Прокурор Б.Чимгээг алдаа гаргасан гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Прокурор Б.Чимгээг алдаа гаргасан гэж үзжээ

Одоогоос таван жилийн өмнө буюу 2007 онд үүссэн Д.Энхмандах гэх эмэгтэйд холбогдох залилангийн хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдэлгүй сунжирч байгаа юм. Уг хэргийн анхан шатны шүүх хурал  өнгөрсөн  оны есдүгээр сарын 22-ны өдөр болсон нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан. Д.Энхмандахын өмгөөлөгч О.Баасанхүү  уг хэрэгт хяналт тавьж буй Чингэлтэй дүүргийн хяналтын прокурор Б.Чимгээг мэргэжлийн алдаа гаргаж, ажилдаа хариуцлагагүй хандсан хэмээн Улсын ерөнхий прокурорын мэргэжлийн Зөвлөлд гомдол гаргаад байсан юм. Түүний гаргасан гомдол УЕПГ-ын мэргэжлийн зөвлөлөөс өнөөдөр хариу ирүүлжээ. Прокурор Б.Чимгээд арга хэмжээ авхуулах тухай албан бичигт “Прокурор Б.Чимгээ яллах дүгнэлт үйлдүүлэхээр ирүүлсэн хэргийг яллагдагчтай хамт аваагүйгээс хуульд заасан хугацаанд шүүхэд шилжүүлэх хугацаа алдан, улмаар мөрдөн байцаагчид даалган  үлдээснийг Эрүүгийн  байцаан шийтгэх хууль зөрчигдөхөд хүргэсэн. Хуульд заасан албан үүргээ хангалтгүй биелүүлж, хариуцлага алдсан зөрчил байх тул сахилгын дүрэмд заасны дагуу арга хэмжээ авхуулахаар холбогдох материалыг хүргүүллээ” гэжээ. Арга хэмжээ авхуулах тухай албан бичгийг Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Хууль цаазын итгэмжит зөвлөх З.Энхтөрд хаягласан байна.

Монгол Улсын Үндсэн Хуулийн 56.1, Прокурорын байгууллагын тухай хуулийн 12.1.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 30.1 дэх заалтуудад прокурорын чиг үүрэг нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, шүүх хуралдаанд яллах тал болон төрийг төлөөлж оролцох, цагдан хоригдож буй тохиолдолд  хяналт тавих чиг үүрэгтэй болохыг заасныг үндэслэн ийнхүү гомдол гаргасан байна.

Энэ хэрэг шийдэгдэхгүй байсаар тав дахь жилтэйгээ золгоод байгаа юм. Одоогоор хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад байгаа билээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж