“Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байгаа салбарын яам, агентлагийн удирдлага хамт олон, уригдан оролцож байгаа зочид төлөөлөгчид өө!
Хатагтай, ноёд оо!
Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлж, ЖДҮ-ийн талаархи төрийн бодлогыг зөв тодохойлж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, Монгол орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг хүсэн ерөөе.
ЖДҮ-ийг хөгжүүлэх нь иргэдийн амьдарлыг сайжруулж, улс орны хөгжлийг тэтгэх хамгийн чухал гарц гэдгийг дэлхийн олон улс орны туршлага харуулж байна. УИХ, Засгийн газрын түвшинд ЖДҮ-ийн талаархи олон улсын чиг хандлагыг баримталж ЖДҮ-ийн эрх зүйн орчинг сайжруулж, төрийн дэмжлэг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж ирсэн нь нэн сайшаалтай байна.
2009-2011 онуудад ЖДҮ-ийн салбарт 280 гаруй тэрбум төгрөгийн бага хүүтэй, урт болон дунд хугацаатай зээлийг 4500 гаруй иргэн, аж ахуйн нэгжид олгож олон мянган ажлын байр бий болгосон байна.
ЖДҮ-ийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг салбарын яам, агентлагаас олгодог төвлөрсөн тогтолцоог бага боловч халж, аймгуудад эрх олгож, орон нутагт “Сум хөгжүүлэх сан”-г байгуулсан нь зөв бодлого, цаашид эрх мэдэл, үүрэг хариуцлагыг орон нутагт олгохыг улам бүр дэмжих нь зүйтэй гэж Төрийн тэргүүний хувьд үзэж байна.
Улсын төсвийн хөрөнгө нэмэгдэхийн хирээр ЖДҮ-ийг хөгжүүлэхэд оруулж байгаа хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэх шаардлага өсөн нэмэгдэж байна.
Цаашид томоохон үйлдвэр болон ЖДҮ-ын ангиллыг хуулийн дагуу тодорхой мөрдөж, тэдгээрт үзүүлэх төрийн дэмжлэг, зээлийн бодлогыг тус тусын онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх, ЖДҮ-ийн сангаас олгох зээлийн дээд хязгаарыг тогтоох, ЖДҮ-ийн зээлийн олголт, буцаан төлөлтийн мэдээллийг ил тод болгох асуудлаар эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай байгааг Засгийн газар анхаарвал зохино.
Бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, бизнест олгож байгаа хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр хэд хэдэн яаманд төвлөрч байгаа нь ажлын чиг үүрэг давхардах, нэгдсэн бодлогоор зохицуулах, хэрэгжүүлэхэд уялдаа холбоо дутагдах сул тал байгааг иргэд шүүмжилж байгааг ч анхаарвал зохино.
Бизнес эрхлэгчдийг мэдээллээр хангах, зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, зээлийн бодлогыг тухайн орон нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулах, том үйлдвэр аж ахуйн нэгжүүд нь жижиг бизнес эрхлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг хэрэглэх, экспортыг тэтгэх, импортыг орлох чиглэлийг баримжаа болгох асуудалд салбарын яам, агентлаг бодлог үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах нь зүйтэй.
Орон нутгийн удирдлагууд төсөл сонгон шалгаруулахдаа хэт улс төрждөг, эрх мэдлээ хэтрүүлдэг, хяналтгүй байхыг эрмэлздэг, зарим сумдад олгож байгаа зээлийн тоо хэмжээ хэт их, зээлд хамрагдаж байгаа иргэн, аж ахуйн нэгж цөөн байгаа, зээлийг зориулалт бусаар олгодог зэрэг иргэдээс ирүүлж байгаа шүүмжлэлийг засаж залруулах талаар анхаарч ажиллах нь зүйтэй. Эрх мэдлийг орон нутагт өгнө гэдэг нь даргын эрхийг нэмэгдүүлнэ гэхээсээ иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мэдээллийг ил тод болгох чиглэлд байх ёстой гэдгийг орон нутгийн төрийн болон НӨУЁБ-ын удирдлагууд анхаарч ажиллавал зохино.
Та бүхэн энэхүү зөвлөгөөнөөрөө жижиг, дунд үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэхэд “чөдөр тушаа” болж байгаа асуудлуудыг сайтар тунгаан хэлэлцэж, хөгжлийн шинэ шатанд гаргахуйц санал, зөвлөмж бүхий баримт бичиг гаргана гэдэгт найдаж байна.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрхэм үйлсэд идэвхийлэн зүтгэж байгаа Та бүхэнд эрч хүчтэй ажиллаж, ихийг хийж бүтээхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.
Миний монгол үүрд оршиг.
МОНГОЛ УЛСЫН ЦАХИАГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ
2012 оны 2 дугаар сарын 8-ны өдөр