч болох талтай. Айлын аав нь хүүгээ, ээж нь охиноо загнах нь өнөөгийн нийгэмд хүчирхийллийн нэг хэлбэрт тооцогдох болсон цагт ардчил­сан, чөлөөт зах зээлийг сон­гоод 20 жилийн нүүрийг үзэж байгаа Монгол Улс эргээд социалист нийгмийг мөрөөдөж, либерал үзэлтэй гэх улстөрчид нь өөрсдөө нийгэмчлэлийн тухай хөндөх нь байгуулсан нийгмийнхээ мөн чанартай хэрхэн зохицож байгаа бол.

Шатахууны үнийг нэмсэн нь буруу зөв хэмээн тунгаан яллахаас илүү, хэн нэгний хөрөнгө рүү төрийн нэрийн өмнөөс хүчээр гар дүрэхгүйгээр  зохицуулах арга Монголын төрд уг нь олон бий.

Импортлогчид магадгүй үгсэн хуйвалдаж, үнийг хэтэрхий тооцоогүйгээр нэмсэн байж болно. Тэгвэл тэдний энэ үйлдлийг хязгаарлаж, үйл явдал аль хэзээний өрнөсний дараа биш өрнөхөөс өмнө урьтаж шийдвэрлэх  ёстой хүмүүс нь өнөөдөр борооны дараа цув нөмрөв гэгч л болоод байгаа шүү дээ.  Шатахууны үнийг хоёрдугаар сарын 8 гэхэд бууруул гэсэн үүрэг өгөөд байхад яагаад бензинийхээ үнийг бууруулахгүй байна вэ гэдэгт “би дарга нараасаа тийм тушаал аваагүй” гэх тайлбарыг хийж суугаа компанийн ажилтны буруу огтхон ч биш. Бас тэгээд Засгийн газрын даалгавраар шатахууныхаа үнийг бууруулахгүй суугаад байгаа импортлогчдыг шүүмжилж, эсэргүүцэхээсээ илүү энэ асуудлыг зохицуулах олон аргыг олоод харчихаж чадахгүй байгаа улстөрчдөд л харин уур хүрмээр байна.

УИХ дахь зарим гишүүд нефть бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулж, тэрхүү ажлын хэсгийнхэн нь төр өөрөө шатахуун импортлох ажлыг эрхлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Тиймдээ ч уг саналаа шигтгэсэн хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн барих бололтой юм. Энэхүү хуулийн төслийг боловсруулсан аж­лын хэсгийнхэн “Нефть бүтээг­дэхүүн импорлогч  компаниудын эрхийг цуцлаад 100 хувь төрийн мэдлийн компанид эрхийг нь өгнө гэдэг хамгийн оновчтой. Ингэсэн тохиолдолд шатахууны үнэ өссөн ч төсвөөс татаас олгох замаар үнийн зохицуулалт хийж болно. Өмнө нь ийм арга хэмжээ авч байсан. Дандаа хувийн хэвшлийнхэн байсан болохоор тэдний халаасыг л тэтгэсэн хэрэг болоод өнгөрч байсан юм” хэмээн ярьж байхыг сонслоо. Буруу сонсчихсон юм биш байгаа гээд сонин гарчиглалаа. Үнэхээр улстөрчид нефть импортлох эрхийг төрд өгөхийг хүсч байгаа юм байна. Үүнээс өөр гарц байхгүй, байлгаж чадахгүй юм гэж үү. Төрийн оролцоот эдийн засаг гэдэг төр шууд утгаараа гар дүрэхийн нэр бишээ гэдгийг эдийн засагчид сануулж байгаа. Захын эдийн засагчаас очоод эдийн засгийн энэ асуудлыг хэт улстөржилгүйгээр хэрхэн шийдвэрлэхийг нь асуувал хэлээд, заагаад өгчихнө дөө.

Төрд шатахууны үнийг тогт­вортой байдлыг хангах олон боломж бий. Импортлох эр­хийг гартаа авч, хувийн хэвш­лийнхний хийж чадах менежерийн ажилд хутгал­далгүйгээр шүү дээ.

Төр хууль баталж, бодлого боловсруулдаг. Түүнийгээ ашиглаад татварын болоод хууль эрх зүйн орчингоор шатахууны үнийг тогтворжуулж болно. Учир нь, шатахуун импортлох онцгой эрхийг нэр бүхий цөөхөн компанид онцгой байдлаар олгох бус нээлттэйгээр, тендер зарлаад олон компанид тусгай зөвшөөрөл олгочихвол Монголын дотоодын зах зээлд чөлөөт өрсөлдөөн бий болж үнэ хямдрах боломжтой гэнэ лээ. За тэгээд, зах зээлийн зохицуулалтаар асуудлыг амархан шийдэж болох гарц байна. Нөөц бүрдүүлэх. Гэхдээ нөөц бүрдүүллээ гэхэд Монгол Улсад шатахуун хадгалах агуулах сав байхгүй.  Саалиа бэлтгэхээр саваа бэлтгэ гэдэг. Гэтэл шатахууны агуулах бариулахаар төсөвлөсөн 30 тэрбум төгрөгийг өнгөрсөн жил УИХ танасаар 700 сая төгрөг л үлдээсэн. Энэ нь тэрэгний гол хийх гэж байгаад шүдний чигчлүүр болгосонтой адилхан шийдвэр байсан гэдгийг эдийн засагч Б.Лхагважав ярьж байна лээ. Тэрчлэн шатахууныг хэрэг­лэх биш “уудаг” уул уурхайн салбарынханд өндөр үнээр шатахуунаа худалдаж, харин нийтийн тээвэр, энгийн иргэддээ хямдхан зарах бас нэг арга байж болох аж. “Сод Монгол” группын захирал Ц.Анандбазар “Төр хувийн хэвшлийн ажилд бодлогоор хутгалдах нь буруу” гэсэн бол “НИК” компанийн дэд захирал С.Сүхбаатар “нефть импортлох эрхийг төр гартаа авсан тохиолдолд нэг улсын нэг компанийн мэдэлд бүрэн багтана гэсэн үг. Ийм юм ярьж байгаа хүмүүс цаашдын хор хохирлыг нь тооцох хэрэгтэй” гэдгийг сануулаад авсан. Ямар ч байсан төр албадаж, хүчээр шийдвэрлэх биш шударга, чөлөөт, зөв өрсөлдөөнийг дэмжих хэлбэрээр, зах зээлд тулгамдаад байгаа асуудлыг улстөржиж, гуйвуулахгүйгээр зохицуулах бүрэн боломж байна. Эдийн засагчдын энэ зөвөлгөөг улстөрчид улстөржилгүйгээр шийдвэрлэчихвэл ч.

Ж.Нямсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж