Улсын ерөнхий прокурор чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Улсын ерөнхий прокурор чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Эх сурвалжийн мэдээгээр Улсын ерөнхий прокурор М.Алтанхуяг өнөөдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт өгсөн байна. Өргөдлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав авсан гэх мэдээлэл ч бас байгаа юм. Одоогоор Улсын ерөнхий прокурор М.Алтанхуяг ямар үндэслэлээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь тодорхойгүй ч хуульд зааснаар гурван үндэслэл байдаг аж. Тодруулбал, Ерөнхий прокурор ажлын хариуцлага алдсан тохиолдолд, эрүүл мэндийн шалтгаанаар, гурав дахь үндэслэлд өөрөө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тохиолдолд Ерөнхийлөгч түүний хүсэлтийг хүлээн авч, ёсоор болгох ёстой аж.
Харин албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан М.Алтанхуяг прокурорын хувьд Улсын ерөнхий прокурорыг таван жил гаруй хугацаанд удирдсаныхаа дараа энэхүү өргөдлийг гаргажээ. Хуульд зааснаар зургаан жилийн хугацаатайгаар Улсын ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч санал болгосны дагуу УИХ-аар оруулж баталдаг юм.
Ямартай ч  өнгөрсөн өвлөөс эхлэн дуулиан тарьж, олны анхаарлыг татаж байсан “Улсын ерөнхий прокурор М.Алтанхуяг албан тушаалаасаа чөлөөлөгдөх нь” гэх мэдээлэл ийнхүү ёсоор болжээ. Үүнтэй зэрэгцээд орны хүнээр хэнийг томилох бол гэдэг бор шувуу ч Төрийн ордонд “нисч” эхлэв.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж