Монголчууд бид дотооддоо газрын тосоо боловсруулан хэрэглэж байлаа. Энэ түүх бол их холынх биш юм. Одоогоос 30-аад жилийн өмнө Сайншандад газрын тосын үйлдвэр ажиллаж, дотоодын хэрэгцээнийхээ 30 хувийг хангаж байжээ. Энэ үйлдвэрт инженерээр ажиллаж байсан доктор Ц.Багмидтай газрын тосны боловсруулах үйлдвэр дотооддоо байгуулах хэр боломжтой талаар ярилцлаа.
-Манайд шатахууны үнэ нэмэгдэнгүүт бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Үнэхээр үнэ огцом өсөх нь бодит шалтгаан мөн үү?
-Шатахууны үнэ 230-260 төгрөгөөр нэмэгдлээ гэж зарлангуут таксины үнэ 300, мах 100-200, талх хүртэл 50-100 төгрөгөөр нэмэгдлээ. Манай гадаа зардаг сүү 100 төгрөгөөр нэмэгдчихэж байгаа юм. Саяын шатахууны үнийн өсөлтөөс бараа бүтээгдэхүүн 20-30 төгрөгөөр нэмэгдэх учиртай. Худалдаачид далимдуулж үнээ хэт өсгөсөн. Үүнийг хянадаг зохицуулдаг газар байхгүй, бүх үнийг зах зээл өөрөө зохицуулна гээд л хаячихсан.
Миний бодлоор үнэ нэмэхгүйн эсрэг нөлөөлж чадах ганц газар нь Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах газар юм. Мөн нөөц бүрдүүлж түүнээсээ зах зээлд интервенц хийх арга байна. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газраас сар бүр шатахууны зах зээлийн байж болох үнийг зарлаж түүнээс давуулсан компаниудад хариуцлага хүлээлгэдэг болох нэг хувилбар ч байж болно.
-Уг нь манайх нефтийн үйлдвэртэй байсан гээ биз дээ?
-Тийм ээ. 1950-1970 онд Зүүнбаянд газрын тосоо олборлоод боловсруулж бензин, дизель түлш, мазут, кокс үйлдвэрлэдэг байсан. Тэр үеийн хэрэгцээнийхээ 25-30 хувийг хангадаг байв. Би тэр үйлдвэрт 1960-1970 онд ажиллаж байсан. Нефть боловсруулах анхны монгол инженер. Ер нь газрын тос боловсруулах ерөнхий зарчимд нэг их өөрчлөлт гараагүй. Тухайлбал, нэрдэг, хүнд үлдэгдлийг нь дулааны аргаар задалдаг процессыг одоо болтол ашигласаар байгаа. Гэхдээ орчин үеийн шаардлага хангасан шатахуун гаргаж авахын тулд шинэ катализаторт процесс, автомат удирдлага нэвтэрснээс дэвшил гарч байгаа. Үүний үр дүнд хуучин нэг тонн газрын тосноос 60 орчим хувийн шатахуун гаргадаг байсан бол одоо 95 хувьд хүрч байгаа.
-Монголд газрын тос боловсруулах үйлдвэр бариад ашиггүй, ер нь бага оврын тийм үйлдвэр дэлхийд байдаггүй гэж ярих эрдэмтэд байдаг. Үнэхээр тийм юм уу?
-Хими, техник, эдийн засаг, улс төрийн ухааны академийн хэсэг эрдэмтэд нийлж Монгол Улсын их хурал, Засгийн газарт хаягласан захидал бичсэн байна лээ. Би бодоход тэдний нэрийг өөр хүн ашигласан болов уу. Учир нь техникийн болон химийн ухааны эрдэмтэд бичсэн гэхэд итгэмээргүй юм билээ. Жишээ нь, Газрын тосны вакуум нэрлэгээр 90 хувь тунгалаг бүтээгдэхүүн гаргаж авна, бага хүчин чадлын вакуум нэрлэг гэж байдаггүй” гэсэн байсан. Зөвхөн вакуум нэрлэгээр л бензин, керосин, дизель түлш гарган авдаг юм бол бусад процесс хэрэггүй байх нь ээ. Манай Тамсагийн нефтийн вакуум нэрлэгийн 50 орчим хувь нь бензин, дизель, 25 хувь хүнд солярк, үлдэгдэл нь 25 хувь байна. Вакуум нэрлэг ямар ч хүчин чадалтай байж болно. Хамгийн энгийн жишээ гэхэд л вакуум системийг үнээ саах, хиам вакуумдах зэрэгт ч хэрэглэдэг шүү дээ.
