Төсвийн тодотгол маргаантай байна

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Төсвийн тодотгол маргаантай байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж төсвийн тодотгол хэлэлцэж байна. Төсвийн байгууллагын ажилтнуудын цалин, өндөр настны тэтгэвэрийг нэмэх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Хүний хөгжлийн сангаас тус бүр нэг сая төгрөг олгохоос үүдэн хэрэгжээд ганцхан сар болж буй Улсын нэгдсэн төсвийн хуульд өөрчлөлт оруулахаар ийнхүү хэлэлцэж эхлээд байна.

Төсөвт тодотгол хийхийг МАН-ын бүлгийн гишүүд дэмжиж буй бол АН-ын бүлгийн гишүүд болон бие даагч гишүүн З.Алтай үүний эсрэг байр суурьтай байгаа юм. Гишүүн Я.Батсуурь “Сонгуулиас сонгуулийн хооронд ярьж, сэтгэж, амьдарч болохгүй. Дэлхийн эдийн засаг хүндэрч, хямрал нүүрлээд байхад цалин, тэтгэвэрийг бөөн бөөнөөр нэмж таарахгүй. УИХ-ын 2008 оны сонгуулиар намууд баахан юм амласан. Сонгуулийн дараа хямрал эхэлсэн. ОУВС монголчуудыг 2008 оноос сургамж авсангүй гэж шүүмжилж байна. Тэр илүү гарч байгаа мөнгийг төсвийн тогтвортой байдлын санд төвлөрүүлж хямралаас сэргийлэхэд зориулах ёстой. Одоо 343 тэрбум төгрөгийг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгоно. Дээр нь оюутны тэтгэлэг, иргэдийн 21 мянга гээд энэ их мөнгийг эдийн засаг яаж даах вэ. Инфляц явж өгнө. Төсвийн тодотголыг буцаая. Гэхдээ цалин нэмэхийг дэмжиж байна. Бөөнөөр биш аравдугаар сар хүртэл сар тутам гурваас таван хувь нэмэхэд болохгүй зүйл байхгүй” гэлээ. Гишүүн Д.Ганхуяг ч мөн ийм байр суурьтай байлаа. Гишүүн З.Алтай зөвхөн төсвийн ажилтны цалинг нэмээд хувийн хэвшлийг орхиж байгаа нь бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлж инфляцийг хөөрөгдөн өгэдгийг сануулсан юм. Төрийн албан хаагчдын тоо 210 мянга давсныг гишүүд хэлж байлаа.

Харин Сангийн сайд Д.Хаянхярваа төсвийн албан хаагч 151 мянга байгаагаас 5,1 мянга нь удирдах, 35 мянга нь захиргааны, үлдсэн нь үйлчилгээний ажилтан байгааг хэлж тэдний ард ар гэрийнхэн нь 700-800 мянган хүн байгаа гэсэн юм. Мөн хувийн хэвшлийг дэмжих зорилгоор Хоршооллыг дэмжих жил, өрхийг дэмжих жил зэргийг зарлаж, жижиг, дунд үйлдэрлэлийг дэмжих бодлого гаргаж буй, мөн Засгийн газар инфляц хөөрөгдөхгүй байх, гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой барих бодлого барина гэлээ.

Төсвийн тодотголын хэлэлцүүлэг маргаантай байна. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

                                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж