Улсын төсөвт 2010 оны нэгдүгээр сард улсын төсөвт импортын барааны татварын орлогоор 29,1 тэрбум төгрөгийн орлого төвлөрч байсан бол 2011 оны нэгдүгээр сард 69,3 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин нэмэгдсэн байна. 2012 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 109,1 тэрбум төгрөгийн орлого импортын татварын орлогоор төвлөрсөн нь өмнөх 2011 оны мөн үеийнхээс 1,6 дахин өссөн байна. Иймд 2012 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 115.4 тэрбум төгрөгөөр, гаалийн албан татварын орлого 49.9 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэх хандлагатай байгааг Сангийн сайд танилцууллаа.
Зарлагын хувьд Монгол Улсын 2012 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсөвт төсвийн байгууллагын албан хаагчдын цалинг дөрөвдүгээр сарын 1, аравдугаар сарын 1-ний өдрөөс хоёр үе шаттай нэмэгдүүлэхээр, Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим төрлийн тэтгэмжийг гуравдугаар сарын 1, тавдугаар сарын 1-ний өдрөөс тус тус нэмэгдүүлэхээр тусгасан байна.
Төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим төрлийн тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх хугацааг хоёрдугаар сарын 1, тавдугаар сарын 1-ний өдөр байхаар наашлуулан тогтооход улсын төсөвт нийт 161,5 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын сангийн төсөвт 13,9 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт 8,8 тэрбум төгрөг нэмж шаардагдаж байгаа аж.
Нэмэгдэх зардлыг дотор нь нарийвчлан авч үзвэл:
- Цалингийн нэмэгдэл болон нийгмийн даатгалын шимтгэлд 157,8 тэрбум,
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэрт 11,1 тэрбум,
- Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр болон зарим тэтгэмжид 1,8 тэрбум,
- Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу нэмэгдэх 1,4 тэрбум төгрөг,
- Улсын төсвөөс Нийгмийн даатгалын санд олгох татааст 7,2 тэрбум төгрөг
- Улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох татааст таван тэрбум төгрөг тус тус нэмж шаардагдана гэж төсвийн толотголд тусгажээ.
Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулиар Тэргүүн шадар сайдын төсвийн багцад нийт 48,5 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд үүнээс 32,7 тэрбум төгрөг урсгал зардалд, 15,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардалд тусгагдсан байна.
Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж Тэргүүн шадар сайдгүй болсон тул Тэргүүн шадар сайдын төсвийн багцаас Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн багцад 26,3 тэрбум төгрөгийн урсгал зардал, 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг, Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцад 6,4 тэрбум төгрөгийн урсгал зардал, 13,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг тус тус шилжүүлэхээр болжээ.
Төсвийн тэнцэл, эх үүсвэрийн хувьд Монгол Улсын 2011 оны урьдчилсан гүйцэтгэл, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдэд гарч буй өөрчлөлтүүд, УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 177.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж зургаан их наяд 3,6 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 158,3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж зургаан их наяд 467.7 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон нийт тэнцэл 464,1 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий гурван хувьтай тэнцэхээр гарчээ.
Төсвийн тодотгол хэлэлцэхэд МАН-ын бүлгийн гишүүд төсвийн байгууллагын цалин тэтгэврийг нэмэхийг дэмжиж, АН-ын бүлгийнхэн болгоомжтой нэмэхгүй бол гадна талд болж буй эдийн засгийн хямралын хөлд Монголын эдийн засаг нуран унаж болохыг сэрэмжлүүлж мэтгэлцсэний эцэст МАН-ын гишүүн давамгай байнгын хороогоор төсвийн тодотголыг дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.
Үүний дараа Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Түүгээр Монгол Улсын нийт иргэнд Тавантолгойн хувьцааны 20 хувийг үнэ төлбөргүй эзэмшүүлэх, хувьцаагаа авахгүй иргэд хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах, үндэсний аж ахуйн нэгжүүд хувьцаанаас сайн дураараа нэрдэсэн үнээр худалдан авах талаар тусгаад байгаа юм. Харин нэг сая төгрөгөө ХҮний хөгжлийн сангаас бэлнээр авсан өнлөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хоёр удаа таван зуун мянга, нийт нэг сая төгрөгийг сургалтын зардалдаа авсан оюутнуудад Тавантолгойн хувьцаанаас олгохгүй байж магадгүй болоод байгаа аж.
Асуудлыг хэрхэн зохицуулахыг Засгийн газар шийдэх бөгөөд хувьцааны нэрлэсэн үнийг хараахан тогтоогоогүй байгаа юм.
Байнгын хорооны хурлаар мөн даргын сонгууль болж УИХ-ын гишүүн Д.Зоригтыг чөлөөлөн гишүүн Р.Будыг сонголоо. Төсвийн байнгын хорооны дэргэдэх Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих дэд хорооны даргаар гишүүн Д.Дамба-Очирыг сонгосноор байнгйн хорооны хуралдаан өндөрлөв.