Иймээс төсөлд ирэх бүтээлүүдийг хүүхдэд зориулсан драмын болон хүүхэлдэйн жүжиг, шилдэг дууны цомгийн төрөл, чөлөөт сэдэв гэсэн төрлийн дагуу тууривах ажээ. Үүнд, хүүхдэд зориулсан драмын жүжигт өнөө цагийн хүүхэд багачуудын бодол сэтгэхүйн нууц, амьдралын гүнд нэвтэрсэн чөлөөт сэдэв бүхий 60-90 минут үргэлжлэхүйц хэмжээний драмын жүжгийн зохиол бүтээл орох юм байна. Харин хүүхэлдэйн жүжигт сургуулийн өмнөх болон сургуулийн бага насныханд зориулсан, чөлөөт сэдэвтэй 10-20 минут үргэлжлэхүйц хэмжээний хүүхэлдэйн жүжгийн зохиолыг шалгаруулах нь ээ. Түүнчлэн, хүүхдийн дууны CD-нд мэргэжлийн түвшинд бичиж найруулсан 20-иос дээш дуутай цомгийн эх бэлтгэл, цомогт орсон дууны шүлэг, нот бүхий номын эхийн хамт ирүүлэн оролцох юм байна. Цомогт орох дуунууд нь хүүхдийн тодорхой насны ангилалд хамаарсан, үе үеийн шилдэг бүтээлүүд байх ёстой аж.
Шалгаруулалтад оролцогч нь дээрх бүтээлээ бүртгүүлэхдээ дор дурдсан материалыг бүрдүүлсэн байна. Үүнд, уралдаанд оролцохыг хүссэн албан бичиг, уран бүтээлийн дэлгэрэнгүй танилцуулга, төслийн багийн танилцуулга, бүтээл туурвих ажлын төсөв, төлөвлөгөө, хамтран ажилллах зохиогч нартай хийсэн гэрээ, бусад уран бүтээлчдийн бүтээлийг ашигласан бол зохиогчийн эрхийн гэрээ, бүтээл туурвисаны дараа нийтийн хүртээл болгох төсөв, төлөвлөгөөг хавсаргах хэрэгтэй юм байна.
Ирсэн бүтээлүүдийг БСШУ-ны сайдын томилсон орон тооны бус мэргэжлийн зөвлөл шүүн шалгаруулан шилдгүүдийг зарлах аж. Зарласан төрөл зүйлээр шаардлага хангасан бүтээл ирээгүй бол тухайн төрөл дээр шалгаруулалт хийх гэнэ. Харин шалгарсан бүтээлийг нийтийн хүртээл болгоход төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм байна.