Шатахууны хэрэглээ өндөртэй хөгжиж байгаа улс орон аль болох том хүчин чадлын газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахыг эрмэлздэг. Үүнийг нь үндэстэн дамжсан том компаниуд их дэмждэг. Гэхдээ хэрэглээний нягтрал багатай, өөрийн хязгаарлагдмал түүхий нефьттэй орон бага хүчин чадлын үйлдвэр байгуулах нь ашигтай юм. Манай хойд хөрш ОХУ газрын тосны асар их баялагтай боловч алслагдсан районыг хангах, орон нутгийн жижиг ордуудыг ашиглан шатахуун үйлдвэрлэдэг бага оврын боловсруулах үйлдвэр 80 гаруйг ажиллуулж байна. Орчин үед анхан шатны нэрлэгээс үлдсэн мазутыг дулааны болон уламжлалт бус аргаар задлан хөнгөн фракцийн гарцыг 70-80 хувь хүргэдэг хялбархан олон процесс үйлдвэрт нэвтэрч байна. Энэ нөхцөлд нэг тонн газрын тосны ялган авах бензин, керосин, дизелийн түлшний гарцыг 80 хувьд хүргэх боломж гарна. Харин үлдсэн 20 хувийн үлдэгдлийг зам барилгын батум болгон ашиглах боломжтой.
-Монголынхоо нөхцөлд газрын тос боловсруулах үйлдвэр барилаа гэхэд хэдэн төгрөг болон ямар хугацаа хэрэгтэй вэ?
-Бага хүчин чадлын үйлдвэрийн давуу тал нь 12-16 сарын хугацаанд бүрэн ашиглалтад орно. Хөрөнгө оруулалт бага, тухайлбал жилд 120 мянган тонн тос боловсруулах үйлдвэр орчин үеийн ханшаар 30-35 сая доллар байгаа. Хамгийн гол нь одоо манай улсад бүтээгдэхүүн хуваах гэрээгээр ногдож байгаа тосоо бүтээгдэхүүн болгох боломжтой болно.
-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах олон төсөл яригдаад байгаа. Тэднээс аль нь хэрэгжих боломжтой бол?
-Тийм ээ. Газрын тос боловсруулах нийтдээ 6-7 төсөл яригдаж зарим нь шав тавиад байгаа. Дорноговьд “Сод Монгол” групп жилдээ 1.5 сая тонн нефть боловсруулах үйлдвэрийн шав тавьсан. Түүхий эдээ Тамсаг, Зүүн-баянгаас хоолойн тээврээр авна гэсэн байсан.
“Монголсекю” компани Дарханы Хонгор суманд шав тавьсан. Эднийх жилд хоёр сая тонн тос боловсруулна гэсэн. Гэтэл түүхий эдээ эхлээд Казахстанаас авна гээд байсан, одоо болохоор ОХУ-аас авахаар ярьж байгаа. Оросын компани манайд түүхий тосоо өгөх сонирхол байх болов уу. Түүний оронд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ нийлүүлэх сонирхол нь давамгайлах болов уу даа.
Гурав дахь нь “Хэт” компани Дорнодод жилдээ 121 мянган тонн тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл юм. Эдний түүхий эд нь бэлэн, технологио сонгосон. Удаахь нь Зүүнбаянд MOG компани жилдээ 300 мянган тонн импортын тос боловсруулах үйлдвэр барих төсөл. Уг үйлдвэрт Оросын хөнгөн тос боловсруулж үлдсэн 40 хувьтай тэнцэх бага хүхэртэй мазутыг Хятадад гаргах төсөл юм. Үйлдвэр байгуулах зөвшөөрөл авсан боловч төсөл хэрэгжүүлэгчид алга болчихсон. Бодвол түүхий эдээ шийдвэрлэж чадахгүй байгаа байх. “М-oil” компанийн Рашаантад жилд 200 мянган тонн импортын тос боловсруулах төсөл бий. Төсөл түүхий эдээ шийдвэрлээгүй, техлогио бүрэн сонгоогүй байгаа. Нэлээд эрт буюу гурван жилийн өмнө яригдсан нэг төсөл бол “Сүбэр ойл” компанийн Зүүнбаянгийн тосыг боловсруулах жилдээ 50 мянган тонн тос боловсруулах хүчин чадалтай төсөл юм.Мөн Өмнөд Солонгосын нэг компани Чойрт газрын тос боловсруулах үйлдвэрийн зөвшөөрөл авсан байна лээ.
-Боловсруулах үйлдвэр барих хүртэл шатахууны үнийн хөөрөгдөл, хомсдолыг багасгах арга байхгүй юу?
-Юуны урьд төр өөрийн мэдэлдээ зохих нөөц бүрдүүлж түүгээрээ хэрэгцээтэй үед интервенц хийх арга байж болох юм. Харин нөөцийг яаж бүрдүүлэх вэ гэдэг нь сонин. Төрөөс төсөвтөө тодорхой хэмжээний мөнгө төсөвлөж түүгээрээ бүтээгдэхүүн импортлох. Бид газрын тос экспортлогч орон боллоо гээд өнгөрсөн онд зарлаад байсан. Бид 2011 оны байдлаар 300 гаруй мянган тонн тос экспортолсон байх. Түүний 26-30 орчим хувийг Монголын Засгийн газар захиран зарцуулах эрхтэй. Экспортлогч компаниас ноогдох тосоо мөнгөөр авахын оронд түүнтэй тэнцэх бүтээгдэхүүн авч нөөцөө бүрдүүлье.
300 мянган тонн тос экспортод гаргалаа гэж бодоход 60-70 хувьтай тэнцэх хэмжээний буюу 180-210 мянган тонн бүтээгдэхүүн авч болно. Энэ талаар газрын тосны газар санаачилгатай ажиллах хэрэгтэй. Эсвэл өөрт ногдох төсөвт нөөцлөөд хэрэгцээтэй үед экспортолж оронд нь бүтээгдэхүүн авч болно.
Ер нь бид өөрсдөө газрын тосоо боловсруулж эхэлсэн цагаас л шатахууны үнийн хөөрөгдлийг зогсоож чадна.
-Шатахууныг газрын тосноос өөр түүхий эдээс гарган авах боломж бий юү?
-Шатахууны оронд хэрэглэж болох түлшний төрөлд байгалийн хий, шингэрүүлсэн хий, спиртүүд, био түлш зэрэг ордог. Манайд байгалийн хийн нөөц байхгүй ч гэсэн нүүрсний метаны нөөц нэлээд бий. Нүүрсэнд ордог метан хийг сорон аваад шингэрүүлдэг технологи олон улсад нэвтэрсэн. Мөн дизелийн түлшний оронд биодизель түлш хэрэглэх боломжтой. Ургамлын тосыг метанолоор боловсруулж биодизель гарган авдаг. Метал, этилийн спиртийг автобензинд хольж хэрэглэдэг туршлага ч бий.
Нүүрсийг шууд шингэрүүлдэг орон бий. Иймээс бид туршилтын журмаар ч болов нэг сая тонн нүүрс боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай байна. Яриаг яаралтай бодит ажил болгоход төр анхаарлаа хандуулмаар байна.
-Манайд газрын тосны нөөц хэр их байдаг вэ?
-Их хэмжээний нөөц байхгүй гэж геологичид үздэг юм. Яагаад гэхээр газар хөдлөлтийн идэвхтэй үед манай газар хэрчигдсэн гэдэг. Бүхэл том талбай бага. Хэдэн км яваад л нэг зөрөөд, хэдэн км яваад л дахиж зөрөөд гэх мэт газар зөрж тогтсон байдаг юм байна. Ийм нөхцөлд Сибирь, Арабынх шиг их хэмжээний нөөц байхгүй. Энэ бол тодорхой. Харин одоогийн Тамсагийнх шиг ордууд бол бий. Нэг ордоос сая тн газрын тос олборлоод байх юм бол манайдаа бол хангалттай.
-Дотооддоо газрын тосны үйлдвэр баривал хангачих хэмжээний нөөц бий юм байна…
-Тамсагийн нефтийн нөөц 2015 онд сая тн хүрнэ гээд байгаа. Манай хэрэгцээ тэр үед сая гурав, дөрвөн зуун тонн болно биз. Тэгвэл дотоодынхоо 70 хувийг тэндээс хангаж болж байгаа биз дээ.
-Газрын тос боловсруулах үйлдвэр барина л гээд байдаг. Шийдвэр гаргагчид болон албаны хүмүүс танаас асууж зөвлөдөг үү?
-Ер нь УИХ-ын гишүүд үйлдвэр барина л гэж яриад байхаас мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө, яриаг авдаггүй байх. Зарим нь жижиг үйлдвэр ашиггүй гэнэ билээ гээд телевизэд ярилцлага өгч байна лээ. Ашигтай, ашиггүй гэдгийг хүний амаар бус тооцоо хийж үзээд ярьж баймаар.
Ер нь төр, хувийн нефть импортлогч компани аль алинд нь газрын тос боловсруулах үйлдвэр барих сонирхол алга. Ямаанд өгдөг 30 тэрбум, эсвэл УИХ-ын гишүүдэд зарцуулдаг 76 тэрбум төгрөгөөр бид жилдээ 200-300 мянган тонн тос боловсруулах чадалтай үйлдвэр барих бүрэн боломжтой байсан шүү дээ.