Мөн энэ удаагийн байнгын хорооны хуралдаанаас Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүнийг сонгох асуудлыг авч хэлэлцэх байсан ч хойшлууллаа. Учир нь УИХ дахь хоёр намын бүлгээс тус дэд хорооны гишүүдэд нэр бүхий хүмүүсийг нэр дэвшүүлсэн ч бүрэлдэхүүн нь тооны хязгаартай тул хасах ёстой байлаа. Харин байнгын хорооны дарга П.Алтангэрэл “УИХ дахь хоёр намын бүлэг энэ асуудлыг авч хэлэлцэн, хэнийг хасч, хэнийг нэр дэвшүүлэхээ дахин нягтлах ёстой. Ингээгүй цагт маргаан дагуулна” гэж үзсэн юм.
Гурав дахь асуудал нь Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байсан бөгөөд байнгын хорооны хуралд оролцсон гишүүд хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж, санал дүгнэлтээ УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлэхээр болж шийдвэрлэсэн юм. Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн П.Цэнгэл “Ирэх хавраас дахиад төсөвт тодотгол хийх шаардлага гарах вий. Бензин, шатахуун нэмэгдсэн гэдэг үндэслэлээр бараа, материалынх нь үнэ ханш өсөөд, хөрөнгө оруулалтын зарим ажлуудыг эргэж шаардлагатай болбол яах вэ. Үүнийгээ зөв тооцсон уу” гэдэг асуудлыг хөндөж байв.