
Чуулга уулзалтын өмнөх бэлтэл ажлууд ерөнхийдөө гүйцсэн бөгөөд хоёрдугаар сарын 7,8-нд чуулганд оролцох гадаадын төлөөлөгчид сургалт хийсэн юм. Өнөөдрийн сургалтаар Германы “Wirtgen group” монголын нүүрс олборлолтын тухай болон өөрсдийн техник технологи нь монголд хэрэгжих боломжтой эсэх талаар хэлэлцлээ. Тэдний технологи буюу олборлолтын машин нь компьютерын программчлагдсан удирдлагатай бөгөөд үндсэндээ ил уурхайн комбайн аж. Энэ нь нүүрс, шохой, цемент олборлох боломжтой гэнэ. Энэ тухай тус группын Уул уурхайн хэлтсийн менежер Бернард Шиммтэй ярилцлаа.
-Танай групп өөрийн машинаар дэлхийн 55 салбар улс орондоо олборлолт хийхдээ нөхөн сэргээлтийг хэрхэн хийдэг вэ?
-Олборлолт гэдэг нь, ер нь уул уурхайн үйл ажиллагаа гээд байгаа нь хараар хэлбэл ухаж, зөөх л гэсэн үг л дээ. Харин ингэхдээ байгаль орчинд хор нөлөөгүй байлгах нь нэн тэргүүний шаардлага. Манай ил уурхайн комбайн нь тэсэлдэггүй машин. Хөрсөө өөрөө хуулна, өөр машин араас явахад замыг нь засаад өгдөг. Бас машин доороосоо ус цацдаг, энэ нь тоос манардаггүй. Ингээд бусад уул уурхайн хүнд даацийн машинуудыг бодвол байгаль хор нөлөөгүй машин гэж хэлж болохоор байна.
-Ер нь олборлолт хийх уурхайн төлөвлөлтийг яаж шийддэг вэ?
– Геологийн зураглалыг гол суурь болгодог. Ер нь бол уламжлалт аргаар геологийн судалгаа хийнэ. Хаана нь яг хад чулуу баялаг нь бийг судалж мэдсэний дараа төлөвлөнө. Тэрнээс биш ухаж ухаж мэддэг асуудал биш. Технологийн нэг дэвшил нь тэсэрдэг бодис, төхөөрөмж хэрэглэдэггүй.
-Бүх үйлдлийг нэгтгэсэн машин гэж түрүүн ярилаа. Машины удирдлагын хэсэг их сонирхол татлаа?
-Энэ нь сүүлийн үеийн дэвшилтэт технологиор компьютерийн програмчмлал юм. Үндсэндээ машины дотор талаас удирдаж буй хүн нь компьютерээр үйлдлийг заана.
-Coal Mongolia Чуулга уулзалтыг хэрхэн харж байна вэ. Монголд энэхүү ил уурхайн комбайныг нэвтрүүлэх үнэхээр боломжтой юу?
-Ер нь шохой, нүүрсний олборлолт хийхэд зориулагдсан машин учир монголд яг таарна гэж бодож байна. Байгалийн хор нөлөө багатай учир өнөө үед ялангуяа монголд уул уурхайн нөхөн сэргээлтийг онцлох шаардлагатай болсон байхад таарах байх гэсэн саналууд одоо яригдаж байна. Маргааш эхлэх чуулга уулзалтанд мөн энэ талаар цогцоор нь ярих бодолтой байгаа юм.