АН-ын дарга шинэ номоо “өлгийдөв”

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

АН-ын дарга шинэ номоо “өлгийдөв”

УИХ-ын гишүүн, АН-ын дарга Н.Алтанхуяг өнөөдөр “Ардчилсан засаглал 1206” номоо “өлгийдөн” авч намын журмын нөхөд, багш нар, ойр дотнын найзууд, хэвлэл, мэдээллийнхний хүрээнд нээлтээ хийлээ. Энэ номд 1206 гэсэн бэлгэдлийн тоог гурван агуулгаар тусгажээ.

Их Монгол Улсыг 1206 онд байгуулсан, 2000 оны арванхоёрдугаар сарын 06-нд ардчиллын төлөө намууд нэгдэж АН-ыг байгуулсан, 2012 оны 06 сард УИХ-ын сонгууль болно хэмээн 1206 гэсэн тоог номынхоо нэрэнд оруулснаа зохиогч хэллээ. Энэхүү ном нийтлэл, ярилцлага, илтгэл гэсэн гурван хэсгээс бүрдэж тус бүртээ ардчиллын түүхийг багтаасан байна. Номын нээлтэд УИХ-ын гишүүн Батж.Батбаяр, Д.Кёкүшюзан Батбаяр, Р.Гончигдорж, Г.Баярсайхан, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, нийтлэлч Баабар нарын олны танил олон эрхэм цугларч Ардын жүжигчин, уртын дууч Ш.Чимэдцэеэ “Уяхан замбуутивийн нар”-аар шинэхэн номыг мялааж, гавьяат жүжигчин Н.Амартүвшин “Би хаана төрөө вэ” дуугаар түрж, “Классик Жим”  хамтлаг, морин хуурын чуулгынхан ая, дууны эгшиг өргөлөө.

“Улс төрд 22 жил явахдаа “юмаа бөөгнүүлж” чадаагүй. Залуусын зөвлөснөөр “юмаа бөөгнүүлж” номтой боллоо” хэмээн Н.Алтанхуяг дарга номынхоо нээлт дээр хэлэв. Гишүүнийг бага байхад ээж нь хүүхдүүдээ дандаа зүйр цэцэн үгээр хүмүүжүүлдэг байжээ. Хүүхдүүдээ буруу үйлээс сэргийлж, залхуурч хойргошихоос болгоомжлуулж “Буруу замаар олсон хоол багалзуур дээр тээглэдэг”, “Залхуу хүн завагтай махандаа хүрэлгүй турж үхдэг”, “Санаагүй тарваганд салаа нүх байхгүй” гэхчлэн ээжийнхээ хэлж байсан үгийг хэдэн жилийн өмнө эмхэтгэн “Мөлжүүртэй үгс” номоо Н.Алтанхуяг гишүүн хэвлүүлж байсан юм. Бас чацаргана тариалдгийнхаа хувьд “Чацарганын тухай 100 асуулт, хариулт” ном бичихээр бэлдэж буй аж.

Ардын уран зохиолч П.Бадарч ном нээхэд дун үлээн аялгуугаар амилуулах, хүж, арц уугиулан ариусгах, номын дээжийг хадаг дээр талбин багшдаа барьж тэнгэрт таалуулах гурван зан үйл байдгийг хэлж аливаа ном гурван их увидастай байдгийг нэрлэлээ. Ном нь хүнд эрдэм түгээж, бусдыг гэгээрүүлж, ямагт дэргэд байж багш болдог гурван увидастайг хэлэв. УИХ-ын эрхэм гишүүн Р.Гончигдорж ардчилал хэрхэн үүсч, ямар замаар өдий хүрснийг мэдэхгүй хүүхэд залуу үе өсч өндийж буй тул түүхийг цаг цагт нь бичиж байхын чухлыг сануулж, маш хэрэгтэй ном болсонд талархал илэрхийллээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж